АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 7 сарын 28, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн мөргөлийн Сайн мэдээний айлдал бидэнд талх болон загасны гайхамшгийн талаар өгүүллээ (Иохан 6:1-15). Тэрхүү гайхамшиг буюу тэмдэг гурван үйлдлээр үйлдэгдсэн нь өргөх, талархах, хуваалцах үйлдлүүд байв. Есүс Сүүлчийн оройн зоог дээр ч тэдгээрийг үйлдсэн билээ.

Эхний үйлдэл нь өргөл байв. Айлдалд таван талх, хоёр загастай хүүгийн талаар өгүүлсэн (Иохан 6:9). Өргөл гэдэг нь бидэнд бусдад өгч чадах сайн зүйл бий гэдгийг хүлээн зөвшөөрч, байгаа зүйл маань хэрэгцээг бүрэн хангаж хүрэхээргүй байсан ч Тэнгэрбурханд "за" гэж хариулахыг хэлнэ. Мөргөлийн үеэр санваартан тахилын ширээн дээр талх, дарсыг өргөдөг бол, сүсэгтэн бүр өөрсдийн амьдралыг Тэнгэрбурханд өргөдөг билээ. Мянга мянган хүнийг таван талх, хоёр загасаар хооллоно гэдэг боломжгүй мэт санагддагтай адил мөргөлийн үеэрх бидний өргөл хүн төрөлхтний асар их хэрэгцээг хангахад хэт бага мэт санагдаж болно. Гэвч Тэнгэрбурхан өргөлийг маань ашиглан хамгийн агуу гайхамшгийг үйлддэг. Тэрхүү гайхамшиг нь ертөнцийн авралын төлөө Тэр өөрөө бидний дунд оршсон явдал юм.

Үүнээс бид хоёр дахь үйлдэл болох талархлыг ойлгож болно (Иохан 6:11). Өргөлийн дараа бид талархал илэрхийлдэг. Энэ нь даруухан боловч баяр баясгалантайгаар: “Эзэн минь, надад байгаа бүх зүйл Таны хайрласан бэлэг билээ. Надад өгсөн зүйлс дээр тань би өөрөө өчүүхэн зүйлсийг нэмээд Хүү Есүс Христийн тань хамтаар танд талархлаа илэрхийлье" хэмээн Эзэнд хэлэх явдал. Бид бүгд өөрсдийн чадлаараа багахан зүйлсийг нэмэрлэх боломжтой. Би Эзэнд юу өгч чадах вэ, ямар жижиг зүйлийг нэмэрлэж чадах вэ хэмээн бодоход "Эзэн, би танд хайртай" хэмээх хэврэгхэн хайр минь л байх аж. Хөөрхийлөлтэй бидний хайр маш өчүүхэн. Гэвч бид түүнийгээ Эзэнд өгч чадах бөгөөд Эзэн түүнийг маань сайшаадаг. Өргөл, талархлын дараа хуваалцал явагдана. Мөргөлийн үеэр бид хамтдаа тахилын ширээнд ойртож, Христийн Бие ба Цусыг хүлээн авч Тэнгэрбурхантай нэгддэг. Бидний өргөсөн бэлэгсийн үр жимсийг Эзэн бүхний төлөө хоол болгон хувиргана. Хайрын үйлдэл бүр хишиг ивээлийн бэлэг гэдгийг өгч буй болон хүлээн авч буй хүмүүст Нэгдлийн мөч сургадаг. 

Ахан дүүс ээ, өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Тэнгэрбурханы хишиг ивээлээр би ах дүү нартаа өгөх онцгой зүйлтэй хүн шүү гэдэгтээ итгэл дүүрэн явдаг билүү? Эсвэл өөрийгөө “олны дундах бусадтай л ижил нэгэн” гэж боддог уу? Би сайн зүйлийг идэвхтэйгээр бусдад өгдөг билүү? Эзэний хайрын илэрхийлэл болсон бэлгүүдэд би талархдаг уу? Харилцан бие биеэ сайжруулахын тулд би бусадтай байгаа зүйлсээ хуваалцаж, тэднээс Тэнгэрбурханыг олж хардаг билүү?

Эвхарист бүрийг итгэл дүүрэн тэмдэглэж, Тэнгэрбурханы ивээлийн "гайхамшгийг" өдөр бүр таньж мэдрэхэд Цэвэр охин Мариа бидэнд туслах болтугай.

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ, Этиопын өмнөд хэсэгт хөрсний нуралтаас болж амь үрэгдсэн тосгоны иргэдийн төлөө би залбирч байгаа. Тэрхүү хүнд сорилтод өртсөн хүмүүс болон тэдэнд тусалж буй хүмүүс бүгд миний сэтгэл зүрхэнд ойр байна.

Дэлхий дээр гамшиг, өлсгөлөнд нэрвэгдсэн олон хүн байгаа ч хүмүүс том жижиг дайнуудыг өдөөж зэвсгийн үйлдвэрлэл, борлуулалтад нөөцөө үрсээр байна. Энэ бол олон улсын тэвчиж болшгүй, эгдүүцэл төрүүлсэн үйлдэл. Энэ нь  саяхан эхэлсэн Олимпын наадмын ахан дүүсийн нөхөрлөлийн үзэл санаатай зөрчилдөж байна. Ахан дүүс ээ, дайн бол ялагдал гэдгийг бид мартаж болохгүй!

Өнөөдөр бид Өвөө эмээ, ахмад настны дэлхийн өдрийг “Хөгшрөх үед минь намайг бүү орхиоч” (Дуулал 71:9) гэсэн сэдвээр тэмдэглэж байна. Ахмад настнууд орхигдож буй нь үнэхээр гунигтай явдал бөгөөд үүнд бид дасах ёсгүй. Ялангуяа зуны энэ өдрүүдэд ганцаардал гэдэг ихэнх өндөр настны хувьд даахад хүнд ачаа болдог. “Намайг битгий орхиоч!” гэх өндөр настны дуу хоолойнд “Би таныг орхихгүй ээ!” хэмээн хариулахыг энэ өдөр уриалж байна. Өвөө эмээ, ач зээ хоорондын харилцаа, залуучууд, хөгшчүүдийн холбоог бэхжүүлцгээе. Ахмад настнуудын ганцаардалд "үгүй" гэж хэлцгээе! Бидний ирээдүй өвөө, эмээ нар ач зээ нартайгаа хамт амьдарч сурахаас ихээхэн шалтгаална. Ахмад настнуудаа мартаж болохгүй! Өвөө эмээ нартаа зориулан алга ташицгаая!

Ром хотын иргэд, Итали улсын бусад хэсэг болон дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ялангуяа Католик шашны төлөөлөгчдийн холбооны ерөнхий конгресст оролцогч нар болон Болоньягийн католик шашинтай залуучууд, Мантуа тосгоны шашны хүрээний Ривьера дель По-Сермидийн пасторал ажилтнууд; Веронагийн шашны хүрээний 18 настай залуусын бүлэг; Кварту Сант'Еленагийн "Карло Акутис" бүлгэмийн дүрс бүтээгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе.

Трастевере дахь Мадонна дель Карминий баярт оролцож буй хүмүүст мэндчилгээ дэвшүүлье. Голоос олдсон Мариа эхийг хүндэтгэх ёслол Тибер голын эрэг дээр өнөө орой болно. Өдөр тутмын амьдралдаа хэрхэн Сайн мэдээний дагуу амьдрахыг Ээж Мариагаас суралцацгаая! Би сонсогчдын дуулахыг сонссон... Дараа тэр дууг дахин сонсмоор байна!

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

28 July 2024, 15:41

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >