АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 6 сарын 2, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдөр Италид болон бусад улсуудад Христийн Туйлын Эрдэнэт Бие ба Цус хэмээх Их баярыг тэмдэглэж байна. Өнөөдрийн мөргөлийн Сайн мэдээний айлдал Сүүлчийн зоогийн тухай бидэнд өгүүллээ (Марк 14:12-26). Энэ үеэр Эзэн шавь нартаа өөрийгөө өгсөн. Тэр тэдэнд хувааж өгсөн талх, дарсаараа дамжуулан дэлхий нийт, хүн төрөлхтний төлөө Өөрийгөө өргөсөн юм.

Талх хувааж буй Есүсийн тэрхүү үйлдлийг Сайн мэдээний айлдалд "тэр талхыг шавь нартаа өгсөн" (ишлэл 22) хэмээх үгсээр онцлон тэмдэглэсэн байдаг. Тэр талхыг шавь нартаа өгсөн хэмээх үгсийг зүрхэндээ хадгалж авцгаая. Эдгээр үгс бидэнд Эвхарист бол юун түрүүнд бэлэг юм гэдгийг сануулж байна. Есүс талхыг өөрөө идэхийн тулд бус, харин хувааж шавь нартаа өгөхийн тулд авсан билээ. Ингэснээрээ Тэр Өөрийн мөн чанар болон зорилгыг илчилжээ. Тэрээр амийг өөртөө үлдээгээгүй, бидэнд өгсөн. Есүс Тэнгэрбурхан гэдгээрээ Өөрийгөө нандигнаж хадгалаагүй, харин бидэнд мөнх амьдрах боломжийг олгохын тулд Өөрийн алдрыг таягдан хаяж бидэнтэй адил хүн болсон юм (Филиппой 2:1-11). Түүний бүхий л амьдрал бэлэг байв. Есүс бүх амьдралаа бидэнд бэлэг болгон өгсөн.

Тиймээс Ням гарагт Талархал магтаалын мөргөл үйлдэж, Талх иддэг маань амьдралаас хол хөндий магтаалын зан үйл, эсвэл хувь хүнд тайвшрал авчирдаг цаг төдийхөн биш гэдгийг ойлгож авцгаая. Есүс талхыг авч, хувааж, шавь нартаа өгсөн. Түүнтэй нэгдсэн бид ч гэсэн өөрсдийгөө болон өөрт байгаа зүйлсээ бусадтай хуваалцах чадвартай буюу бусдын төлөө талх болох чадвартай болдог гэдгийг үргэлж санах ёстой. Агуу Лео Гэгээнтэн: "Христийн бие ба цустай нэгдэх нь биднийг Түүнтэй адил болгоход хүргэдэг" хэмээсэн (Sermon XII on the Passion, 7).

Ахан дүүс ээ, бид хүртэж буй Талхтайгаа нэгдэн ижилсэх учиртай. Бид ‘Эвхаристын” хүмүүс болохоор дуудагдсан. Энэ нь зөвхөн өөрсдийнхөө төлөө амьдрахаа болихыг хэлнэ (Ром 14:7). Бид эзэмшиж, ашиглах гэсэн бус, харин өөрийнхөө амьдралыг бусдын төлөө бэлэг болгон өгч чаддаг хүмүүс болох дуудлагатай. Эвхаристийн ачаар бид шинэ ертөнцийн бүтээгчид болон зөнч нар болцгоодог. Хувиа хичээсэн үзлийг ялан дийлж, хайранд өөрсдийгөө нээж, ахан дүүсийн холбоог бэхжүүлж, тэднийхээ зовлон зүдүүрийг хуваалцаж, хэрэгцээтэй үед нь талх, нөөц баялгаараа туслан бүх авьяас чадвараа дайчлах үед бид Есүс шиг амийн талхыг бусдад хувааж өгч байдаг билээ.

Ахан дүүс ээ, өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Би амьдралаа зөвхөн өөртөө зориулж байна уу, эсвэл Есүс шиг бусдад өгч байна уу? Би бусдын төлөө амьдралаа зарцуулж байна уу, эсвэл өчүүхэн орон зайдаа өөрийгөө бусдаас тусгаарлаж орхисон байна уу? Мөн өдөр тутмын амьдралдаа би аливаа юмыг бусадтай хуваалцаж чадаж байна уу, эсвэл үргэлж өөрийн ашиг сонирхлыг л эрэлхийлж байна уу?

Тэнгэрээс бууж ирсэн талх болох Есүсийг хүлээн авч, Түүнтэй хамт өөрийн амьдралаа бүхэлд нь өргөсөн Цэвэр охин Мариа биднийг Эвхаристаар дамжуулан Есүстэй нэгдэж, эргэн тойрондоо хайрын бэлэг болон амьдрахад туслах болтугай.

 

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ,

Жил гаруйн хугацаанд дайн үргэлжилж буй, энхийн шийдлийг хараахан олоогүй байгаа Судан улсын төлөө залбирахыг би та бүхнээс хүсье. Зэвсгийн дуу намдаж, орон нутгийн эрх баригчид болон олон улсын тусламжтайгаар Судан улсын хүн ам, дүрвэгч нарт тусламж хүрэх болтугай. Хөрш орнууд нь Суданы дүрвэгсдийг найрсгаар хүлээн авч, хамгаалалтдаа авах болтугай.

Зовж шаналж буй Украин, Палестин, Израил, Мьянмар улсуудыг бид мартаж болохгүй. Эдгээр улсуудын удирдагчид мэргэн ухаанаар хурцадмал байдлыг зогсоож, яриа хэлэлцээр хийхэд бүх чадлаа дайчилна хэмээн найдаж байна.

Ром хот, Италийн бусад хэсэг болон дэлхийн янз бүрийн бүс нутгаас ирсэн мөргөлчид, ялангуяа Хорват, Мадридаас ирсэн хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Беллиззи, Иглесиас тосгодын сүсэгтнүүд, Кучиагогийн "Луижи Падовезе" соёлын төв, "Daughters of the Oratory" бүлгэмд нэгдэхээр бэлтгэгдэж буй хүмүүс, "Жийж чадахгүй нэгнийхээ төлөө жий" бүлгийн Фаензагаас Ром руу унадаг дугуйгаар ирсэн хүмүүст мэндчилгээ дэвшүүлье.

Мөн Иммаколата бүлгийн залууст энэ өдрийн мэнд хүргэе.

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

02 June 2024, 17:43

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >