Хайх

НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2024 оны 1 сарын 31, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 6. Уур хилэн

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдөр бид гаж буруу, эрдэм буяны тухай цуврал хичээлээ үргэлжлүүлж уур хилэн хэмээх гаж буруугийн талаар эргэцүүлэх болно. Энэ бол гойд бараан гаж буруу бөгөөд түүнийг бие махбод дээр илрэх шинж тэмдгүүдээр нь мэдэх амархан байдаг. Уур хилэнд автсан хүнд энэ импульсээ нуух хэцүү. Түүнийг биеийн хөдөлгөөн, түрэмгий байдал, давчидсан амьсгал, хөмсөг зангидсан баргар төрхөөс мэдэж болно.

Уур хилэнгийн хамгийн хурц хэлбэр хүнд амар заяа үзүүлдэггүй. Шударга бус явдал болсноос (эсвэл болсон гэж үзсэнээс) үүдэлтэй уур хилэнг хүмүүс ихэвчлэн түүнийг үйлдсэн хүнд нь биш, харин замдаа таарсан золгүй гэмгүй нэгэнд гаргадаг. Ажлын байран дээрээ уур хилэнгээ барьж, тайван, тогтвортой харагддаг атлаа гэртээ ирээд эхнэр хүүхдэдээ тэвчихийн аргагүй авир гаргадаг эрчүүд байдаг. Уур хилэн нь сэтгэл санааг тэр чигт нь эзэмдэж нойрыг хулжаан, логиктой бодоход саад болох чадвартай.

Уур хилэн бол хүмүүсийн харилцааг сүйтгэдэг гаж буруу юм. Энэ нь бусдын олон янз байдал, ялангуяа тэдний амьдралын сонголтууд биднийхээс өөр байж болохыг хүлээн зөвшөөрөх чадваргүй байгааг илэрхийлдэг. Уур хилэн хэн нэгний буруутай үйлдлээс давж тэрхүү үйлдлийг хийсэн хүн рүү чиглэдэг. Тэр хүн байгаагаараа л уур хилэн, хорслыг төрүүлнэ. Уурлаж хилэгнэсэн хүн нөгөө хүнийхээ дуу хоолойны өнгө, өдөр тутмын жижиг дохио зангаа, сэтгэх, мэдрэх арга барилыг нь хүртэл үзэн ядаж эхэлдэг.

Харилцаа ингэтлээ доройтсон үед эрүүл саруулаар бодож сэтгэх чадвар алдагддаг. Уурлаж хилэгнэсэн үедээ бид эрүүл саруул ухаанаа алддаг, тийм биз? Заримдаа цаг хугацаа өнгөрсөн ч намдахгүй байх нь уур хилэнгийн онцлог. Ийм тохиолдолд нөгөө хүнээс зай авч, харилцахгүй байвч хийсэн алдаа нь мартагдалгүй улам хүндээр мэдрэгддэг. Ийм ч учраас бидний сонсож байсанчлан, элч Паул тулгарсан асуудалтайгаа шууд нүүр тулж, эвлэрэх оролдлого хийхийг  Христэд итгэгчдэд зөвлөсөн байдаг билээ: "Уур хилэн дээр чинь нар бүү жаргаг" (Ефес 4:26). Нар жаргахаас өмнө уур хилэн сарних нь чухал. Өдрийн цагаар хэн нэгэнтэй үл ойлголцон, сэтгэлээрээ холдсон бол тийм байдалтайгаар шөнө хүргэж болохгүй. Ингэх нь өөрсдийгөө чөтгөрт тушааж буй хэрэг. Уур хилэн шөнө биднийг сэрүүн байлгаж, бусдын ойлгомжгүй алдаануудыг дахин дахин санахад хүргэдэг. Ийм үед бид уурласан шалтгаануудаа л бодохоос биш, хэзээ ч өөрсдийн алдаануудыг боддоггүй. Хилэгнэсэн хүн үргэлж нөгөө хүнээ л асуудал болгож харна. Тэр өөрсдийн алдаа дутагдлыг огт анзаарах чадваргүй болчихдог.

Хүмүүс хоорондын харилцаа хэзээ ч төгс тэнцвэртэй байдаггүй бөгөөд урьдчилж таашгүй аюулуудаар дүүрэн байдаг. Эзэний залбирлын үеэр Есүс биднийг тэдгээр харилцаануудын төлөө залбирахад хүргэдэг. Амьдралд бид өөрсдөд маань буруу зүйл хийсэн өртнүүдтэй харилцах ёстой болдог. Бид өөрсдөө ч хүмүүсийг зохих ёсоор хайрладаггүй. Зарим хүмүүсийг хайрлах ёстой хэмжээгээр нь хайрлаж чаддаггүй шүү дээ. Бид бүгд нүгэлтнүүд. Бүх хүнд тооцоо хийх ёстой зүйлс байдгийг бүү мартаарай. Бид бусад хүмүүст өртэй бөгөөд бүгдэд маань тооцоо хийх ёстой зүйлс байдаг учраас уучлагдахын тулд уучилж сурах хэрэгтэй юм. Чадах хэрээрээ уучлах урлагийг хэрэгжүүлэхгүй бол хүмүүс хамтдаа амьдарч чадахгүй. Уур хилэнг ачлал, нээлттэй зүрх сэтгэл, номхон дөлгөөн зан болон тэвчээрээр дарна.

Эцэст нь уур хилэнгийн тухайд хэлэх нэг зүйл бий. Уур хилэн бол дайн, хүчирхийллийн эх сурвалж болсон аймшигт гаж буруу гэгддэг. Илиадын оршил хэсэгт "хязгааргүй зовлонгийн" шалтгаан болох Ахиллесийн уур хилэнг дүрсэлсэн байдаг шүү дээ. Гэхдээ уур хилэнгээс үүдэлтэй бүх зүйл эндүү ташаа гэсэн үг биш. Бидний дотор үгүйсгэж болохгүй, үгүйсгэх ч ёсгүй уур уцаар байдгийг эртний хүмүүс сайн ойлгодог байв. Хүчтэй сэтгэл хөдлөлүүд маань тодорхой хэмжээнд сэхээрэлт бус шинж чанартай байдаг. Тэд бол амьдралд байдаг л зүйл. Уур хилэн төрөх эсэхийг бид хянаж чадахгүй ч, түүнийг өрдөх эсэхээ өөрсдөө шийддэг билээ. Зарим үед уураа зөв аргаар гаргах нь сайн. Хэрэв хүн хэзээ ч уурладаггүй, шударга бус явдалд зэвүүцдэггүй, сул дорой хүмүүс дарангуйлалд өртөхийг хараад дотроо ямар нэгэн зүйл мэдэрдэггүй бол Христэд итгэгч байтугай хүн биш болно.

Ариун зэвүүцэл гэж байх боловч тэр нь уур хилэн биш, харин дотоод сэтгэлийн хөдөлгөөн юм. Есүс амьдралдаа хэд хэдэн удаа түүнийг мэдэрсэн (Марк 3:5). Тэр хэзээ ч хорон мууд хорон муугаар хариулаагүй. Есүс өөрийн сүнс, сэтгэлд зэвүүцлийг мэдэрч, ариун сүм дэх худалдаачдыг хөөн гаргахдаа уур хилэн бус, харин Эзэний өргөөний төлөөх зүтгэлээс үүдэлтэй хүчтэй бөгөөд урьдаас зөгнөсөн үйлдлийг хийсэн билээ (Матай 21:12-13). Хичээл зүтгэл, ариун зэвүүцэл болон муу уур хилэнг бид сайтар ялгах ёстой.

Хүчтэй сэтгэл хөдлөлүүдээ Ариун Сүнсний тусламжтайгаар зохистой хэмжээнд илэрхийлэх нь бидний хариуцлага. Тэдгээрийг хорон муу руу биш, сайн сайхан руу чиглүүлэх нь биднээс хамаарна. Баярлалаа.

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн зочид, ялангуяа Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчдөд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэн болон танай гэр бүлийнхэнд бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг хүсэн би залбирч байна. Тэнгэрбурхан та бүхнийг ивээг!

 

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ: Өнөөдрийн гаж буруу, эрдэм буяны тухай цуврал хичээлээрээ бид "уур хилэнг" авч үзэх болно. "Уур хилэн" нь гомдлынхоо талаар дахин дахин бодохоос эхэлдэг ч эцэстээ өөрсдийг маань сүйтгэж, бусадтай харилцах харилцаануудад маань сөргөөр нөлөөлж, бүр хүчирхийлэл, дайнд ч хүргэж болдог. Бидний эсрэг нүгэл үйлдсэн хүмүүсийг уучлахыг Есүс бидэнд сургасан бол уур хилэн дээрээ нар жаргаахгүй байхыг Паул гэгээнтэн уриалсан билээ. Гэхдээ хорон муу болон шударга бус явдлын өмнө зөвт зэвүүцэл буюу зохих уур төрж болно. Бүх хүчтэй сэтгэл хөдлөлөө, тэр дундаа уур хилэнгээ Ариун Сүнсний хишиг ивээлийн тусламжтайгаар эвлэрэл, шударга ёс, амар амгалан бүхий Тэнгэрбурханы хаанчлалд зориулахын тулд удирдан чиглүүлэх нь бидний хариуцлага юм.

31 January 2024, 11:16

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >