Хайх

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 4 сарын 24, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 16. Ариун Сүнс доторх хишиг ивээлт амьдрал

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Сүүлийн хэдэн долоо хоногт бид хашир хэрсүү, шударга ёс, чин бат, хянамж болгоомж хэмээх үндсэн дөрвөн эрдэм буяны талаар эргэцүүлсэн билээ. Өмнө нь хэд хэдэн удаа онцолж байсанчлан, энэ дөрөв Христийн шашин дэлгэрэхээс ч өмнөх эртний мэргэн ухаанаас үүдэлтэй. Хүмүүс Христээс ч өмнө үнэнч шударга байдлыг иргэний үүрэг, мэргэн ухааныг үйлдлийн чиглүүлэг болгохыг сургамжилж ирсэн. Мөн эр зориг нь сайн сайханд тэмүүлэх амьдралын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдгийг, аливаа зүйлийг хэтрүүлэхээс сэргийлэхийн тулд тунг нь зөв тохируулахыг номлож байв. Эцэг өвгөдөөс уламжилж ирсэн энэхүү хүн төрөлхтний өвийг Христийн шашин өөр зүйлээр орлуулаагүй. Харин ч улам анхаарал хандуулж, сайжруулж, тунгааж, итгэл бишрэлд нэгтгэсэн юм.

Эрэгтэй, эмэгтэй хүн бүрийн зүрхэнд сайн сайхныг эрэлхийлэх чадамж байдаг. Хүмүүс сайныг муугаас ялгаж, муугаас зайлсхийн сайныг баримталснаар бүрэн боловсорч чаддаг. Үүний төлөө Ариун Сүнс өгөгддөг юм.

Хүн бүр бялхам, дүүрэн амьдралд тэмүүлэх тавилантай. Дүүрэн амьдралд хүрэх гэсэн тэрхүү замналдаа Христэд итгэгч нар Ариун Сүнс буюу Есүсийн Сүнсний онцгой тусламжийг хүлээн авдаг. Ариун Сүнсний онцгой тусламж зөвхөн Христийн шашинд хамааралтай гурван эрдэм буянаар дамжин хэрэгждэг. Тэр гурван эрдэм буян Шинэ Гэрээний бичвэрүүдэд байнга хамт дурдагддаг билээ. Итгэл бишрэл, горьдол найдвар, энэрэл хайр гурав Христэд итгэгчийн амьдралыг тодорхойлдог суурь эрдэм буянууд бөгөөд үргэлж хамт яригддаг.

Хамтдаа тэднийг хэлцгээе: [хамтдаа] Итгэл бишрэл, горьдол найдвар, энэрэл хайр! Сайн байна!

Сайхан амьдралын чухал цөм болсон үндсэн дөрвөн эрдэм буянаас дээрх гурвыг ялгахын тулд Христийн шашны бичээчид тэднийг "теологийн" буюу тэнгэрлэг эрдэм буянууд гэж нэрлэх болсон. Учир нь Тэнгэрбурхантай харилцах харилцаанаас л тэднийг хүлээж авч хэрэгжүүлэх боломжтой юм. Тэрхүү гурван эрдэм буян Ариун Сүнснээс ирдэг бөгөөд, тэднийг хүн Ариун угаалын ёслолоор хүлээж авна. Тэнгэрлэг болон үндсэн эрдэм буянуудыг олонтоо нэгтгэн авч үздэг агаад, үхэлд хүргэх долоон гэм нүглийн эсрэг сөргүүлэн тавьдаг. Католик шашны сургаалд тэнгэрлэг эрдэм буяныг ингэж тодорхойлжээ: “тэнгэрлэг гурван эрдэм буян нь Христийн сүсэгтний ёс суртахуунт үйлсийн үндэс суурь ба хөдөлгөх хүч болдог бөгөөд хүнлэг эрдэм буянд амь өгдөг. Тэднийг Тэнгэрбурхан итгэгчдийн сүнсэнд шингээдэг бөгөөд ингэснээрээ итгэгчдийг мөнх амьдралыг хүртэх эрхтэй Өөрийн хүүхдүүд болгодог. Тэнгэрлэг гурван эрдэм буян нь хүний доторх Ариун Сүнсний оршихуй ба үйлдлийн баталгаа юм” (Католик шашны сургаал, 1813).

Үндсэн эрдэм буянууд дангаараа сайн үйлсийг баатарлагаар үйлддэг боловч ганцаардмал, тусгаарлагдсан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг төрүүлэх эрсдэлтэй байдаг бол тэнгэрлэг эрдэм буянууд нь Ариун Сүнсээр амьдрахын бэлгийг хүнд өгдөг юм. Христэд итгэгч хүн хэзээ ч ганцаараа байдаггүй. Тэрээр асар их хувийн хичээл зүтгэлийг гаргаснаараа бус, харин даруу шавийн хувиар Багш Есүсийн мөрөөр алхсанаар сайныг үйлддэг билээ. Тэр Есүсийн замаар урагш явдаг. Христэд итгэгч нарт өгөгдсөн тэнгэрлэг гурван эрдэм буян нь бусдаас хамааралгүй амьдрах гэсэн хүслийг анагаагч хүчтэй эм юм. Ёс суртахууныг чанд баримталдаг эрчүүд, эмэгтэйчүүд тэднийг мэдэх хүмүүсийн нүдэнд их зантай, сэхүүн болох эрсдэлтэй байдаг шүү дээ! Сайн мэдээний айлдалд Есүс шавь нартаа энэ аюулыг анхааруулсан: “Түүнчлэн та нар ч мөн адил, та нарт тушаасан бүхнийг гүйцэтгээд “Бид тусгүй боолууд. Бид зөвхөн юу хийх ёстойгоо л хийсэн” гэж хэл” (Лук 17:10). Бардамнал бол хүчтэй хор. Ганцхан дусал нь л бүхэлдээ сайн сайхан амьдралыг сүйтгэх хүчтэй. Сайн үйлийг олноор үйлдэж, магтаал шагналыг ихээр хураасан хүн бүгдийг зөвхөн өөрийнхөө төлөө, өөрийгөө өргөмжлөхийн тулд хийсэн бол тэр эрдэм буянт хүн мөн гэж үү? Үгүй!

Сайн сайхан бол зөвхөн хүрэх ёстой цэг биш, харин тийш хүрэх арга зам мөн. Сайныг үйлдэхэд ухаан, нинжин сэтгэл ихээхэн хэрэгтэй. Хамгийн гол нь сайн сайхныг хэтэрхий том болчих гээд байдаг эгогоос салгах хэрэгтэй. “Би” бүх зүйлийн төвд байх үед юмс нуран унадаг. Бүгдийг зөвхөн өөрийнхөө төлөө хийх нь тийм чухал юм гэж үү? Хөөрхийллтэй "би" бүхнийг захирах үед л бардамнал төрдөг шүү дээ.

Тийм нөхцөл байдлыг засаж залруулахад тэнгэрлэг эрдэм буянууд их тустай. Ялангуяа алдаж эндэх үед тэдний ашиг тус их. Учир нь ёс суртахууныг эрхэмлэдэг хүмүүс ч заримдаа алдаа гаргадаг. Бид бүгдээрээ гэм нүгэлтэй хүмүүс. Өдөр бүр эрдэм буянт үйлсийг хийдэг хүмүүст ч алдах үе бий. Бид бүгд амьдрах явцдаа алдаа гаргадаг. Бидний ухаан үргэлж саруул байдаггүй, хүсэл зориг үргэлж бат байдаггүй. Хүсэл шуналуудаа захирч чадахгүй үе, айдсыг эр зоригоор даван туулж чадахгүй үеүд тохионо. Гэвч сүнсний Багш болсон Ариун Сүнсэнд зүрхээ нээвэл Тэр бидний дотор тэнгэрлэг эрдэм буянуудыг сэргээж өгдөг. Итгэл алдарсан үед Сүнсний хүчээр Тэнгэрбурхан биднийг итгэл бишрэлд дахин нээж өгнө. Шантарсан үед Тэр бидэнд найдвар төрүүлнэ. Хатуу зүрхтэй болсон үед Тэр түүнийг Өөрийн хайраар зөөлрүүлж өгдөг. Баярлалаа.

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид, ялангуяа Англи, Финлянд, Энэтхэг, Индонез, Танзани болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн бүх хүнд халуун мэндчилгээ дэвшүүлье. Амилсан Христийн баяр баясгалан дотор би та нарт болон танай гэр бүлийнхэнд бидний Эцэг Тэнгэрбурханы хайрын нигүүлслийг дуудан залбирч байна. Эзэн та бүхнийг адислах болтугай!

Дайнд нэрвэгдсэн Украйн, Палестин, Израил, Мьянмар болон бусад олон улс орныг би үргэлж санаж яваа. Дайн бол ямагт ялагдал байдаг. Дайн зэвсэг үйлдвэрлэгчдэд л хамгийн их ашигтай зүйл. Бүгдээрээ энх тайвны төлөө залбирцгаая. Маш ихээр зовж шаналж буй Украины төлөө залбирцгаая. Олон залуу цэрэг үхэл рүүгээ явж байна.. Тэдний төлөө залбирцгаая. Мөн дайнаас болж зовж буй Ойрх Дорнод, Газын зурвас дах хүмүүсийн төлөө залбиръя. Палестин болон Израил хоорондоо эв найрамдалтай, эрх чөлөөтэй, сайн харилцаатай хоёр улс болоосой хэмээн залбирцгаая. Энх тайвны төлөө залбирцгаая.

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ: Эрдэм буяны талаарх үргэлжилсэн хичээлийнхээ хүрээнд бид үндсэн дөрвөн эрдэм буяныг авч үзсэн. Харин өнөөдөр бид тэнгэрлэг гурван эрдэм буяныг авч үзэх болно. Бидний үзсэнчлэн үндсэн эрдэм буянууд нь сайн сайхан амьдралын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг болдог. Гэвч бидний дуудлага болсон Христ доторх бүрэн дүүрэн амьдралд хүрэхэд зөвхөн Тэнгэрбурханы л бидэнд өгч чадах итгэл бишрэл, горьдол найдвар, энэрэл хайрын эрдэм буянууд шаардлагатай. Тэдгээр гурван эрдэм буян нь хүнд Гурвалтай дотно харилцаатай амьдрах чадварыг хайрладаг. Тэд Христийн сүсэгтний ёс суртахуунт үйлсийн үндэс суурь ба хөдөлгөх хүч болдог бөгөөд итгэгчдийг мөнх амьдралыг хүртэх эрхтэй болгодог (Католик шашны сургаал, 1813). Өдөр бүр Ариун Сүнсний хүчинд өөрсдийгөө шинээр нээцгээе. Итгэл найдварыг маань шинэчлэн сэргээхийг, зүрх сэтгэлийг маань хайраараа зөөлрүүлэхийг Түүнээс гуйцгаая.

24 April 2024, 13:11

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >