2024.10.16 Udienza Generale 2024.10.16 Udienza Generale  (VATICAN MEDIA Divisione Foto)

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 10 сарын 16, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 9. “Би Ариун Сүнсэнд итгэнэ”. Ариун нандин Католик шашны итгэл бишрэлийн нэг хэсэг болсон Ариун Сүнс

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өмнөх хичээлээр бид Ариун Судраар дамжуулан Ариун Сүнсний бидэнд илчилсэн зүйлсийг авч үзсэн. Өнөөдөр бид Сүмийн болон Христэд итгэгчийн амьдралд Ариун Сүнс хэрхэн амьд бөгөөд идэвхтэй байдгийг авч үзнэ.

Эхний гурван зууны турш Сүм Ариун Сүнсэнд итгэх итгэлээ тодорхойлон тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байв. Жишээлбэл, Элч нарын бэлгэдэл гэгддэг Сүмийн хамгийн эртний итгэл бишрэлийн үгэнд: “Би тэнгэр газрыг бүтээгч Төгс Хүчит Эцэг Тэнгэрбурханд итгэнэ. Би Түүний амин ганц Хүү, бидний Эзэн Есүс Христэд итгэнэ. Тэрээр мэндэлж, амьсгал хураагаад тамд буун үхлийг сөрөн амилж, тэнгэрт заларсан" гэсэн байдаг. Үүний дараа: "Би Ариун Сүнсэнд итгэнэ" гэдэг байв. Ариун Сүнсийг өөр ямар нэг үгээр тодорхойлдоггүй байж.

Гэвч Сүм тэрс үзэлтэй тэмцэхийн тулд Ариун Сүнсэнд итгэх итгэлээ илүү нарийн тодорхойлох болсон. Дөрөвдүгээр зуунд энэ үйл явцыг Гэгээн Афанасий эхлүүлсэн. Сүм Ариун Сүнсний ариусгах чадалтай тэнгэрлэг ивээлийг мэдэрсэн нь Түүний тэнгэрлэг мөн чанарт итгэх бүрэн итгэлийг төрүүлжээ. 381 онд Константинополь хотод болсон Христийн шашинтнуудын дээд хуралдааны үеэр Ариун Сүнсний тэнгэрлэг мөн чанарыг дараах алдартай үгсээр тодорхойлсон юм: "Би Эзэн болон амь хайрлагч Ариун Сүнсэнд итгэнэ. Тэрээр Эцэг ба Хүүгээс гарчээ. Түүнийг Эцэг ба Хүүгийн хамтаар тахин шүтэж алдаршуулдаг. Тэрээр зөнчдөөр уламжлан өгүүлжээ". Өдгөө бид эдгээр үгсийг итгэл бишрэлийн өчгөөр давтсаар байгаа билээ. 

Ариун Сүнс бол "Эзэн" гэж хэлэх нь Тэр ч бас Тэнгэрбурханы адил бидний "Эзэн" болохыг, Тэр бүтээл биш харин Бүтээгч гэдгийг илэрхийлж буй. Тэр Эцэг, Хүү хоёрын адил алдаршуулал бишрэлийг хүртэх ёстой гэдэг нь Түүний Эзэн болохын хамгийн том нотолгоо юм. “Ариун Сүнс бол Эзэн, Тэр бол Тэнгэрбурхан” гэх томьёоллыг гаргахад гол үүрэгтэй оролцсон нь Василий гэгээнтэн байлаа. Тэр Ариун Сүнсэнд Эцэг Хүүтэй нэгэн адил хүндэтгэлийг үзүүлэх ёстой гэж үзэж байсан.

Дээд хуралдаанаар ийнхүү Ариун Сүнсийг тодорхойлсон нь төгсгөлийн биш, харин эхлэлийн цэг байлаа. Ариун Сүнсний тэнгэрлэг чанарыг илүү тодорхой баталгаажуулахад саад болж байсан түүхэн шалтгаануудыг даван дийлсний дараа энэхүү тодорхойлолт Сүмийн мөргөл болон теологид итгэлтэйгээр тунхаглагдсан юм. Дээд хуралдааны дараа Назианзусын Гэгээн Грегори эргэлзэлгүйгээр: "Ариун Сүнс Тэнгэрбурхан мөн үү? Мэдээж мөн! Тэр Түүнтэй нэг мөн чанартай юу? Ариун Сүнс жинхэнэ Тэнгэрбурхан мөн юм бол тийм ээ" хэмээсэн байдаг (Oratio 31, 5.10).

Ням гариг ​​бүрийн мөргөл дээр тунхагладаг "Би Ариун Сүнсэнд итгэнэ" хэмээх итгэл бишрэлийн үг өнөөгийн итгэгчид юуг хэлээд байна вэ? Өмнө нь итгэл бишрэлийн үгэнд голчлон Ариун Сүнс "Эцгээс гарчээ" хэмээдэг байсан бол удалгүй Латин Сүм "Эцэг ба Хүүгээс гарчээ" гэх болсон. "Ба Хүүгээс" гэх үг нь Латин хэлээр "Filioque" юм. "Filioque" гэх үгээс үүдэлтэй маргаан Дорнын болон Өрнийн сүм хоёрын хоорондох маш олон хуваагдлын шалтгаан (эсвэл шалтаг) болсон. Мэдээж бид өнөөдөр энэ асуудлыг авч үзэхгүй л дээ. Тэгээд ч хоёр сүмийн хооронд яриа хэлэлцээр өрнөж буй өнөөгийн орчинд өнгөрсөн үеийн хурцадмал байдал намдаж, "ялгаатай байдалтайгаа эвлэрэн" харилцан бие биеэ бүрэн хүлээн зөвшөөрөх найдвар төрж буй. "Ялгаатай байдалтайгаа эвлэрнэ" гэх үгэнд би дуртай. Христэд итгэгчдийн дунд олон ялгаа бий. “Тэр ийм урсгалынх, энэ протестант, тэр ийм тийм…” гэх мэт. Гэвч ялгаатай байдалтай эвлэрч хайран дотор хамтдаа алхах л хамгийн чухал юм.

Саад бэрхшээлийг даван туулж, итгэл бишрэлийн үгэнд тунхаглагдаж буй дээрх үгсээс бидний хувьд хамгийн чухал нь Ариун Сүнс бол "амь өгөгч", "амь хайрлагч" гэх үгс юм. “Ариун Сүнс ямар амьдралыг хайрладаг вэ?” хэмээн өөрсдөөсөө асууцгаая. Бүтээлийн эхэнд Тэнгэрбурханы амьсгал Адамд амьдралыг өгч газрын шороог “амьд биет” болгосон билээ (Эхлэл 2:7). Одоо шинэ бүтээлд Ариун Сүнс Тэнгэрбурханы хүүхдүүд болсон итгэгч нарт шинэ амьдралыг, Христийн амийг, ер бусын амьдралыг өгч буй. Паул: “Христ Есүс доторх амийн Сүнсний хууль нь чамайг нүглийн болон үхлийн хуулиас чөлөөлсөн” (Ром 8:2) гэж тунхагласан.

Ариун Сүнсний бидэнд өгсөн амь бол мөнх амь юм! Энэ нь бидний хувьд хамгийн агуу бөгөөд тайтгаруулах хүчтэй мэдээ. Бүх зүйл энд дуусна, дэлхий дээрх бүрэн эрхт эрх мэдлийг олж авах гэсэн шударга бус тэмцлээс аврагдаж чадахгүй гэх айдсаас маань итгэл бишрэл биднийг чөлөөлж өгдөг. Элч Паулын өөр нэг үг үүнийг батална: “Үхэгсдээс Есүсийг амилуулсан Нэгэний Сүнс та нарын дотор оршвоос, Христ Есүсийг үхэгсдээс амилуулсан Тэр та нарын дотор оршдог Өөрийн Сүнсээр дамжин үхлийн биест чинь амь өгнө” (Ром 8:11). Сүнс бидний дотор оршдог, Тэр бидний дотор бий.

Өөрсдийн буруутай үйлдлээс биш, харин өөр шалтгаанаар амьдралын утга учрыг хараахан олж чадаагүй байгаа хүмүүсийн төлөө бүгдээрээ өөрсдийн итгэлээ хөгжүүлцгээе. Үхлээрээ бидэнд үнэлж баршгүй бэлгийг авч өгсөн Есүст талархахаа бүү мартаарай!

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн хүмүүс, ялангуяа Англи, Дани, Норвеги, Өмнөд Африк, Энэтхэг, Кувейт, Малайз, Филиппин, Өмнөд Солонгос, Канад, АНУ-аас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчдөд халуун мэндчилгээ дэвшүүлье. НАТО-гийн Батлан ​​хамгаалах коллежийн төлөөлөгчид, Хойд Америкийн коллежийн Теологийн тасралтгүй боловсролын хүрээлэнгийн санваартнууд болон Грегорийн их сургуулийн сангийн гишүүдтэй мэндчилье. Та бүхэн болон гэр бүлийнхэнд нь би бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ. Өнөөдөр бид Сүмд амьд бөгөөд идэвхтэйгээр ажиллаж буй Ариун Сүнсний талаарх хичээлээ үргэлжлүүлнэ. Итгэл бишрэлийн өчигт тунхагласнаар Ариун Сүнс бол “Эзэн болон амь хайрлагч” юм. Төгс Жаргалт Ариун Гурвалын амьдралд Ариун Сүнс нь Эцэг, Хүү хоёртой адилхан тэнгэрлэг буюу “нэг мөн чанартай” юм. Тэрээр “амь хайрлагч” учраас нүгэл болон үхлийг ялан дийлсэн Христийн ялалт, амийг бидэнд өгдөг. Энэ ертөнцийн зовлон зүдүүр, шударга бусын дунд Ариун Сүнс бидэнд найдварыг өгдөг. Амьдралыг маань болон ертөнцийг өөрчлөх чадвартай Христийн Амилалтын хүчинд итгэх итгэлийг маань бэхжүүлж өгөхийг Ариун Сүнснээс гуйцгаая.

16 October 2024, 11:57

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >