Хайх

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 4 сарын 10, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 14. Чин бат

 

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдрийн хичээлийг бид үндсэн эрдэм буянуудын гуравдугаарт ордог чин батад зориулах болно. Эхлээд Католик шашны сургаалд өгөгдсөн тайлбарыг харцгаая. “Чин бат нь бэрхшээлийн үед тогтвор ба сайныг эрж хайх замаар тууштай сэтгэлийг баталдаг. Энэ нь уруу таталтыг эсэргүүцэх, ёс суртахуунт амьдралын саад бэрхшээлийг давах хүчийг нэмэгдүүлдэг. Мөн бүхий л айдсыг, тэр дундаа үхлээс айх айдсыг даван туулах хүч, сорилт хавчлагатай нүүр тулах хүчийг хүнд өгдөг" (1808). Чин бат хэмээх эрдэм буяны талаарх Католик шашны сургаал ийм.

Эрдэм буянууд дотроос хамгийн “дайчин” шинжтэй нь чин бат. Ёс суртахууны эрдэм буянуудын эхнийх нь болох хянамж болгоомж юуны түрүүнд хүний логик сэтгэлгээтэй холбоотой байсан бол шударга ёс хүсэл зоригтой холбоотой байв. Харин гуравдах эрдэм буян болох чин батыг шашны бичээчид ихэвчлэн эртний хүмүүсийн "дүрэлзсэн хүсэл" хэмээдэг байсан зүйлтэй холбодог. Эртний хүмүүс хүнийг хүсэл тэмүүлэлгүй байх ёстой гэж үздэггүй байв. Хэрэв тийм байсан бол хүн чулуу мэт байх биз. Бүх хүсэл тэмүүллийг гэм нүглийн үлдэгдэл гэж бодох нь эндүүрэл. Харин тэднийг сургаж, чиглүүлж, Баптисмийн усаар эсвэл Ариун Сүнсний галаар ариусгах ёстой юм. Зориггүй, өөрийн хүчийг сайн сайхны төлөө ашигладаггүй, хэнд ч төвөг уддаггүй Христэд итгэгч байх нь тусгүй. Есүс бол хүний сэтгэл хөдлөлийг мэддэггүй эмзэг хэврэг Тэнгэрбурхан, эсвэл бүх хүслийг дарж хатамжилдаг Тэнгэрбурхан биш. Харин ч эсрэгээрээ. Тэр найз Лазарынхаа үхэлтэй нүүр тулахдаа нулимс дуслуулан уйлсан билээ. Түүний хүсэл тэмүүлэл хэлсэн зарим үгсээс нь тод харагддаг. Тухайлбал Тэр: “Би газар дээр гал хаяхаар ирсэн. Энэ гал хэдийн ассан байхыг Би ямар их хүснэ вэ!” (Лук 12:49) гэж хэлсэн бөгөөд ариун сүмд худалдаа хийх хүмүүсийг хараад хүчтэй хариу үйлдэл үзүүлсэн (Матай 21:12-13). Есүс хүсэл тэмүүлэлтэй байлаа.

Одоо бүгдээрээ үр жимстэй амьдрахад тусалдаг энэхүү чухал эрдэм буяны экзистенциал тодорхойлолтыг харцгаая. Эртний Грекийн философичид болон Христийн шашны теологичид бүгд чин батын идэвхгүй бөгөөд идэвхтэй гэсэн хоёр талт хөгжлийг хүлээн зөвшөөрдөг.

Чин батыг хөгжүүлэх үйл явц эхлээд дотоод сэтгэл рүү чиглэдэг. Сэтгэлийн түгшүүр, шаналал, айдас, гэм буруугийн мэдрэмж хэмээх дотоод дайснуудаа бид ялах ёстой болдог. Тэд биднийг дотроос өдөөн хатгаж, зарим нөхцөлд хөшөөж орхих нь ч бий. Хэчнээн олон дайчин сорилт эхлэхээс ч өмнө бууж өгдөг билээ дээ! Энэ нь тэд дотоод дайснуудаа мэдээгүйгээс болдог юм. Чин бат бол юуны түрүүнд өөрсдийгөө ялан дийлэх явдал. Бидний дотор үүсдэг ихэнх айдас бодит бус бөгөөд биелэхгүй байх нь олонтоо. Иймд Ариун Сүнсийг дуудаж, чин бат тэвчээртэйгээр бүхнийг даван туулах нь илүү дээр юм. Асуудлуудтай нэг нэгээр нь чадах чинээгээрээ нүүр тулах нь дээр. Гэхдээ ганцаараа биш шүү! Бид Тэнгэрбурханд итгэж, сайн сайхныг чин сэтгэлээсээ эрэлхийлэх үед Тэр бидэнтэй хамт байдаг. Ямар ч нөхцөл байдалд Тэр биднийг хамгаалж, хуяг өмсгөнө гэдэгт найдаж болно.

Чин батыг хөгжүүлэх үйл явцын илүү идэвхтэй хоёр дахь чиглэл бий. Амьдралд дотоод сорилтуудаас гадна гадаад дайснууд гэж бий. Тэдгээр нь сорилт хавчлагууд, бидний төсөөлөө ч үгүй саад бэрхшээлүүд юм. Бид ирээдүйд юу болохыг урьдчилан таамаглах оролдлогууд хийж болох ч, бодит байдал ихэнхдээ тооцоолж боломгүй үйл явдлаар дүүрэн. Амьдралын далайд гарсан бидний завь давлагааны эрхээр ийш тийш шидэгддэг. Харин чин бат биднийг айж, шантардаггүй тэсвэртэй далайчид болгодог юм.

Чин бат нь дэлхий дээрх хорон муугийн сорилтыг нухацтай авч үздэг учраас үндсэн эрдэм буян болдог. Зарим хүн хорон муу гэж байхгүй, бүх зүйл сайхан байгаа мэт дүр эсгэдэг. Тэд хүний хүсэл зориг заримдаа сохор байдгийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд үхэл авчрагч хар хүч түүхэнд байгаагүй гэцгээдэг. Гэвч түүхийн ном, тэр ч бүү хэл сонин сэтгүүл эргүүлэхэд л дайн, хүчирхийлэл, боолчлол, ядуусын дарлал гэх мэт эдгэж амжаагүй, цус гарсаар байх шархнууд одоо ч байгааг харж болно. Тэдгээр хорон үйлдлүүдийн заримаас нь болж бид хохирдог ч, заримыг нь бид өөрсдөө үйлддэг. Чин бат хэмээх эрдэм буяны тусламжтайгаар бид хорон үйлсэд "үгүй" хэмээн чангаар хариулж чадна. Өдгөө Өрнөдөд бүх зүйлийн хүч суларч, төгс төгөлдөрт хүрэх эрэл хайгуулыг жамаараа л болчихдог энгийн нэгэн үйл явц мэт үзэж, юмс хэвээрээ харагдах учраас тэмцэл хийх ч шаардлагагүй мэт болжээ. Энэ тав тухтай ертөнцөд зөнч нар бидэнд дутагдаж байна. Гэвч томоохон өөрчлөлтийг авчрах алсын хараатай хүмүүс маш ховор. Хэвтэж буй зөөлөн газраас маань босгож, хорон муу, хайхрамжгүй байдалд хүргэх бүх зүйлд тууштайгаар, дахин дахин "үгүй" гэж хэлэх хүн бидэнд хэрэгтэй байна. Хорон муу болон хайхрамжгүй байдалд "үгүй"; хөгжил дэвшил болон биднийг урагшлуулах замд "тийм" гэж хариулахын тулд бид тэмцэх ёстой.

Сайн мэдээний айлдлаас Есүсийн чин бат чанарыг дахин харж, гэгээнтнүүдийн гэрчлэлүүдээс суралцацгаая. Баярлалаа.

 

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид, ялангуяа Англи, Дани, Нидерланд, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн бүх хүнд халуун мэндчилгээ дэвшүүлье. Казахстан улсын олон хэсгээр их хэмжээний үерийн гамшиг тохиолдож, олон мянган хүнийг орон гэрээс нь нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн. Казахстаны ард түмэн миний оюун санаанд ойр байгааг би хэлмээр байна. Хүн бүр энэхүү байгалийн гамшгаас болж зовж шаналж буй хүмүүсийн төлөө залбираарай. Хэцүү үед ч бид амилсан Христийн баяр баясгаланг дурсан санадаг билээ. Та бүхэн болон танай гэр бүлийнхний дээр би Эцэг Тэнгэрбурханы хайрын нигүүлслийг дуудан залбирч байна. Эзэн та бүхнийг адислах болтугай!

Миний бодол зовж шаналж буй Украин, Палестин, Израил улсууд руу чиглэж байна. Эзэн хүн төрөлхтөнд амар амгаланг өгөх болтугай. Дайн хаа сайгүй болж байна шүү дээ! Мьянмар улсыг ч бид мартаж болохгүй. Эзэнээс амар амгаланг гуйж, дайны хөлд нэрвэгдсэн газруудад ихээхэн шаналж буй ахан дүүсээ мартахгүй байцгаая. Хамтдаа, үргэлж энх тайвны төлөө залбирцгаая. Баярлалаа.

 

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ: Эрдэм буяны талаарх үргэлжилсэн хичээлийнхээ хүрээнд бид өнөөдөр Католик шашны сургаалд "бэрхшээлийн үед тогтвор ба сайныг эрж хайх замаар тууштай сэтгэлийг баталдаг ёс суртахууны эрдэм буян" гэж тодорхойлсон чин батыг авч үзнэ. Христ доторх шинэ амьдралыг бүрэн дүүрэн амьдрахад саад болдог бүх бэрхшээлийг даван туулах, уруу таталтыг эсэргүүцэхэд туслах хишиг ивээл, хүчийг энэхүү эрдэм буян бидэнд өгдөг. Эдгээр саад тотгорууд нь айдас, түгшүүр, гэм буруугийн мэдрэмж гэх мэт дотоод чанартай байж болно. Эсвэл сорилт, зовлон зүдүүр, хавчлага гэх мэт гадаад чанартай ч байж болно. Чин батын эрдэм буяныг төлөвшүүлснээр бид хорон муугийн бодит байдалд нухацтай хандаж, эргэн тойрныхоо ертөнц дэх шударга бус зүйлсийн эсрэг идэвхтэй тэмцэх чадвартай болдог. Есүс болон гэгээнтнүүдийн үзүүлсэн чин бат, тэсвэр тэвчээрийн жишээ Христ итгэлийн аян замд биднийг урамшуулж, амилсан Христ нүгэл, үхлийг ялан дийлсэн гэдэгт итгэх бидний итгэлийг бататгах болтугай.

10 April 2024, 13:34

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >