НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 3 сарын 20, Лхагва гараг
Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 12. Хашир хэрсүү
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Бид өнөөдрийн хичээлээ хашир хэрсүүгийн эрдэм буянд зориулах болно. Шударга ёс, чин бат, хянамж болгоомжийн адил хашир хэрсүү нь үндсэн дөрвөн эрдэм буяны нэг юм. Үндсэн гэгдэх эдгээр эрдмүүд нь зөвхөн Христэд итгэгчдэд байдаг онцгой давуу зүйлс биш, харин эртний мэргэн ухаан, тэр дундаа Грекийн философичдын өвөөс уламжлан ирсэн билээ. Аливаа соёлд Сайн мэдээг нэвтрүүлэн нутагшуулах ажлын хамгийн сонирхолтой чиглэлүүдийн нэг нь эрдэм буяны сэдэв байв.
Дундад зууны үеийн бичвэрүүдэд эрдэм буянуудыг сүнсний эерэг чанаруудын жагсаалт төдийхнөөр илэрхийлдэггүй байлаа. Теологичид сонгодог философичдын бичвэрүүдийг Христийн шашны илчлэлийн хүрээнд авч үзэхдээ эрдэм буяныг долоон зүйлийн цогц (тэнгэрлэг гурван болон үндсэн дөрвөн) болсон нэг төрлийн амьд организм мэтээр төсөөлж байв. Тэрхүү организм нь тус тусын зохист орон зайг эзлэх эрдмүүдээс бүрдэх аж. Тулгуур, багана, капитал (ихэвчлэн нарийн чимэглэл бүхий баганын дээд хэсэг) нь байгууламжид өөр өөрсдийн үүргийг гүйцэтгэдэг шиг, зайлшгүй чухал болон туслах үүрэгтэй эрдэм буянууд гэж бий. Үнэн хэрэгтээ хүн төрөлхтөн болон сайн сайхны төлөөх хүний тасралтгүй тэмүүлэл хоорондын зохирлыг дундад зууны үеийн катедралаас (Хамба ламын сэнтий бүхий тухайн нутаг дэвсгэрийнхээ төв сүм) илүү сайн тайлбарлаж чадах зүйл үгүй болов уу.
Хамгийн түрүүнд хэрсүүжлийг авч үзэцгээе. Энэ нь ямар үйлдэл хийх вэ гэдэгтээ үргэлж эргэлздэг аймхай хүний эрдэм биш. Түүнийг ийн тайлбарлах нь буруу. Хэрсүү байна гэдэг нь зүгээр нэг болгоомжтой байхыг хэлдэггүй. Хэрсүү байдлыг эрхэмлэдэг хүний үйлдэл түүний ухаан бөгөөд эрх чөлөөгөөр удирдуулдаг. Хэрсүү хүн бүтээлч байдаг. Тэр нарийн төвөгтэй бодит байдлыг логик дарааллаар бодож, дүгнэж, ойлгохыг хичээдэг бөгөөд сэтгэл хөдлөл, залхуурал, дарамт шахалт, хоосон мөрөөдөлд автахыг өөртөө зөвшөөрдөггүй.
Гаднах үзэмж, өнгөц бодол давамгайлсан, сайн мууг нухацтай авч үздэггүй энэ ертөнцөд хэрсүүжлийн эртний сургамжийг дахин сэргээж харах нь зүйтэй.
Акуиногийн Томас Гэгээнтэн Аристотелийн философиос үүдэн хэрсүүжлийг "recta ratio agibilium" хэмээжээ. Хэрсүүжил нь үйлдлүүдийг сайн сайхан руу чиглүүлэн удирдах чадвар учраас түүнийг "эрдэм буяныг жолоодогч" гэж нэрлэдэг. Хэрсүү хүмүүс сонголт хийх чадвартай байдаг. Номон дээрх амьдрал үргэлж амархан байдаг боловч өдөр тутмын амьдралын салхи, давлагаан дунд бид ихэнхдээ аль замаар явахаа мэдэхгүй тээнэгэлздэг билээ. Хэрсүү хүмүүс санамсаргүй сонголт хийдэггүй. Юун түрүүнд тэд юу хүсэж байгаагаа мэддэг бөгөөд, нөхцөл байдлыг дэнсэлж, бусдаас зөвлөгөө авч, өргөн цар хүрээнд сэтгэн дотоод эрх чөлөөтэйгөөр аль замаар явахаа сонгодог. Энэ нь тэд алдаа гаргадаггүй гэсэн үг биш. Эцсийн эцэст бид бүгдээрээ хүмүүс шүү дээ. Гэхдээ наад зах нь тэд томоохон бэрхшээлээс зайлсхийж чаддаг юм. Харамсалтай нь аль ч газар аливаа асуудлыг өнгөц тоглоом шоглоом болгож үл тоодог, эсвэл хэрүүл маргаан үүсгэх хандлагатай хүмүүс бий. Удирдахад дуудагдсан хүмүүс хашир хэрсүү байдаг. Тэд удирдах хэцүү гэдгийг, хүмүүсийн харах өнцөг янз янз байдаг бөгөөд тэдгээрийг уялдуулахыг хичээх ёстой гэдгийг, хэсэг бүлэг хүн биш харин хүн бүхний сайн сайхны төлөө ажиллах ёстой гэдгийг мэддэг.
Хэрсүүжил бидэнд "Төгс төгөлдөр бол сайны дайсан" хэмээн сургадаг. Үнэхээр л зарим нөхцөл байдалд хэт их хичээл зүтгэл гамшигт хүргэх боломжтой. Аажмаар босгох шаардлагатай бүтээн байгуулалтыг хэт хурдлуулбал түүнийг нурааж болзошгүй. Хэт их идэвхийлэл зөрчилдөөн, үл ойлголцол, тэр ч байтугай хүчирхийллийг өдөөж болно.
Хэрсүү хүн өнгөрсөн үеийн дурсамжийг хамгаалж мэддэг. Үүнийг тэр ирээдүйгээс айсандаа биш, харин уламжлал бол мэргэн ухааны өв гэдгийг мэддэг учраас хийдэг юм. Амьдрал дээр хуучин, шинэ зүйлс байнга давхцаж байдаг. Дэлхий ертөнц биднээр эхэлсэн, асуудлыг бүр эхнээс нь шийдвэрлэх ёстой гэж бодох нь үргэлж сайн зүйлд хүргэдэггүй. Хашир хэрсүү хүн мөн алсын хараатай байдаг. Нэгэнт ямар зорилгод тэмүүлэхээ шийдсэн л бол түүнд хүрэх бүх арга хэрэгслийг олж авах шаардлагатай.
Сайн мэдээний олон хэсэг биднийг хэрсүү байхад сургадаг. Ухаалаг эр хадан дээр байшингаа барьдаг бол мунхаг эр элсэн дээр барьдаг (Матай 7:24.27). Дэнлүүндээ тос авсан охид ухаалаг, тос аваагүй нь мунхаг (Матай 25:1-13). Христэд итгэгчийн амьдрал бол энгийн бөгөөд хашир байхын хослол. Есүс шавь нараа илгээхдээ тэдэнд: “Харагтун, Би та нарыг сүрэг чонон дундах хонь мэт илгээж байна. Тиймээс могой мэт ухаалаг, тагтаа мэт гэмгүй бай” гэж хэлсэн (Матай 10:16). Эдгээр үгсээрээ Тэнгэрбурхан биднийг зөвхөн гэгээнтнүүд төдийгүй, ухаалаг гэгээнтнүүд байгаасай хэмээн хүсдэгээ илэрхийлэх мэт. Учир нь хэрсүү байхгүй бол хоромхон зуурын алдаа ч буруу зам руу хөтөлж болдог!
Тусгай мэндчилгээ
Би англи хэлээр ярьдаг бүх мөргөлчид, ялангуяа Англи, Нидерланд, Дани, Фаро арлууд, Япон, Солонгос, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн мөргөлчдөд мэндчилж байна. Дөч хоногт цаг улирлын аялал биднийг Ариун Сүнсний хишиг ивээлээр ариусан шинэчлэгдсэн зүрхтэйгээр Амилалтын баярт хүргэх болтугай. Та бүхэн болон гэр бүлийнхнийх нь дээр би Христийн баяр баясгалан, амар амгаланг гуйн залбирч байна!
Ариун Эцгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ: эрдэм буяны тухай үргэлжилсэн хичээлээрээ бид үндсэн дөрвөн эрдэм буяны нэг болох хашир хэрсүүг авч үзэх болно. Уг үндсэн дөрвөн эрдэм буян нь итгэл, найдвар, хайр хэмээх "теологийн" эрдэм буянуудын хамтаар Христэд итгэгчийн амьдралын тулгуур болдог. Хэрсүү байх нь ухаан болон бүтээлч байдал, энгийн бөгөөд хашир байдлыг хослуулах чадвар юм. Мөн нөхцөл байдлын нарийн ширийнийг ойлгож, боломжит шийдлүүдийг үнэлж, өнгөрсөн туршлагаас олж авсан мэргэн ухааныг ашиглахын зэрэгцээ ирээдүйн хэрэгцээг урьдчилан таамаглах чадварыг хэлдэг. Энэ утгаараа Акуиногийн Томас Гэгээнтэн хэрсүүжлийг "зөв бодож үйлдэхүй" хэмээжээ. Есүс сургаалт зүйрлэлээрээ шавь нартаа энэ эрдмийг дадал болгон хэрэгжүүлэхийг байнга захидаг байв. Тэнгэрийн Хаанчлал дахь бүрэн дүүрэн амьдрал руу явах замдаа бид өдөр бүр хэрсүү байх болтугай.