Хайх

НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2024 оны 2 сарын 14, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 8. Ачедиа

Эрхэм ахан дүүс ээ,

Уг үндсэн гэм нүглүүдийн дунд ихэнхдээ анзаарагдалгүй өнгөрдөг, магадгүй нэрээс нь болж олон хүн ойлгодоггүй нэг гэм нүгэл бий. Тэр нь ачедиа (acedia) юм. Тийм ч учраас гаж буруугийн жагсаалтад ачедиа гэх нэр томьёог ихэвчлэн залхуурал хойргошил гэх мэт өөр, илүү түгээмэл хэрэглэгддэг үгсээр орлуулдаг. Бодит байдал дээр залхуурал бол шалтгаан гэхээс илүү үр дагавар байдаг. Ажилгүй, хойш суусан, тоомсоргүй авирласан хүнийг бид залхуу гэдэг. Гэхдээ Грек хэлэнд "хайхрамжгүй" гэх утгыг илэрхийлдэг ачедиа нь ихэвчлэн залхуурлын үндэс болдог гэдгийг Цөлд амьдарч байсан эртний Санваартнуудын мэргэн ухаан бидэнд заасан билээ.

Энэ маш аюултай сорилт бөгөөд түүнийг тоглоом шоглоом болгох ёсгүй. Түүний золиос болсон хүмүүс үхэх хүсэлд дарагдсан мэт байдаг. Бүх зүйл тэдэнд жигшил төрүүлнэ. Тэнгэрбурхантай харилцах харилцаа нь уйтгартай санагдаж, тэр ч байтугай өмнө нь зүрх сэтгэлийг нь бүлээцүүлж байсан хамгийн ариун нандин үйлс одоо тэдэнд огт хэрэггүй мэт бодогдоно. Тэд улиран одож буй цаг хугацаа, эргэлт буцалтгүйгээр өнгөрсөнд үлдсэн залуу насандаа харамсаж эхэлдэг.

Aчедиаг "үд дундын чөтгөр" гэж тодорхойлдог. Тэр биднийг өдрийн дунд хэсэгт барьж авдаг. Яг энэ үед л биеийн ядаргаа дээд цэгтээ хүрч, үдийн дараах цагууд нэгэн хэвийн, амьдрахын аргагүй мэт санагддаг шүү дээ. Евагрий ламтан энэхүү сорилтыг дүрслэхдээ "Залхуу хүний нүд байнга цонх ширтэх ба бодол санаандаа тэр зочид айлчлан ирэхийг төсөөлж байдаг [...] Юм уншиж байхдаа залхуу хүн ихэвчлэн эвшээж, нойронд амархан автдаг. Тэр нүдээ үрчийлгэн, гараа хооронд нь үрээд харцаа номоос холдуулан хана руу ширтэнэ. Дараа нь харцаа буцаан ном руугаа эргүүлэн бага зэрэг уншиж байгаад [...]; эцэст нь толгой нь дохилзож, номоо дэрлээд хөнгөн нойронд автах аж. Өлссөн гэдэс нь түүнийг сэрээж, юм идэх хэрэгтэй болох хүртэл тэр унтана" хэмээсэн бөгөөд сүүлд нь, "залхуу хойрго хүн Тэнгэрбурханы ажлыг чухалчлан анхаарч хийдэггүй" гэсэн байдаг. [1]

Энэхүү тайлбар сэтгэцийн болон философийн утгаараа сэтгэл гутралын хорон муутай их төстэй байгааг орчин үеийн хүмүүс уншаад ойлгоно. Үнэн хэрэгтээ ачедиад автсан хүмүүсийн хувьд амьдрал ач холбогдолгүй болж, залбирал уйтгартай болдог бөгөөд амьдралын тулаанууд утгагүй санагддаг. Залуу насандаа тээж явсан хүсэл тэмүүллүүд маань биднийг аз жаргалтай болгож чадаагүй авцалдаагүй зүйлс мэт бодогдоно. Ингээд бид өөрсдийгөө анхаарахаа болих бөгөөд сатаарал, бодлогогүй байдал л цорын ганц гарц мэт санагдана. Мэдээ алдаж, сэтгэл санаагаа бүрэн хоослох хүсэл төрнө… Энэ бүхэн бие махбодын үхлээс өмнө сэтгэлээрээ түрүүлээд үхэж байгаагаас өөрцгүй бөгөөд тун ч муухай зүйл.

Маш аюултай гэдэг нь харагдах энэхүү гаж буруутай тулгарсан бол давж гарах янз бүрийн арга замыг аугаа багш нар бидэнд санал болгосон. Миний хувьд хамгийн чухал санагдсан итгэлийн тэвчээр гэж нэрлэж болох нэг аргыг би тэмдэглэмээр байна. Ачедиад автсан хүн бодит байдлаас зугтаж "өөр хаа нэгтээ байх" хүсэлтэй байдаг. Хэдий тийм ч оронд нь "энд ба одоо" байгаа нөхцөл байдалдаа үлдэж Тэнгэрбурханы оршихуйг угтан авах зоригтой байх хэрэгтэй. Лам нар өөрсдийн умгар өрөөг амьдралын хамгийн сайн багш гэжээ. Учир нь өрөө нь Эзэнтэй эхлүүлсэн хайрын түүхийг нь өдөр бүр тодорхой байдлаар сануулдаг аж. Ачедиагийн чөтгөр одоо энд мэдрэгдэх энгийн баяр баясгаланг, бодит байдлын гайхамшигт талархах сэтгэлийг үгүй хийхийг хүсдэг. Тэр энэ бүхэн дэмий хоосон, утга учиргүй, юуг ч, хэнийг анхааран халамжлах хэрэггүй хэмээн бидэнд итгүүлэхийг хүснэ. Бид амьдралдаа залхуу хүмүүстэй таарах үедээ тэднийг "Уйтгартай!" хэмээж, хамт байхаас зайлсхийдэг шүү дээ. Тэр ч байтугай бүхнээс уйдсан хүмүүстэй хамт байхад хандлага нь бидэнд халдчих гээд байдаг. Энэ бол ачедиа юм.

Ачедиад автан, тэр гэхийн тэмдэггүй тогтворгүй байдалд орж эхлүүлсэн сайхан амьдралаа мунхгаар орхисон хүн хэчнээн олон гээч! Ачедиатай хийх тулаан бол ямар ч үнээр хамаагүй ялах ёстой шийдвэрлэх тулаан юм. Энэ тулааныг гэгээнтнүүд ч тойрч гараагүй. Тэдний өдрийн тэмдэглэлүүдийг уншвал бүх зүйл хар бараан санагдах аймшигт мөчүүдийн тухай, жинхэнэ итгэлийн харанхуйллын тухай бичсэн хуудаснууд бий. Тэдгээр гэгээнтнүүд бидэнд итгэлийн хомсдолыг хүлээн зөвшөөрч, харанхуйллыг тэвчээртэйгээр даван туулахыг сургадаг билээ. Тэд ачедиагийн дарангуйлалд орсон хүнд арай бага амлаж, илүү хүрэх боломжтой зорилго тавихыг санал болгохын сацуу сорилт дунд биднийг хэзээ ч орхидоггүй Есүсийг түшин тэвчээртэй, тууштай байхыг зөвлөсөн байдаг.

Ачедиад соригдсон итгэл үнэ цэнээ алддаггүй. Харин ч эсрэгээрээ, түнэр харанхуй, хэцүү бүхнийг үл харгалзан даруухнаар итгэсээр ирсэн итгэл бол хүний жинхэнэ итгэл юм. Чухамхүү тэр итгэл л үнсэн доорх цог шиг үргэлж зүрхэнд үлддэг. Хэн нэг нь ачедиа хэмээх энэ гаж буруугийн сорилтод орж унасан бол дотогш өнгийн итгэлийн галаа өрдөхийг хичээгээрэй. Ингэж л бид цааш урагшлах болно.

[1] Evagrius Ponticus, The Eight Spirits of Evil, 14.

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид, ялангуяа Англи, Уэльс, Нигери, Солонгос, Америкийн Нэгдсэн Улсын хүмүүст халуун мэндчилгээг дэвшүүлье. Дөч хоногт цаг улирал эхэлж буй энэ үед би та бүхэнд бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг хүсэн залбирч байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Гаж буруу, эрдэм буяны талаарх цуврал эргэцүүллийнхээ хүрээнд бид одоо англиар залхуурал хэмээх утгатай боловч оюун санааны гүн хайхрамжгүй байдлыг илэрхийлдэг ачедиаг авч үзнэ. Энэ нь юуны өмнө Тэнгэрбурхантай харилцах харилцааг хөгжүүлэхэд болон анхааралтай залбирахад сэтгэл ханахгүй байх, дургүйцэх зэргээр илэрдэг. Лам нарын уламжлалд энэхүү "үд дундын чөтгөрийг" итгэлийн тэвчээрээр даван туулах нь хамгийн сайн гэсэн байдаг. Итгэлийн хомсдол эсвэл итгэлийн харанхуйллыг хүлээн зөвшөөрснөөр бид Тэнгэрбурханы хишиг ивээл дор Түүний оршихуйг мэдэрч, үргэлжлүүлэн Түүнд хандах боломжтой болдог. Сорилтыг тэвчээртэйгээр даван туулна гэдэг нь өдөр тутмын амьдралдаа жижиг ч гэсэн бодит зорилгуудыг тавьж, үргэлж бидэнтэй хамт байдаг Есүст найдах гэсэн утгатай болохыг гэгээнтнүүд өөрсдийн жишээгээр бидэнд харуулжээ.

04 March 2024, 08:19

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >