АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 8 сарын 4, Ням гараг

Өнөөдрийн Сайн мэдээний айлдалд Есүс талх, загасны гайхамшгийг үйлдсэний дараа болсон үйл явдлыг дүрсэлжээ. Есүс өөрийг нь хайж очсон хүмүүсээс тэрхүү гайхамшгийг эргэцүүлэн бодож утгыг нь ойлгохыг хүссэн (Иохан 6:24-35).

Тэдгээр хүмүүс хуваасан хоолноос идсэн бөгөөд, багахан хүнсээр бүх хүнийг хооллож болдгийг харсан билээ. Өөрт байгаа зүйлээ бусдад өгсөн хүүгийн өгөөмөр сэтгэл болон эр зоригийн ачаар тэд бүгд цадсан (Иохан 6:1-13). Үүнээс дараах санаа тодорхой харагдана. Хүн бүр өөрт байгаа зүйлээ бусдад өгвөл, Тэнгэрбурханы тусламжтайгаар багахан зүйлээс ч хүн бүр хувь хүртэх боломжтой болдог. Үүнийг бүү мартаарай.

[Хурсан олон] харин Есүсийг ойлгоогүй. Тэд Есүсийг ямар нэг илбэчин байх гэж эндүү бодсон ба, ид шид мэт гайхамшгаа давтах болов уу хэмээх найдлагатайгаар түүнийг хайж очсон (эшлэл 26).

Тэд гайхамшигт тэрхүү үйл явдлыг үзэж туулсан атлаа ач холбогдлыг нь ойлгоогүй аж. Хүмүүс анхаарлаа зөвхөн талх, загасанд буюу тэр даруй идээд л дуусах хоолонд төвлөрүүлжээ. Эцэг тэдний өлсгөлөнг дарах зуураа илүү чухал зүйлийг илчилсэн гэдгийг тэд мэдсэнгүй. Эцэг тэдэнд юуг илчилсэн бэ гэвэл, мөнх амьдралын зам болон үүрд цатгах талхны амтыг илчилсэн юм. Жинхэнэ талх бол махбод болон бидэнд ирсэн (эшлэл 35) Эцэгийн хайрт Хүү Есүс билээ. Есүс биднийг Тэнгэрбурхантай болон ахан дүүстэйгээ бүрэн нэгдэхийн баяр баясгаланд хөтлөхийн тулд бидэнтэй адил ядуу нэгэн болж ирсэн (Иохан 3:16).

Материаллаг зүйл амьдралыг бүрэн дүүрэн болгодоггүй. Тэд биднийг урагшлахад тусалдаг чухал зүйлс мөн боловч хүмүүс зөвхөн материаллаг зүйлсэд сэтгэл ханадаггүй билээ. Зөвхөн хайр л биднийг дүүргэж чаддаг (Иохан 6:35). Иймд бид өөртөө ямар нэг зүйлийг нөөлгүй, харин бүхнээ бусадтай хуваалцдаг энэрэл хайрын замыг сонгох ёстой. Энэрэл хайр бүхий л зүйлээ бусадтай хуваалцдаг.

Үүнийг гэр бүлийн хүрээнд ч харж болно. Хүүхдүүдээ сайн сайхан өсгөж, ирээдүйд нь үлдээх зүйлтэй байхын төлөө насан туршдаа хөдөлмөрлөдөг эцэг эхчүүдийг авч үзье. Хүүхдүүд нь эцэг эхийнхээ тэрхүү зүтгэлийг ойлгон талархаж, ахан дүүс бие биедээ дэмтэй явах хэчнээн сайхан билээ! Нөгөөтээгүүр нэг гэрийн хүүхдүүд өв залгамжилсан хөрөнгийн төлөө тэмцэлдэн маргалдаж, түүнээсээ улбаалан олон жил хоорондоо дуугарахаа больсон тохиолдлыг би олонтоо харж байсан. Энэ хэчнээн гунигтай гээч! Аав ээжийн хүүхдүүддээ үлдээдэг хамгийн нандин өв бол мөнгө биш, харин хайр байдаг. Тэнгэрбурханы биднийг хайрладаг хайрын адилаар эцэг эхчүүд хүүхдүүддээ байгаа бүхнээ зориулдаг. Ингэснээрээ тэд хүүхдүүдээ хайрлах аргад сургадаг.

Тэгвэл өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Би материаллаг зүйлсэд хэрхэн ханддаг вэ? Би тэдний боол болчихсон явна уу, эсвэл тэднээр дамжуулан хайрыг өгч, хүлээн авдаг уу? Би авсан бэлгэсийнхээ хариуд Тэнгэрбурханд болон ах дүү нартаа “баярлалаа” хэмээн талархаж чаддаг билүү? Мөн өөрт байгаа зүйлсээ бусадтай хуваалцаж мэддэг билүү?

Бүхий л амьдралаа Есүст зориулсан Мариа эх бидэнд бүх юмыг хайрын илэрхийлэл болгох арга замыг зааж өгөх болтугай.

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ, өнгөрсөн баасан гарагт Ливаны Бкерке хотод Эстефан Эль Дуайхи эцгийг Төгс жаргалт хэмээн өргөмжилсөн. Тэрээр 1670-1704 оны хавчлагын хүнд хэцүү үед Маронитын сүмийг мэргэнээр удирдаж байсан билээ. Итгэл бишрэлийн багш, халамжит пастор тэрээр хүмүүстээ үргэлж ойр найдварын гэрч байсан. Өдгөө ч Ливаны ард түмэн маш ихээр зовж шаналж буй! Тэр дундаа Бейрутын боомтод болсон дэлбэрэлтэд амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг би сэтгэлдээ тээж яваа. Шударга ёс, үнэн удахгүй тогтоно хэмээн би найдаж байна. Саяхан Төгс жаргалт хэмээн өргөмжлөгдсөн эцэг Эстефан Ливан дахь Сүмийн итгэл найдварыг дэмжиж, Ливаны эрхэм ард түмний төлөө залбирч өгөх болтугай. Шинээр Төгс Жаргалт хэмээн өргөмжлөгдсөн түүнд зориулан алга ташицгаая!

Ойрх Дорнодод болж буй үйл явдлуудын талаарх мэдээг би сэтгэл түгшин сонсож байгаа. Аймшигт цуст хүчирхийлэл бүхий мөргөлдөөн цаашид бүү газар аваасай гэж би найдаж байна. Бүх хохирогч, тэр дундаа гэм зэмгүй хүүхдүүдийн төлөө би залбирч байгаа. Ариун нандин газар дахь Друзэ бүлгэмийн хүмүүс болон Палестин, Израил, Ливаны ард түмэн миний сэтгэлд ойр буйг хэлмээр байна. Мөн Мьянмар улсыг бид мартаж болохгүй. Газын зурваст болон дайнтай бүх газарт нэн даруй галыг зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг суллаж, хүмүүнлэгийн тусламж илгээхийн тулд яриа хэлэлцээг сэргээх зориг гаргацгаая. Аль ч төрлийн халдлага, аллагууд хэзээ ч үр дүнтэй шийдэл болж чаддаггүй. Тэдгээр нь шударга ёс, энх тайвны замаар алхахад бидэнд тусалдаггүй, харин ч улам их үзэн ядалт, өс хонзонг бий болгодог. Тиймээс хангалттай, ахан дүүс ээ! Хангалттай! Амар амгалангийн Тэнгэрбурханы үгийг боомилолгүй, харин Түүний үгээр Ариун нандин газар, Ойрх Дорнод болон бүх дэлхийн ирээдүйг бүтээцгээе! Дайн бол ялагдал!

Эгзэгтэй нөхцөл байдалд байгаа Венесуэл улс миний санааг ихээр зовоож байна. Бүх тал үнэнийг эрэлхийлж, бусдадаа хүлээцтэй хандаж, аливаа хүчирхийллээс зайлсхийн маргааныг яриа хэлцлээр шийдвэрлээсэй. Намын эрх ашгийг бус, ард түмнийхээ сайн сайхныг бодооч хэмээн би чин сэтгэлээсээ уриалмаар байна. Венесуэлчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн Коромотогийн Мариа эх болон Төгс жаргалт Хосе Грегорио Эрнандесийн залбиралд Венесуэл улсыг даатгацгаая.

Энэтхэгийн ард түмэн, ялангуяа хүчтэй аадар бороонд нэрвэгдсэн Керала хотын хүмүүст би зүрх сэтгэлээрээ ойр байна. Аадар борооноос болж олон газар хөрсний нуралт үүссэн бөгөөд олон хүний ​​амь нас үрэгдээд байна. Мөн олон хүнийг нүүлгэн шилжүүлж, их хэмжээний хохирол учраад буй. Энэ аймшигт гамшигт нэрвэгдсэн бүх хүний төлөөх залбиралд та бүхнийг нэгдээсэй хэмээн би хүсэж байна.

Өнөөдөр Арсын сүмийн санваартан байсан Иоханы дурсгалд зориулж зарим улс орон "сүмийн санваартны баяр"-ыг тэмдэглэж байгаа. Ихээхэн зовлон зүдүүрийн дунд хичээл зүтгэл, өгөөмөр сэтгэлээр өөрсдийгөө Тэнгэрбурхан болон хүмүүсийн төлөө зориулж буй сүмийн бүх санваартанд талархаж байгаагаа илэрхийлье. Бүгдээрээ сүмийнхээ санваартнуудыг бодож, тэдэнд зориулан  алга ташицгаая!

Ром хотын ард түмэн, Италийн бусад хэсэг болон олон орноос ирсэн мөргөлчид, тэр дундаа Чех хүмүүс, Гэгээн Урсулагийн бүлгэмийнхэн, Киуса Склафани болон Сидерногийн сүсэгтэн олон, Сан Вито деи Норманнигийн залуус, Падуа дахь Сакро Куорэ сүмийн залуучууд болон Самбучетогийн дугуйчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Фатима хотод болж буй Португалийн залуучуудын анхдугаар наадамд оролцогчдод баяртайгаар мэндчилье. Эрхэм залуус аа, өнгөрсөн жил Лиссабонд болсон наадам үр жимсээ өгсөөр байгаа нь илэрхий байна. Тэнгэрбурхандаа талархъя! Би та бүхний төлөө залбирч байгаа.

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

04 August 2024, 14:38

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >