НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 5 сарын 22, Лхагва гараг
Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 19. Төлөв даруу
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Бид өнөөдөр үндсэн ба тэнгэрлэг эрдэм буянуудын тоонд ордоггүй боловч Христийн сүсэгтний амьдралын үндэс болсон төлөв даруу байдлын эрдэм буяныг авч үзнэ. Ийн бид эрдэм буяны тухай үргэлжилсэн хичээлээ өндөрлөх юм. Төлөв даруу байдал нь их зан хэмээх мөхлийн гэм нүглийн эсрэг байдаг. Бардамнал болон их зан зүрхийг хөөргөж, биднийг байгаагаас маань илүү санагдуулдаг бол төлөв даруу байдал бүхнийг зохистой зөв хэмжээнд нь аваачдаг. Хүмүүс бид гайхалтай боловч хязгаарлагдмал, янз бүрийн шинж чанар, дутагдалтай бүтээлүүд билээ. Библи эхнээсээ биднийг тоос шороо бөгөөд тоос шороондоо буцна гэдгийг сануулсаар ирсэн (Эхлэл 3:19). Үнэхээр л humble (даруу) хэмээх англи үг humus буюу газар шороо хэмээх латин үгнээс гаралтай. Гэвч өөрийгөө бүхнийг чадагч гэх аюултай дэмийрэл хүний зүрхэнд байнга үүсдэг бөгөөд энэ нь бидэнд маш их хор хөнөөлийг учруулдаг.
Их зангаас өөрсдийгөө ангижруулахад багахан л зүйл шаардлагатай. Дуулалд бичсэнчлэн, одтой тэнгэрийг эргэцүүлэн бодоход л бид өөрсдийн хэмжээг санах боломжтой: “Таны мутрын бүтээл тэнгэрсийг, Таны цогцлоон байгуулсан сар, оддыг би тунгаан бодму. Хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавьж, хүмүүн гэгч юу болоод Та түүнийг анхаарна вэ?” (Дуулал 8:3-4). Орчин үеийн шинжлэх ухаан бидний харах хүрээг өргөжүүлэн тэлж, эргэн тойрон, ертөнцийн нууцыг улам ихээр мэдрэх боломжийг олгосон билээ.
Өөрсдийнхөө өчүүхэн байдлыг ойлгож, зүрхэндээ санаж явдаг хүмүүс ерөөлтэй еэ! Тэд их зангийн муухай гаж буруугаас хамгаалагджээ. Есүс Жаргалангийн номлолоо тэднээр эхлүүлсэн: "Сүнсэндээ ядуус ерөөлтэй еэ! Тэнгэрийн хаанчлал тэднийх юм" (Матай 5:3). Энэ бол Жаргалангийн номлолын эхлэл бөгөөд, үндэс суурь нь юм. Номхон байдал, нигүүлсэл болон цэвэр ариун зүрх тэрхүү өчүүхэн байдлын дотоод мэдрэмжээс үүдэлтэй. Төлөв даруу байдал бол бүх эрдэм буянд хүрэх зам.
Сайн мэдээний айлдлын эхний хуудаснуудаас л төлөв даруу, сүнсэндээ ядуу байдал нь бүх зүйлийн эх сурвалж гэдэг нь харагддаг. Тэнгэр элч хэл мэдээгээ Иерусалим хотын үүдэнд биш, харин Галилын нэгэн алслагдсан тосгонд хүргэсэн шүү дээ. Тэрхүү тосгоныг хүмүүс "Назараас сайн юм гарч чадна гэж үү?" гэлцдэг байсан. (Иохан 1:46). Гэхдээ яг тэнд л дэлхий ертөнц шинээр төрсөн. Эрх танхи өссөн бяцхан хатантан биш, харин үл мэдэгдэх Мариа охин хэл мэдээг хүлээж авах нэгнээр сонгогдсон. Тэнгэр элч Тэнгэрбурханы хэл мэдээг авчрахад хамгийн түрүүнд гайхаж цочирдсон хүн нь Мариа. Тэр магтаал залбирлын дуундаа "Сэтгэл минь Эзэнийг дээдэлнэм, сүнс минь ч аврагч Тэнгэрбурхандаа баяслаа. Учир нь Тэрээр шивэгчнийхээ дарууг олж харсан билээ" хэмээсэн (Лук 1:46-48). Тэнгэрбурхан Мариагийн өчүүхэн байдалд татагдсан гэж хэлж болно. Тэр нь юу юунаас ч илүү өчүүхэн байдлын дотоод мэдрэмж билээ. Бид ч өчүүхэн гэдгээ хүлээн зөвшөөрөх үед Тэнгэрбурхан бидэнд татагддаг.
Тэнгэр элчийн хэл мэдээг хүлээн авсан цагаас эхлээд л Мариа олны анхаарлыг өөртөө татахаас сэрэмжилж байсан. Тэр даруйхан үеэлдээ очиж үйлчлэх шийдвэрийг гаргасан билээ. Мариа уулархаг нутгийг зорин Иудагийн нэгэн хот уруу яаран явж Елизабет дээр очдог. Тэр жирэмсний сүүлийн саруудад нь Елизабетэд тусалж байв. Мариагийн энэ үйлдлийг нь Тэнгэрбурханаас өөр хэн ч хараагүй. Цэвэр охин тэрхүү нуугдмал байдлаас гарахыг хүсээгүй бололтой. Цугласан олны дундаас нэгэн эмэгтэй хүн "Таныг тээсэн хэвлий, Таныг хөхүүлсэн хөх нь ерөөлтэй еэ!" (Лук 11:27) гэхэд Есүс тэр даруй: “Тэнгэрбурханы үгийг сонсоод сахигчид нь илүү ерөөлтэй еэ” гэж хариулсан шүү дээ (Лук 11:28). Мариагийн амьдралын хамгийн ариун нандин үнэн болох Тэнгэрбурханы эх гэдгээрээ тэр хүмүүсийн өмнө сайрхаагүй. Гадаад төрхийг чухалчилж, бусдаас илүү гэдгээ харуулах гэсэн хүчин чармайлтаар дүүрэн энэ ертөнцөд Мариа зөвхөн Тэнгэрбурханы нигүүлслийн хүчээр тэс өөр замаар шийдмэг алхсан билээ.
Түүний амьдралд ч хэцүү мөчүүд, түнэр харанхуйд итгэлээ хадгалсан өдрүүд байсан л байх. Гэвч тэдгээр нь Мариагийн төлөв даруу байдлыг хэзээ ч ганхуулаагүй юм. Төлөв даруу байдлын эрдэм буян Мариа дотор бат бэх тогтсон байлаа. Төлөв даруу байдал бол боржин чулуу мэт хатуу эрдэм буян гэдгийг би онцлон тэмдэглэмээр байна. Мариагийн тухай бодоцгооё л доо: тэр үргэлж жижиг, амбицгүй, өөрийгөө чухалчилдаггүй нэгэн хэвээр үлдсэн. Мариагийн өчүүхэн байдал нь түүний мөхөшгүй хүч байв. Ялгуусан Мессиагийн талаарх хүмүүсийн төсөөлөл нуран унах үед ч Мариа загалмайн хөлд зогссоор байсан. Есүстэй ганц цаг ч сэргэг байж чадаагүй, хэцүү цаг ирэхэд Түүнийг орхисон шавь нарыг нь Ариун сүнс буун ирэхээс өмнө Мариа цуглуулж байсан билээ.
Ахан дүүс ээ, төлөв даруу байдал бол бүх юм. Тэр биднийг Хорон муу Нэгнээс, түүний хамсаатан болох аюулаас авардаг. Төлөв даруу байдал бол дэлхий дээрх болон Сүм доторх амар амгалангийн эх сурвалж. Даруу төлөв чанар үгүй газар дайн, зөрчилдөөн, хуваагдал үүсдэг. Тэнгэрбурхан бидний аврал, аз жаргалын төлөө Есүс, Мариа хоёроор дамжуулан даруу төлөв байдлыг үлгэрлэж өгсөн билээ. Төлөв даруу байдал бол авралд хүрэх зам мөн. Баярлалаа!
Тусгай мэндчилгээ
Өнөөдөр энд ирсэн хүмүүс, ялангуяа Өмнөд Африк, Хонконг, Энэтхэг, Өмнөд Солонгос, Филиппин, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочдод халуун мэндчилгээ дэвшүүлье. Би та нар болон танай гэр бүлийнхэнд бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг залбиран гуйж байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!
Бүгдээрээ энх тайвны төлөө залбирцгаая. Дэлхий дайнтай байна. Бидэнд энх тайван хэрэгтэй. Маш их зовж шаналж буй Украйнчуудын зовлон зүдүүрийг, Палестин, Израил, мөн Мьянмарыг бид мартаж болохгүй. Дайн дажин зогсох болтугай. Дайтаж буй олон улс орон байгааг үргэлж санацгаая. Ахан дүүс ээ, дэлхий даяар дайн болж буй энэ үед бид энх тайвны төлөө залбирах ёстой.
Ариун Эцэгийн үгсийн хураангуй
Өнөөдөр бид Тэнгэрбурханы бүтээлүүд гэдгээ хүлээн зөвшөөрч, үүнийхээ дагуу амьдрахад хүргэдэг төлөв даруу байдлын эрдэм буяны талаар эргэцүүлнэ. Ингэснээр бид эрдэм буяны тухай цуврал хичээлээ өндөрлөх юм. Төлөв даруу байдал нь бусад эрдэм буянд хүргэдэг бөгөөд сүнсэндээ ядуу байдлын хамтаар Жаргалангийн номлолын эхлэл болдог. Үүнийг бид Цэвэр охин Мариагийн амьдралаас тодорхой харах боломжтой. Түүний даруу байдал нь зөвхөн Эзэний тааллыг баяртайгаар хүлээн авснаас нь төдийгүй, үеэл Элизабетаа энэрэн хайрласнаас нь, загалмайн дор тэсвэртэй байснаас нь, мөн дээд өрөөнд элч нарын хамт Ариун Сүнсийг хүлээн залбирч байснаас нь харагддаг. Мариагийн үлгэр жишээ, хүчтэй уламжлал гуйлтууд бидэнд бардамналын уруу таталтыг даван туулж, Есүсийн мөрөөр даруухнаар алхахад, мөн Түүний Хаанчлалын баяр баясгалан, амар амгаланг гэрчлэхэд туслах болтугай.