АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 10 сарын 6, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн литургийн Сайн мэдээний айлдалд (Марк 10:2-16) Есүс гэрлэсэн хосын хоорондох хайрын тухай өгүүлжээ. Зарим фарисайчууд Түүнийг дахин сорьж, нөхөр эхнэрээсээ салж болох уу хэмээх өдөөн хатгасан шинжтэй асуултыг асуудаг. Тэд Есүсийг маргаанд татан оролцуулахыг хүссэн ч Есүс зөвшөөрөөгүй. Харин эрэгтэй, эмэгтэй хүний дундах хайрын үнэ цэнгийн тухай илүү чухал ярианд тэдний анхаарлыг хандуулсан юм.

Есүсийн амьдарч байсан үед гэрлэсэн эмэгтэй нөхрөөсөө хамаагүй цөөн эрхтэй байдаг байв. Нөхөр өчүүхэн жижиг шалтгаанаар ч эхнэрээсээ салж болдог байсан ба энэ нь Ариун Судрын хуулийн ягшмал тайлбарын дагуу зөвтгөгддөг байв. Тиймээс Эзэн фарисайчуудын анхаарлыг хайрын шаардлагууд руу эргэн хандуулсан юм. Бүтээгч Эзэн эрэгтэй эмэгтэй хүмүүсийг адилхан эрхэм чанартайгаар бүтээсэн агаад, ялгаатай талууд нь харилцан бие биеэ нөхдөг байхыг таалсан болохыг Есүс сануулдаг. Ингэснээр тэд бие биеийнхээ туслагч, хамтрагч байх бөгөөд нэгнээ өсөж хөгжихөд нь хурцалж өгдөг (Эхлэл 2:20-23).

Ийн амьдрахын тулд тэд тус тусын бэлгийг нэг нэгэндээ "хагас дутуугаар" биш харин бүрэн дүүрнээр зориулах хэрэгтэй. Энэ нь өөрөө хайр бөгөөд шинэ амьдралын эхлэл болдог гэдгийг Есүс онцлон тэмдэглэсэн (Марк 10:7, Эхлэл 2:24). Энэ хайр "бүх зүйл сайхан байх үед" биш, харин үүрд бие биеэ хүлээн зөвшөөрч нэг махбод шиг нэгдмэл амьдардаг (Эхлэл 2:24). Мэдээж энэ нь үнэнч байхыг, хэцүү үед ч хүндэтгэлтэй, үнэнч шударга, энгийн байхыг шаарддаг учраас амаргүй (Марк 10:15). Энэ нь шаардлагатай үед сөргөлдөөн, хэлэлцүүлэгт нээлттэй байхыг, гэхдээ бас уучилж эвлэрэхэд үргэлж бэлэн байхыг шаарддаг. Би та нарт хэлье. Эхнэр нөхөр хоёр хүссэнээрээ маргалдаж болно. Гэхдээ үргэлж өдөр дуусахаас өмнө эвлэрч байгаарай! Яагаад тэгэх ёстой вэ гэж үү? Яагаад гэвэл маргааны маргааш хүйтэн дайн гарах аюултай. "Эцэг минь, хэлээч, бид яаж эвлэрэх ёстой вэ?" – “Нөгөө хүнээ зөөлнөөр илэхэд хангалттай”. Эвлэрэхгүйгээр өдрийг бүү дуусгаарай.

Эхнэр нөхөр хоёр хайрын хамгийн сайхан үр жимс, Тэнгэрбурханы хамгийн агуу адислал, гэр бүл болон нийгэмд баяр баясгалан, найдварын эх үүсвэр болсон амьдралын бэлэг болох үр хүүхдэд нээлттэй байх нь тун чухал. Хүүхэдтэй болцгоогоорой! Өчигдөр Ватиканы цагдаагийн албаныхны өдөр байсан бөгөөд мөргөлд нэг цагдаа найман хүүхэдтэйгээ ирсэн нь миний сэтгэлийг ихэд тайтгаруулсан. Тэднийг харах сайхан байсан. Тэнгэрбурханы танд илгээж буй амьдралд нээлттэй байгаарай.

Эрхэм ахан дүүс ээ, хайр биднээс маш их зүйлийг шаарддаг ч тэр үнэхээр сайхан. Хайрлаж хайрлуулах тусам бид түүнээс жинхэнэ аз жаргалыг олж авдаг. Одоо бүгдээрээ дор бүрнээ өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Миний хайр үнэнч үү? Өгөөмөр үү? Бүтээлч үү? Гэр бүл маань ямархуу байна? Бид амьдралд, хүүхдийн бэлэгт нээлттэй байна уу?

Цэвэр охин Мариа Христэд итгэгч хосуудад туслах болтугай. Помпейн бунханд цугларсан итгэгч нарын хамтаар Сарнайн эрхин залбирлын Хатагтайд хандсан уламжлалт залбирлыг үйлдэж, түүнтэй сүнслэг ахуйгаар нэгдэцгээе.

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ,

Израилд хүн ам руу чиглэсэн террорист халдлага болсноос хойш нэг жил өнгөрч байна. Израилын ард түмэн миний сэтгэлд ойр байгааг би дахин илэрхийлье. Газад олон хүн барьцаалагдсан хэвээр байгааг бид мартаж болохгүй. Тэднийг нэн даруй суллахыг хүсэж байна. Тэрхүү өдрөөс хойш Ойрх Дорнод улам их зовлон зүдүүрт автаж, цэргийн сүйрүүлэх ажиллагаа Палестины ард түмэнд цохилт өгсөөр байна. Газа болон бусад нутагт байгаа хүмүүс ихээр шаналж байна. Тэдний ихэнх нь гэм зэмгүй энгийн иргэд бөгөөд шаардлагатай бүх хүмүүнлэгийн тусламжийг авах ёстой хүмүүс. Дайны бүх фронтод, тэр дундаа Ливанд галыг нэн даруй зогсоохыг уриалж байна. Ливанчуудын төлөө, ялангуяа өмнөд хэсэгт амьдардаг, тосгоноо орхихоос өөр аргагүйд хүрсэн хүмүүсийн төлөө залбирцгаая.

Ираны саяхан хийсэн дайралт шиг бүс нутгийг илүү том дайнд хүргэж болзошгүй дайралтаас урьдчилан сэргийлэхийг олон улсад уриалж байна. Өс хонзонг үргэлжлүүлэн дэвэргэхгүй байцгаая. Бүх үндэстний газар нутаг халдлага, дайралтад өртөлгүй энх тайван, аюулгүй оршин тогтнох эрхтэй. Үндэстнүүдийн бүрэн эрхт байдлыг үзэн ядалт, дайнаар бус, харин яриа хэлэлцээ, энх тайвнаар хүндэтгэж, баталгаажуулах ёстой.

Ийм нөхцөлд залбирал урьд урьдынхаас илүү чухал байна. Өнөөдөр үдээс хойш бид бүгд Санта Мария Мажиорэ сүмд очиж Тэнгэрбурханы эхийн зуучлан залбирлыг гуйх болно. Маргааш дэлхийн энх тайвны төлөө залбирч, мацаг барих өдөр. Дайны хорон муугийн эсрэг сайн сайхны хүчээр нэгдэцгээе.

Үерт нэрвэгдсэн Босни Герцеговин улсын ард түмэн миний сэтгэлд ойр байгаа. Эзэн талийгаачдыг хүлээн авч, ар гэрийнхнийг нь тайвшруулж, тэндхийн хүмүүст туслах болтугай.

Ром хотын иргэд, Италийн бусад хэсгээс болон олон орноос ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Удахгүй тоглолтыг нь үзэх Эль Сальвадор улсын Кабаньяс хөгжмийн хамтлагт онцгой мэндчилгээ дэвшүүлье. Мөн Радомын шашны хүрээний Нигүүлслийн хатагтайн сүмийн Польш итгэгч нар болон Мартиникээс ирсэн хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр Гэгээн Петрийн сүмээс Мариагийн хөшөөг Ром дахь Мариа эхийн ариун газарт авчирч, энх тайвны төлөө залбирч буй Тре Фонтане дахь Илчлэлтийн хатагтайн сүмийн мөргөлчдөд мэндчилье. Тарантогийн "Пожио Галесо" шашны сургууль, Ромын "Театро Патоложико" нийгэмлэг, Кремонагийн "Сакра Фамилиа" сургуулийн хамтлаг болон архитектурын саадыг арилгах "Фиабадай" жагсаалд оролцогчдод энэ өдрийн мэндийг хүргэе.

12 сарын 8-нд би шинэ кардиналуудыг томилох уулзалт зохион байгуулна гэдгээ дуулгахад таатай байна. Тэд янз бүрийн гарал үүсэлтэй хүмүүс. Энэ нь Тэнгэрбурханы нигүүлсэнгүй хайрыг бүх хүнд зарласаар байгаа Сүмийн универсал чанарыг илэрхийлж буй. Шинэ кардиналуудын нэрсийг дурдвал:

Эрхэмсэг ноён Монсиньор Анжело Акерби, Гэгээн Ширээт Улсын Элчин сайд

Эрхэмсэг ноён Монсиньор Перу улсын Лима хотын Тэргүүн хамба лам Карлос Густаво Кастилло Маттасоглио

Эрхэмсэг ноён Монсиньор Висенте Бокалик Иглич, Аргентин улсын Сантьяго дель Эстерогийн Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Жерардо Кабрера Эррера, Эквадорын Гуаякил хотын Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Наталио Чомали Гариб, Чили улсын Сантьяго де Чилийн Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Тарсисио Исао Кикүчи, Японы Токио хотын Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Пабло Виржилио Сионгко Дэвид, Филиппин улсын Калоокан хотын хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Ладислав Немет, Серб улсын Белград хотын Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Жэйме Шпенглер, Бразил улсын Порто Алегрегийн Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Тэргүүн хамба лам Игнасе Бесси Догбо, Зааны ясан эрэг улсын Абижан хотын Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Жан-Пол Веско, Алжир улсын Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Паскалис Бруно Сюкур, Индонез улсын Богорын хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Жозеф Мэтью, Иран улсын Латинчуудын Тегеран-Испахан хотын Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Роберто Реполе, Итали улсын Турин хотын Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Балдассаре Рейна. Тэрбээр өнөөдрөөс эхлэн Ромын шашны хүрээний Ерөнхий Викар болж буй.

Эрхэмсэг ноён Монсиньор Фрэнсис Лео, Канад улсын Торонто хотын Тэргүүн хамба лам

Эрхэмсэг ноён Монсиньор Роландас Макриккас, Санта Мария Мажиорэ Папын сүмийн Тэргүүн санваартан

Эрхэмсэг ноён Монсиньор Микола Бычок, Австрали улсын Мельбурн хотын Украйнчуудын Петр, Паул гэгээнтнүүдийн шашны хүрээний хамба лам

Хүндэт санваартан Тимоти Питер Жозеф Рэдклифф, теологич

Хүндэт санваартан Фабио Бажио, Хүний цогц хөгжлийг дэмжих Дикастерийн дэд нарийн бичгийн дарга

Хүндэт Монсиньор Жорж Жейкоб Коовакад, Гэгээн ширээт улсын Төрийн нарийн бичгийн Папын аяллыг хариуцагч

Нигүүлсэнгүй, итгэлт Тэргүүн тахилч Христэд үнэнч гэдгээ баталгаажуулахдаа тэд Тэнгэрбурханы ариун хүмүүсийн сайн сайхны төлөө Ромын Хамба ламаар ажиллаж буй миний үйлчлэлд туслах болтугай хэмээн шинэ кардиналуудын төлөө залбирцгаая.

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

06 October 2024, 14:05

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >