НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 3 сарын 27, Лхагва гараг
Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 12. Тэсвэр тэвчээр
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Өнгөрсөн ням гарагт бид Эзэний тарчлалын түүхийг сонссон билээ. Есүс зовлон зүдүүрийг тэсвэр тэвчээртэйгээр туулсан. Тэсвэр тэвчээр нь эрдэм буяны уламжлалт жагсаалтад байдаггүй боловч тун чухал ач холбогдолтой, зовлон зүдүүрийг хүлцэх чадвартай холбоотой эрдэм буян юм. Тэвчээрийг илэрхийлдэг patience хэмээх англи үг тарчлал буюу passion хэмээх үгтэй ижил язгууртай байгаа нь тохиолдлын хэрэг биш. Христийн тэвчээр Түүний тарчлалын үеэр хамгийн тод харагддаг. Тэр баривчлалт, зодуур, шударга бус ялыг хүлцэнгүй дөлгөөнөөр хүлээн зөвшөөрсөн бөгөөд Пилатыг эсэргүүцээгүй. Цэргүүд Түүнийг доромжилж, нулимж, ташуурдахыг ч Есүс тэвчсэн бөгөөд загалмайг үүрсэн. Өөрийг нь модонд хадсан хүмүүсийг Тэр уучилсан. Загалмай дээр байхад нь өдөөн хатгасан хүмүүст ч Тэр хариу үйлдэл үзүүлэлгүй өршөөсөн билээ. Энэ бүхэн Есүсийн тэвчээр бол зовлон зүдүүрийг сөрөх стоик маягийн хатуужил бус, харин илүү агуу хайрын үр жимс гэдгийг харуулж байна.
Элч Паул "хайрын магтуундаа" (1 Коринт 13:4-7) хайр, тэвчээрийг нягт холбосон байдаг. Үнэхээр ч тэр хайрын эхний шинж чанарыг "уужим" эсвэл "тэвчээртэй" хэмээн орчуулагддаг үгээр тодорхойлдог. Хайр уужим бөгөөд тэвчээртэй. Энэ нь Библид байнга гардаг нэгэн гайхам ухагдахууныг илэрхийлдэг. Хүмүүс бидний итгэлгүй байдалтай тулгарахдаа Тэнгэрбурхан "уурлахдаа удаан" гэдгээ үзүүлсэн (Гэтлэл 34:6; Тооллого 14:18). Хүний хорон муу, гэм нүглийг жигшихийн оронд Тэнгэрбурхан Өөрийгөө илүү агуу болохоо, хязгааргүй тэвчээр гарган шинээр эхлэхэд үргэлж бэлэн байдаг гэдгээ илчилдэг. Паулын хувьд энэ нь гэм нүглийг уучилж өршөөдөг Тэнгэрбурханы хайрын анхны шинж чанар. Түүгээр ч үл барам тэсвэр нь хорон мууд сайн сайхнаар хариулж мэддэг, уур хилэн, цөхрөлд автан хөндийрдөггүй, харин тэвчээртэйгээр дахин оролдлого хийдэг агуу хайр бүрийн эхний шинж чанар юм. Тиймээс тэвчээрийн үндэс нь хайр. Гэгээн Августин хэлэхдээ, "Хүний доторх Тэнгэрбурханы хайр их байх тусам тэр хорон мууг тэсвэрлэх хүчтэй болдог" гэжээ (De patientia, XVII).
Тиймээс Есүс Христийн хайрыг тэвчээртэй Христэд итгэгчээс илүү сайн гэрчлэх хүн байхгүй гэж хэлж болно. Олны нүднээс далд ч өдөр бүр гэгээнтний гэмээр тэвчээрээр хорвоог ивээж байдаг олон ээж аав, ажилтан, эмч сувилагч, өвчтэй хүмүүсийг бодоорой! "Уурлахдаа удаан хүн хатан зоригтноос ч дээр" гэдгийг Бичээс баталдаг (Сургаалт үгс 16:32). Гэвч ихэнхдээ бидэнд тэвчээр дутагддаг гэдгийг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Тэвчээр нь амьдралыг даван туулахад хэрэгтэй "нэн чухал амин дэм" мэт. Хэдий тийм ч бид зөнгөөрөө тэсвэр алдарч, мууг муугаар хариулах гээд байдаг талтай. Тайван байх, инстинктүүдээ хянах, муу муухай хариу үйлдэл үзүүлэхээс зайлсхийх, мөн гэр бүл, ажил, итгэгч нарын бүлгэм дэх хэрүүл маргаан, зөрчлийг арилгах хэцүү.
Гэхдээ тэвчээр нь зөвхөн хэрэгцээ төдийгүй, дуудлага гэдгийг санацгаая. Хэрэв Христ тэвчээртэй юм бол Христэд итгэгч ч тэвчээртэй байх учиртай. Өдгөө өргөн тархаад буй "бүх юмыг даруйхан" авах гэсэн яаруу хүслийн давамгайлал дор хүмүүс нөхцөл байдлын өрнөлийг хүлээхийн оронд түүнийг нэн даруй өөрчлөх ёстой хэмээх дарамт дор амьдарч байна. Энэ сэтгэлгээг эсэргүүцэхийг тэсвэр тэвчээр биднээс шаарддаг. Яарч, тэсвэр алдрах нь оюун санааны амьдралын дайсан гэдгийг мартаж болохгүй. Тэнгэрбурхан бол хайр. Хайрладаг хүмүүс цөхөрдөггүй. Тэд түргэн ууртай байдаггүй, ямар нэг зүйлийг хийхгүй л бол харилцаагаа тасална гэж бусдыг сүрдүүлдэггүй, харин хүлээж чаддаг. Гэрээс явсан хүүгээ хүлээдэг нигүүлсэнгүй Эцгийн түүхийг саная. Тэр хүүгээ ирэхэд нь тэвэрч үнсэхээр тэвчээртэй хүлээж байсан (Лук 15:21). Эсвэл ганц ч буудайг алдахгүйн тулд хорон мууг цаг нь болохоос өмнө устгахаар яардаггүй Эзэний буудай ба үрийн сүүлийн тухай сургаалт зүйрлэлийг санацгаая (Матай 13:29-30).
Ахан дүүс ээ, бид яаж илүү тэвчээртэй болцгоох вэ? Гэгээн Паулын зааснаар тэвчээр нь Ариун Сүнсний үр жимс (Галат 5:22) учраас түүнийг өгөхийг Христийн Сүнснээс гуйх ёстой. “Христийн шашинд эрдэм буян нь зөвхөн сайныг үйлдэх төдийгүй, мууг тэвчих явдал” (Августин, Номлолууд, 46,13) байдаг тул Есүс бидэнд тэсвэр тэвчээрийн номхон хүчийг өгдөг юм. Ялангуяа энэ өдрүүдэд Цовдлогдсон Түүнийг эргэцүүлж, Түүний тэвчээрийг ойлгох нь бидэнд сайн. Мөн таныг хамгийн их бухимдуулж ядраадаг хүмүүсийн талаар Түүнд залбирч, тэднийг хүлцэн тэвчих хишиг ивээлийг гуйх нь тэвчээртэй болоход тусална. Энэ бол бидний маш сайн мэддэг хэр нь үл тоомсорлодог нигүүлслийн үйл билээ. Үүнийг хийх амархан биш. Энэ нь тэднийг Тэнгэрбурханы нүдээр харахыг хүсэхээс эхэлнэ. Тэнгэрбурханы нүдээр харна гэдэг нь хүмүүсийг алдаа дутагдлаас нь ангид, өрөвдөх сэтгэлээр харахыг хэлнэ. Бид бусдыг гаргасан алдаагаар нь ангилдаг зуршилтай. Энэ сайн зүйл биш. Хүмүүсийн алдаа дутагдлыг биш нүүр царай, зүрх сэтгэлийг нь олж харцгаая.
Эцэст нь хэлэхэд, амьдралд өнгө нэмдэг эрдэм буян болох тэвчээрийг төлөвшүүлэхийн тулд өөрийн харах өнцгийг тэлэх нь сайн юм. Жишээлбэл, Imitation of Christ (Христийг дуурайх нь) ном бидэнд "Өөрийн бяцхан гасланг илүү амархан үүрэхийн тулд бусдын үүрч буй томоохон гашуун зовлонг үргэлж сана" гэж заасанчлан дэлхий ертөнцийг зөвхөн өөрсдийн шаналлын үүднээс харж хязгаарлахгүй байх хэрэгтэй. “Тэнгэрбурханы төлөө амссан зовлон ямар ч өчүүхэн бай, шагналгүй өнгөрдөггүй” (III, 19) гэдгийг сана. Дахин хэлэхэд, Иов номд заасны дагуу бид зовлон зүдүүрт автсан үедээ Тэнгэрбурхан бидний урмыг хугалдаггүй гэх гуйвшгүй итгэлтэйгээр, Түүнийг шинээр олж харах найдвартайгаар нээлттэй байх нь сайн юм. Хүндрэл бэрхшээлийг дааж чадах тэсвэр тэвчээртэй байцгаая.
Тусгай мэндчилгээ
Би англи хэлээр ярьдаг мөргөлчид, ялангуяа Филиппин, Пакистан, Канад, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүмүүст халуун мэндчилгээ дэвшүүлье. Ариун гурав хоногт бэлдэн би та бүхний дээр бидний эзэн Есүс Христийн хишиг ивээл, амар амгаланг гуйн залбирч байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!
Ариун Эцгийн үгсийн хураангуй
Эрдэм буяны талаарх үргэлжилсэн сургаалын хүрээнд бид өнөөдөр тарчлалынхаа үеэр Есүсийн үлгэрлэн харуулсан тэсвэр тэвчээрийг авч үзэх болно. Есүсийн тэвчээр зовлон зүдүүрийг сөрөх стоик маягийн хатуужил бус, харин Түүний хайрын үр жимс байв. Гэгээн Паул мөн тэвчээрийг "уурлахдаа удаан", хорон мууг үтэр түргэн сайн сайхнаар хариулдаг Тэнгэрбурханы хайртай холбож авч үзсэн. Үнэхээр л Христэд итгэгчийн тэсвэр тэвчээр бол Христийн хайрын хамгийн баттай гэрч болдог. Энэхүү Ариун долоо хоногийн үеэр бүх бурууг уучилж, дайснууддаа хүртэл өршөөл үзүүлдэг Христийн тэвчээртэй, энэрэнгүй хайрыг дуурайх Ариун Сүнсний хишиг ивээлийг гуйцгаая.