Хайх

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 3 сарын 6, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 10. Омог бардам

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Гаж буруу ба эрдэм буянтай холбоотой шашны сургалтынхаа өнөөдрийн хичээлээр бид хамгийн сүүлчийн гаж буруу болох омог бардмыг авч үзнэ. Түүний Эртний Грекийн нэршлийг "хэтийдсэн сүр жавхлан" хэмээн орчуулж болох юм. Үнэхээр л бардам хүн өөрийгөө өргөмжлөн сайрхаж, хоосон ихэрхдэг билээ. Гаж буруу үргэлж хүний зүрхнээс гардаг гэдгийг тайлбарлах үедээ Есүсийн дурдсан олон гаж буруугийн дунд энэ нэр томьёо гардаг (Марк 7:22). Бардам хүн өөрийгөө байгаагаасаа хамаагүй илүү гэж бодно. Тэр бусдаас илүү гэж танигдахад л санаа тавих бөгөөд өөрийнхөө гавьяаг үргэлж бусдаар хүлээн зөвшөөрүүлэхийг эрмэлзэж, бусдыг дорд үздэг.

Энэхүү тайлбараас үзэхэд бардамналын гаж буруу нь бидний сүүлд танилцуулсан их зантай маш төстэй. Их зан эмгэг мөн боловч бардамналын тарьж болох хорт үр дагавартай харьцуулахад балчир хүүхэд мэт. Эртний лам нар хүний мунхаглалуудыг шинжлэхдээ хорон мууд тодорхой дараалал байдгийг мэджээ. Хүн ховдоглол мэтийн хамгийн бүдүүлэг гэм нүглээс эхэлж, илүү аймшигт гэм нүглүүдэд хүрдэг аж. Бүх гаж буруугийн дотроос омог бардам нь аугаа хатан мэт. Тэнгэрлэг туульс (Divine comedy) бүтээлдээ Данте ариутгах орны хамгийн эхний түвшинд омог бардмыг тавьсан нь санамсаргүй зүйл биш. Энэ гаж бурууд бууж өгсөн хүмүүс Тэнгэрбурханаас хол байх бөгөөд бардамналыг засаж залруулахад Христэд итгэгчийн хийх ёстой бусад бүх тулаанаас илүү цаг хугацаа, хүчин чармайлт шаардагддаг.

Үнэндээ энэ хорон муугийн дотор Тэнгэрбурхан шиг болох гэсэн утгагүй бодлоос үүдэлтэй радикал гэм нүгэл оршдог. Эхлэл номд өгүүлсэнчлэн, бидний анхны өвөг дээдсийн гэм нүгэл ерөнхийдөө бардамналын гэм нүгэл байсан. Соригч тэдэнд “Та нар түүнээс идсэн тэр өдөртөө л нүд чинь нээгдэн, Тэнгэрбурхан шиг болно” гэж хэлсэн (Эхлэл 3:5). Оюун санааны амьдралын талаар бичээчид бардамналын үр дагавруудыг дүрслэхэд онцгой анхаарсан байдаг. Энэ хорон муу нь өдөр тутмын хүмүүсийн харилцааг сүйтгэж, хүмүүсийг нэгтгэж байх ёстой ахан дүүсийн холбоог хордуулдаг ажээ.

Бардамналд автаж буй хүний шинж тэмдгүүдийг авч үзье. Тэдгээр нь харваас илт байдаг. Бардам хүн ихэмсэг, "хөшүүн" буюу хөдөлшгүй зөрүүд байдаг. Тэр бусдыг зэвүүцэж шүүхдээ хурдан. Ямар ч шалтгаангүйгээр тэр өөрт нь найдваргүй, чадваргүй харагдсан бусад хүмүүсийг эргэлт буцалтгүйгээр шүүж дүгнэнэ. Сайн мэдээний айлдлын дагуу Есүс бидэнд маш цөөхөн ёс суртахууны дүрмийг өгсөн ч тэдгээрийн нэг нь хэзээ ч бүү шүү гэх дүрэм байдгийг ихэмсэг хүн мартдаг. Ул үндэстэй шүүмж хэлэх, эсвэл огт гэм хоргүй үг хэлэх үед эрхэм дээдсийг доромжилсон мэт хэтэрсэн хариу үйлдэл үзүүлэн хилэгнэж, хашхирч, дургүйцэн харьцаагаа тасалдаг бол тэр бардам хүн мөн. 

Омог бардмаас болж шаналж буй хүний төлөө бусдын хийж чадах зүйл ховор. Тэднийг засаж залруулах байтугай ярилцах ч аргагүй. Учир нь эцсийн дүндээ тэд өөрсдийгөө ч анзаарахгүй болсон хүмүүс байдаг. Хэзээ нэгэн цагт тэдний цамхаг сүйрэх тул тэдэнд тэвчээртэй хандах хэрэгтэй. "Бардамнал морьтой яваад, явган буцаж ирдэг" хэмээх Итали зүйр үг бий. Сайн мэдээний айлдалд Есүс маш олон бардам хүнтэй харьцаж байсан. Тэр бардамналаа сайтар нуусан хүмүүсийг ч илчилдэг байв. Петр өөрийн үнэнч байдлаар сайрхаж "Танаас болж бүгд бүдэрлээ ч би хэзээ ч бүдрэхгүй!" гэсэн (Матай 26:33). Гэвч удалгүй тэр бусдынхаа л адил тийм ойрхон ирсэн гэж төсөөлөө ч үгүй байсан үхлээс айн зугтсан билээ. Тийнхүү хамраа сөхөхөө больж гашуун нулимс унагах мөчид нь Петрийг Есүс эдгээж, Петр Сүмийг хариуцах хүнд ачааг үүрэх чадвартай болдог. Петр өмнө нь сайрхаагүй бол дээр байх байсан таамаглалаараа сайрхдаг нэгэн байв. Харин дараа нь сургаалт зүйрлэлд гардагчлан эзэн нь “хамаг хөрөнгөө түүнд даатгаж болох” (Лук 12:44) итгэлтэй шавь болсон билээ.

Бардам үйлдэл бүрийг дарж чадах жинхэнэ эм нь даруу байдал. Даруу байдлаар дамжин аврал ирдэг. Магтаалын дуундаа (Magnificat) Мариа өөрийн хүч чадлаараа зүрхнийхээ бодлуудад бардамнагчдыг тараасан Тэнгэрбурханыг дуулдаг. Бардам хүмүүс шиг Тэнгэрбурханы сүр жавхланг өөртөө авах гэж оролдох хэрэггүй. Учир нь Тэр бидэнд бүхнийг өгөхийг хүсдэг. Тиймээс элч Иаков бардамналаас үүдэн зөрчилдөж зовсон хүмүүстээ хандаж, “Тэнгэрбурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд хишиг ивээлээ өгдөг” гэж бичжээ (Иаков 4:6).

Ийм учраас Дөч хоногт цаг улирлыг ашиглан бардамналтайгаа тэмцэцгээе, ахан дүүс ээ.

Тусгай мэндчилгээ

Өнөөдрийн энд ирсэн хүмүүс, ялангуяа Уэльс, Дани, Швейцар, Индонез, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочдод халуун мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэн болон танай гэр бүлийнхэнд би бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг гуйн залбирч байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээх болтугай!

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ: Эрдэм буян ба гаж буруугийн тухай шашны сургаалынхаа хүрээнд бид өнөөдөр уг үндсэн гэм нүглүүдийн эхнийх нь болох омог бардмыг авч үзэх болно. Эртний бичээчдийн хувьд омог бардам нь "бүх гаж буруугийн хатан" аж. Үнэндээ бардамналын нүгэл нь бүр ч том нүглийг халхалж байдаг. Тэр нь Тэнгэрбурхан шиг болох гэсэн хүний утгагүй дүр эсгэлт билээ. Дантегийн Тэнгэрлэг туульс бүтээлд омог бардам хүмүүс ариутгах орны хамгийн эхэнд шийтгэгддэг. Энэ нь түүнийг даван туулахад хэчнээн хэцүү байдгийг, түүнчлэн бардамнал нь хүмүүсийг Тэнгэрбурханаас ямар их холдуулдгийг илтгэнэ. "Сүйрлийн өмнө бардам зан" явах бөгөөд Тэнгэрбурханы хишиг ивээлээр тэрхүү сүйрэл нь хүнийг даруу байдалд хүргэж болдог. Магтаалын дуундаа Мариа бардамнагчдыг номхотгож, даруу байгсдыг өргөмжилдөг Тэнгэрбурханыг дуулдаг билээ. Элч Иаков бардамналаас үүдэн зөрчилдөж зовсон хүмүүстээ хандаж, “Тэнгэрбурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд хишиг ивээлээ өгдөг” (Иаков 4:6) гэж бичсэн байдаг. Энэхүү Дөч хоногт цаг улирал бидэнд бардамналыг ялан дийлж, даруу болох боломжийг өгөх болтугай. Ингэснээр бид Тэнгэрбурханд улам ойртож, түүний хишиг ивээлийг хангалттай хүлээн авах болно.

06 March 2024, 11:06

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >