НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 9 сарын 25, Лхагва гараг
Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 7. “Есүс Сүнсээр цөл уруу хөтлөгдөв.” Хорон муу сүнсний эсрэг тэмцэлд бидний холбоотон болдог Ариун Сүнс
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Есүс Иордан голд баптисм хүртсэн даруйдаа “диаволд соригдохын тулд Сүнсээр цөл уруу хөтлөгдөв” (Матай 4:1) гэж Матайн Сайн мэдээний айлдалд бичсэн байдаг. Энэ нь Сатаны биш, Тэнгэрбурханы санаа байсан. Есүс дайсны занганд ороогүй, харин Ариун Сүнсний удирдамжийг даган цөл рүү явсан юм. Тэр сорилтыг даван туулсныхаа дараа "Сүнсний хүч дотор" Галилд буцаж очсон гэж бичигджээ (Лук 4:14).
Цөлд Есүс өөрийгөө Сатанаас чөлөөлсөн бөгөөд бусдыг чөлөөлөх хүчтэй болжээ. Тэр Өөрийгөө чөлөөлөөд, бусдыг ч Сатанаас чөлөөлсөн. Үүнийг Сайн мэдээний айлдлын бичээч нар шүгэлсэн сүнсийг зайлуулсан тухай олон түүхээр дамжуулан онцлон тэмдэглэжээ. Есүс өөрийг нь эсэргүүцэгч нарт: "Би Тэнгэрбурханы Сүнсээр чөтгөрүүдийг зайлуулсан. Тиймд Тэнгэрбурханы хаанчлал та нарт ирчхээд байна" гэж хэлсэн (Матай 12:28).
Өдгөө бид чөтгөртэй холбоотой хачирхалтай үзэгдлийг харж байна. Соёлын тодорхой түвшинд хүмүүс чөтгөр огт байхгүй хэмээцгээнэ. Түүнийг нэгдмэл далд ухамсар буюу харь зүйлийн бэлгэдэл, товчхондоо зүйрлэл ч гэж үзэж байна. Гэхдээ Чарльз Бодлерийн бичсэнчлэн "Чөтгөрийн хамгийн ухаалаг мэх бол өөрийгөө байхгүй гэдэгт хүмүүсийг итгүүлэх явдал!". Чөтгөр хашир учраас өөрийгөө байхгүй гэж хүмүүст итгүүлдэг бөгөөд ингэснээрээ тэр бүхнийг хянадаг. Тэр их зальтай. Чөтгөрт итгэдэггүй атлаа технологи шүтсэн, шашингүй манай нийгэм ид шидтэн, оккультизм, спиритуализм, зурхайчид, тарни, сахиус худалдаач нар болон жинхэнэ сатаны сектүүдээр дүүрэн байгаа нь харамсалтай. Үүнээс үзэхэд хаалгаар хөөж гаргасан чөтгөр дахин цонхоор орж иржээ гэж хэлж болно. Итгэлээр зайлуулагдсан тэр мухар сүсгээр дамжин дахин орж ирсэн байна. Хэрэв та мухар сүсэгтэй бол чөтгөртэй өөрийн мэдэлгүй ярилцаж байгаа гэсэн үг. Гэтэл хүн чөтгөртэй харьцаж болохгүй шүү дээ.
Сатан байдаг гэдгийн хамгийн хүчтэй нотолгоог гэм нүгэлтнүүд эсвэл муу сүнс шүглэсэн хүмүүс биш, харин гэгээнтнүүдийн амьдралаас харж болно! "Эцэг минь, яаж тийм зүйл байж болох билээ?" гэж та бүхэн асуух байх. Чөтгөр бидний эргэн тойронд “хүн бус” хорон муугийн туйлыг үйлдэж байгаа нь үнэн. Гэвч ийм тохиолдолд түүний үйлдэл хаана дуусаж, бидний өөрсдийн хорон муу хаанаас эхэлж байгааг нарийн мэдэх боломжгүй учраас үнэхээр чөтгөр бий гэдэгт итгэлтэй байх боломжгүй юм. Тийм ч учраас муу сүнсийг зайлуулах залбирлыг Сүм маш хянамгай бөгөөд чанд зарчмын дагуу хийдэг. Үүнийг харуулсан зарим кино бодит байдлаас ялгаатай зүйлсийг дүрсэлсэн байдаг нь харамсалтай.
Гэгээнтнүүдийн амьдралын хүрээнд л чөтгөр "гэрлийн дор" ил гарч ирэхээс өөр аргагүй байдалд ордог. Бүх гэгээнтэн, агуу итгэгч нар түүний нууцлаг оршихуйг өөрсдийн тэмцлээр дамжуулан их бага хэмжээгээр гэрчилцгээсэн. Тэд бүгд өөрсдийн цаг үеийн өрөөсгөл үзлийн золиос болсон, эсвэл төөрөгдөлд автсан байсан гэж үзэж болохгүй юм.
Есүс цөлд муу ёрын сүнсийг Тэнгэрбурханы үгээр дийлсэнчлэн бид ч тэгэх ёстой. Есүс чөтгөртэй хэзээ ч ярилцаагүй. Тэр чөтгөрийг зайлуулж, буруутгасан, гэхдээ хэзээ ч түүнтэй ярилцаагүй. Цөлд Тэрээр чөтгөрт Өөрийн үгээр бус, харин Тэнгэрбурханы үгээр хариулсан. Тиймээс ахан дүүс ээ, чөтгөртэй хэзээ ч бүү ярь. Уруу таталтууд "Энийг ч хийх таатай, тэрийг ч хийх сайхан" гэх мэтээр гарч ирэх үед шууд зогс. Эзэнд зүрх сэтгэлээ өргөж, Мариа эхэд залбирч, Есүс бидэнд заасны адил чөтгөрийг хөөн зайлуул. Есүст хэрэггүй байсан ч бидэнд хэрэгтэй өөр нэг арга замыг Петр гэгээнтэн санал болгосон нь сонор сэрэмж. Тэр “Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг” хэмээсэн (1 Петр 5:8). Харин Паул гэгээнтэн бидэнд: "Диаволд байр бүү өг" гэж хэлсэн билээ (Ефес 4:27).
Христ загалмай дээр “энэ ертөнцийн захирагчийн” хүчийг бүрмөсөн ялсны дараа (Иохан 12:31) “чөтгөр гинжний нохой мэт хүлэгдсэн. Тэр аюулыг сөрөн өөрт нь ойртсон хүмүүсээс бусдыг хазаж чадахгүй... Чөтгөр хуцаж, ятгаж чадах ч зөвхөн өөрт нь ойртсон хүнийг л хазаж чадна” хэмээн Сүмийн түүхэнд чухал үүрэгтэй санваартнуудын нэг хэлсэн [1]. Мунхгаар чөтгөр дээр очоод “Сайн байна уу?” гээд эхлэх юм бол тэр таныг сүйрүүлэх болно. Чөтгөрөөс хол байцгаа. Хүн чөтгөртэй харьцах учиргүй. Харин түүнийг хөөн зайлуулж, түүнээс холдох учиртай. Чөтгөр ямар нэг уруу таталтаар дамжуулан хүнд ойртох гэж оролддогийг бид бүгд мэднэ. Арван бошгийн эсрэг уруу таталтуудыг мэдэрч байвал тэр даруй зогс, зай ав. Гинжлэгдсэн нохойд бүү ойрт.
Жишээ авбал, орчин үеийн технологи бидэнд олон эерэг нөөц бололцоог олгохын зэрэгцээ "чөтгөрт боломж олгох" тоо томшгүй арга хэрэгслийг санал болгож байна. Олон ч хүн тэдгээрийн урхинд орсон. Цэцэглэн хөгжиж буй онлайн порноны зах зээл байгааг бид бүгд мэднэ. Тэнд чөтгөр ажиллаж буй. Ямар ч ухаалаг утаснаас тэрхүү адгууслаг, чөтгөрийн хэрэгсэл буюу онлайн порног үзэх боломжтой байна. Христэд итгэгч нар энэ өргөн тархсан үзэгдлээс болгоомжилж, эрс татгалзах ёстой
Түүхэн дэх чөтгөрийн үйлдлүүдийг мэдлээ гээд бид урам хугарах ёсгүй. Эцсийн эцэст "Би Эзэнтэй хамт. Зайл, Сатан аа" хэмээх итгэл, хамгааллын бодол бидний сэтгэлд байх ёстой. Христ чөтгөрийг ялан дийлсэн агаад тэрхүү ялалтаа бидэнд өгөхийн тулд Ариун Сүнсийг хайрласан билээ. Бид дайсны үйл ажиллагааг Тэнгэрбурханы тусламжтайгаар өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж болно. Тиймээс Veni Creator дууллын үгээр Ариун Сүнснээс гуйцгаая.
“Зальт дайсныг хол хөөж
Мөнхийн амар амгалангаа бидэнд хайрлаач;
Та бидний хамгаалагч Хөтөч тул
Бидний замд ямар ч хорон муу үл тохионо."
Чөтгөр ухаалаг учраас болгоомжтой байцгаа. Гэхдээ Христэд итгэгч бид Тэнгэрбурханы ивээлээр түүнээс илүү болно. Баярлалаа.
Тусгай мэндчилгээ
Өнөөдөр энд ирсэн хүмүүс, ялангуяа Англи, Австрали, Энэтхэг, Малайз, Филиппин, Тайвань, Канад, АНУ-аас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчдөд халуун мэндчилгээ дэвшүүлье. Venerable English College-ийн шинэ оюутнуудад онцгой мэндчилгээг хүргэе. Та бүхний санваартан болох бэлтгэлийн төлөө би залбирах болно. Та бүхэн болон гэр бүлийнхэнд нь би бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!
Ариун Эцэгийн уриалга
Сүүлийн өдрүүдэд Ливан улсад хүчтэй дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алдаж, гамшиг тохиосон гэх мэдээг би харуусан сонслоо. Энэхүү хурцадмал байдлыг зогсоохын тулд олон улс бүхий л хүчээ нэгтгэнэ хэмээн найдаж байна. Ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй.
Ойрын үед ихээр зовж шаналж буй Ливаны ард түмэн миний сэтгэлд ойрхон байгаа гэдгийг хэлье. Хүн бүрийн төлөө, дайны улмаас зовж шаналж буй бүх ард түмний төлөө залбирцгаая. Тарчилж буй Украин, Мьянмар, Палестин, Израил, Судан болон бусад улсуудыг мартаж болохгүй. Энх тайвны төлөө залбирцгаая.
Ариун Эцэгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ: Ариун Сүнсний тухай цуврал хичээлийнхээ хүрээнд бид цөлд Есүсийн туулсан сорилтуудын тухай Сайн мэдээний түүхийг авч үзнэ. Энэ түүх соригч Сатан бодитоор оршдогийг харуулдаг төдийгүй түүний урхинаас биднийг чөлөөлөгч Эзэний бүхнээс дээгүүр хүч чадлыг харуулжээ. Чөтгөр оршин тогтнодгийн хамгийн агуу нотолгоог энэ ертөнцийн хорон муугаас биш, харин гэгээнтнүүдийн амьдралын гэрчлэлээс олох боломжтой. Эрдэм буян, ариун байдлыг хөгжүүлэхийн төлөөх хүчин чармайлтаараа гэгээнтнүүд хорон муу сүнс бодитоор оршдогийг, мөн гэм нүглийн уруу таталтуудын эсрэг тэмцэх шаардлагатайг гэрчилдэг. Амилсан Эзэн хорон муу, гэм нүглийн хүчийг ялсан нь түүний үгэнд итгэж, Ариун Сүнсний ивээлээр хүчирхэгжсэн бид уруу таталт бүрийг даван туулж, ариусаж, Христтэй улам сайн нэгдэж чадна хэмээх найдварыг бидэнд өгдөг билээ.