НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2024 оны 2 сарын 28, Лхагва гараг
Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 9. Атаа жөтөө, их зан
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Католик шашны оюун санааны уламжлалаар дамжин бидэнд ирсэн гаж буруугийн жагсаалтаас атаа жөтөө ба их зан хэмээх хоёр аюултай гаж бурууг бид өнөөдөр судлах болно.
Эхлээд атаа жөтөөг авч үзье. Ариун Судраас үзэхэд (Эхлэл 4-ийг үзнэ үү) атаархал бол хамгийн эртний гаж буруугийн нэг болох нь харагддаг. Абелын өргөлийг Тэнгэрбурхан таалсныг мэдээд Каин дүүгээ үзэн ядаж эхэлсэн. Каин бол Адам Ева хоёрын ууган хүү бөгөөд эцгээсээ хамгийн ихийг өвлөн авсан нэгэн билээ. Тэгсэн атлаа дүү Абел нь бага зэрэг амжилт гаргахад Каины уур хилэн бадардаг. Атаархсан хүний царай үргэлж гунигтай байдаг. Түүний харц үргэлж доош чиглэх ба, газар шинжиж байх шиг харагддаг. Гэвч түүний сэтгэл санаа муу муухай бодлоор дүүрснээс болоод бодит байдал дээр тэр юуг ч олж хардаггүй. Хяналтгүй орхисон атаа жөтөө биднийг өөр хүнийг үзэн ядахад хүргэдэг. Дүүгийнхээ аз жаргалыг тэвчиж чадаагүй Каины гарт Абел алуулсан билээ.
Атаа жөтөө бол зөвхөн Христийн шашны гэлтгүй бүх соёл иргэншлийн философич, мэргэдийн анхаарлыг татсаар ирсэн хорон муу юм. Үзэн ядалт, хайр хоёр түүний үндэс суурь болдог. Нэг хүн нөгөөдөө хорон мууг хүсэх атлаа битүүхэн түүн шиг болохыг хүсэх аж. Нөгөө хүн нь түүний болохыг хүсэж байгаа боловч хараахан болж чадаагүй зүйлийг илчилдэг. Өөр хүний аз завшаан бидэнд шударга бус санагдаж, мэдээж бид түүнээс илүү амжилт эсвэл аз завшааныг хүртэх ёстой гэж дотроо боддог!
Энэ гаж буруу нь Тэнгэрбурханы тухай эндүү ойлголтоос үүдэлтэй. Тэнгэрбурханд биднийхээс өөр, өөрийн гэсэн “тооцоолол” байдаг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөггүй. Жишээ болгож өдрийн янз бүрийн цагт усан үзмийн талбайд гарч ажилласан хүмүүсийн тухай Есүсийн сургаалт зүйрлэлийг авч үзье. Эхэнд ирсэн хүмүүс сүүлд ирсэн хүмүүсээс илүү өндөр хөлс хүртэх эрхтэй гэдэгтээ итгэлтэй байдаг. Харин талбайн эзэн хүн болгонд адилхан хөлс өгөөд, “Өөрийнхөө юмыг хүссэнээрээ зарцуулах нь миний хувьд ёс бус юм гэж үү? Эсвэл өгөөмрөөс минь болж нүд чинь хорсов уу?" хэмээдэг (Матай 20:15). Бид хувиа хичээсэн логикоо Тэнгэрбурханд тулгахыг хүсдэг. Гэвч Тэнгэрбурханы логик бол хайр билээ. Түүний бидэнд өгсөн сайн сайхан зүйлсийг бид бусадтай хуваалцах учиртай. Тийм ч учраас Гэгээн Паул Христэд итгэгч нарт “'Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл” хэмээн уриалсан (Ром 12:10). Энэ бол атаа жөтөөг арилгах арга!
Одоо бүгдээрээ хоёр дахь гаж буруу буюу их занг авч үзэцгээе. Тэр атаархлын чөтгөртэй хамт явдаг. Атаархал, их зан хоёр нийлж бүхий л магтаал хайрыг хүртэж, бүх юмыг болон бүх хүнийг өөрийн ашиг тусын төлөө чөлөөтэй ашиглан ертөнцийн төв байхыг эрмэлздэг хүнийг бий болгодог. Их зан бол өөрийгөө үндэслэлгүйгээр хэтрүүлэн үнэлэх явдал. Их зантай хүний "би"-г тэвчихэд бэрх. Тэр бусдын оронд өөрийгөө тавьж чаддаггүй бөгөөд дэлхий дээр түүнээс өөр хүмүүс байдаг гэдгийг анзаардаггүй. Тэр үргэлж ашиг хонжоо хайж бусадтай харилцах бөгөөд бусдыг дийлэх гэдэг. Өөрийгөө, ололт амжилтуудаа хүн бүрд харуулахаас нааш түүний санаа амрахгүй. Тэр бусдаас байнгын анхаарал халамж нэхдэг гуйлгачин мэт. Түүний онцлог чанарууд ойшоогдоогүй үед тэр маш их уурлана. Тэр, “бусад хүн шударга бус байна, тэд намайг ойлгохгүй байна, намайг ойлгох чадваргүй байна” гэдэг. Евагрий ламтан (Evagrius Ponticus) их занд автсан өөр нэг ламд тохиосон гашуун явдлыг дүрслэн бичжээ. Оюун санааны амьдралынхаа эхэнд амжилт гаргасан тэр лам хүмүүсийн магтаал хүндлэлийг хүртэхээр яаран явжээ. Гэвч тэр оюун санааны амьдралын эхэнд байгаа гэдгээ, удалгүй түүнийг унагах уруу таталт нуугдаж буйг мэдээгүй аж.
Оюун санааны багш нар их занг арилгах арга олныг бичиж үлдээгээгүй. Учир нь ихэрхлийн хорон муу эцэстээ өөрийгөө устгадаг. Их зантай хүний бусдаас авах сан гэж найддаг магтаал нь тун удахгүй өөрийнх нь эсрэг эргэдэг. Хуурамч дүрдээ төөрөлдсөн хэчнээн олон хүн удалгүй өөрсдийг нь ичгүүрт оруулах гэм нүглийг үйлдсэн бол!
Ихэрхлийг даван туулах хамгийн сайн зааварчилгааг Гэгээн Паулын гэрчлэлээс олж болно. Гэгээн Паул даван туулж чадаагүй нэгэн сул талтайгаа үргэлж тэмцэлддэг байжээ. Өөрийг нь энэ тарчлалаас ангижруулж өгөхийг тэр Эзэнээс гурван удаа гуйсан боловч эцэст нь Есүс: “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог" гэж түүнд хариулсан аж. Тэр өдрөөс хойш Паул чөлөөлөгджээ. "Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдөлөөрөө илүү сайрхана" (2 Кор 12:9) хэмээн тэр дүгнэсэн. Бид ч энэ дүгнэлтэд хүрэх ёстой.
УРИАЛГА
Явган цэргийн эсрэг мина ашиглахыг хориглох тухай конвенц хүчин төгөлдөр болсны 25 жилийн ой 3 сарын 1-ний өдөр тохионо. Гэвч зэвсэгт мөргөлдөөн дуусаад олон жил өнгөрсний дараа ч энгийн иргэд, гэм зэмгүй хүмүүс, ялангуяа хүүхдүүд бөмбөг дэлбэрэлтэд өртсөөр байна. Дайн хэчнээн харгис хэрцгий гэдгийг, үр дагаврыг нь энгийн ард түмэн үүрэхээс өөр аргагүйд хүрдэг гэдгийг сануулсан тэдгээр айхавтар зэвсгүүдийн хохирогч нарын төлөө гашуудаж байгаагаа илэрхийлье. Үүнтэй холбогдуулан би хохирогчдод тусалж, дэлбэрэлтэд өртсөн газруудыг цэвэрлэхэд хувь нэмрээ оруулж буй бүх хүнд талархал илэрхийлмээр байна. Тэд ахан дүүсээ халамжилж, энхийг сахиулагчид байх бүх нийтийн дуудлагад бодитоор хариулж буй хүмүүс билээ.
Эрхэм ахан дүүс ээ, Украин, Палестин, Израил болон дайны улмаас зовж шаналж буй бусад ард түмнүүдийг бид мартаж болохгүй. Саяхан Буркина Фасо дахь мөргөлийн газруудад болсон халдлагын хохирогчдын төлөө залбирцгаая. Мөн зэвсэгт бүлэглэлийн гэмт хэрэг, хүн хулгайлах хэргүүд үргэлжлэн гарсаар байгаа Гаити улсын ард түмний төлөө залбирцгаая.
Тусгай мэндчилгээ
Өнөөдөр энд ирсэн хүмүүс, ялангуяа Англи, Ирланд, Нидерланд, Норвеги, Малайз, Вьетнам, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочдод халуун мэндчилгээ дэвшүүлье. Мөн би Английн Твикенхэм дэх Сент Мэригийн их сургуулийн оюутан, профессоруудтай тусгайлан мэндчилье. Та бүхэн болон танай гэр бүлийнхэнд бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг хүсэн залбиръя. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!
Ариун Эцгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ: Эрдэм буян, гаж буруугийн тухай өнөөдрийн хичээлээрээ бид атаа жөтөө, их занд анхаарлаа хандуулах болно. Каин, Абел хоёрын түүхээс л харагдах атаа жөтөө нь бусдад хорсох сэтгэлээр өдөөгддөг, үхлийг авчрах үзэн ядалтад хүргэж чадахуйц хор хөнөөлтэй хүч юм. Гэгээн Паул "Ах дүүсийн хайраар бие биеэ хайрла. Бие биеэ өөрсдөөсөө дээгүүр дээдлэн хүндэл" (Ром 12:10) хэмээх үгсээрээ атаархлыг арилгах аргыг зааж өгчээ. Их зантай хүн өөрийгөө хэт өндрөөр үнэлж, байнга магтаалыг хүсэн, бусдыг өөрийн зорилгын төлөө ашиглах хандлагатай байдаг. Амжилтаасаа илүү сул дорой байдлаараа сайрхах Гэгээн Паулын жишээ их занг даван туулах үр дүнтэй арга болно. Тэнгэрбурханы хүч хүний мөхөсдөлд бүрэн төгс болдог тул Түүний нигүүлсэл бидэнд хангалттай гэдгийг Гэгээн Паулын адилаар бид мэдэх болтугай. Ингэснээр Христийн хүч биднийг чөлөөлж, бид бусдыг илүү өгөөмөр хайраар хайрлаж чаддаг болно.