НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 10 сарын 9, Лхагва гараг
Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 8. “Тэд бүгд Ариун Сүнсээр дүүрэв”. Элч нарын Үйлс ном дахь Ариун Сүнс
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд! Ариун Сүнс ба Сүмийн тухай шашны цуврал хичээлийнхээ хүрээнд бид өнөөдөр Элч нарын Үйлс номыг авч үзнэ. Пентекостын өдөр Ариун Сүнс бууж ирсэн тухай түүх хуй салхи, галын хэл зэрэг тэмдгүүдээр эхэлж, "тэд бүгд Ариун Сүнсээр дүүрэв" (Үйлс 2:4) хэмээх үгсээр төгсдөг. Элч нарын Үйлс номыг бичсэн Лук гэгээнтэн Сүмийн бүх нийтийн бөгөөд нэгдмэл чанарыг Ариун Сүнс хадгалдаг хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. “Ариун Сүнсээр дүүрсний” шууд үр нөлөө нь элч нар “харь хэлээр ярьж эхэлсэн” явдал байлаа. Тэд цугласан олонд Есүс Христийг тунхаглахаар Дээд өрөөнөөс бууж ирцгээсэн (Үйлс 2:4 болон дараах эшлэлүүд). Үүгээр Лук ард түмнүүдийн хоорондох шинэ эв нэгдлийн тэмдэг болох Сүм нь бүх нийтийн төлөө оршдогийг онцлон харуулахыг хүсжээ. Сүнс эв нэгдлийн төлөө ажилладгийг бид хоёр аргаар харж болно. Нэг талаас Тэр Сүмийн ажлыг гадагш чиглүүлдэг. Ингэснээр Сүм улам олон хүн, ард түмнийг өөртөө угтан авдаг. Нөгөө талаас Тэр Сүмд цуглуулсан хүмүүсийнхээ эв нэгдлийг бэхжүүлдэг. Ариун Сүнс Сүмийг өргөжин тэлж бүх хүнийг хамруулахад, мөн хамтдаа эвлэлдэн нэгдэхэд сургадаг. Бүх нийтийн бөгөөд нэгдмэл байдал нь Сүмийн тайлбарлашгүй нууц билээ. Үйлс номын 10 бүлэгт гардаг Корнелийн өөрчлөлтийн хэсгээс бид Сүм бүх нийтийнх болохыг харах боломжтой. Пентекостын өдөр элч нар Иудейчүүд болон Мосегийн хуулийг баримтлагч бүх ард түмэнд Христийг тунхагласан. Иудейчүүд болон харь шашинтнуудын хоорондох сүүлчийн ханыг нураасан анхныхтай тун төстэй өөр нэг "Пентекост" зуутын дарга Корнелийн гэрт болж, элч нарын ажлыг тэлж өгсөн юм (Үйлс 10-11). Үндэс угсааг дамнасан энэхүү өргөжин тэлэлт цаашлаад тив дамнав. Үйлс номоос уншсанчлан (эшлэл 16:6-10) Паул Бага Азийн шинэ бүс нутагт Сайн мэдээг тунхаглахыг хүссэн ч үүнийг “Ариун Сүнс хориглосон” хэмээн бичигдсэн байдаг. Тэр Битун руу явахыг завдсан боловч Есүсийн Сүнс үүнийг зөвшөөрөөгүй. Дараагийн шөнө нь элч Паул зүүдэндээ Македони руу явах тушаал хүлээн авснаар Сүнсний гэнэтийн хоригийн шалтгааныг бид олж мэдсэн билээ. Ийнхүү Сайн мэдээ төрөлх Ази тивээсээ гарч, Европт нэвтэрчээ. Цаашлаад Ариун Сүнс эв нэгдлийг бий болгодог гэдэг нь Үйлс номын 15 бүлэгт өгүүлэгддэг Иерусалимын Зөвлөлийн үйл ажиллагаанаас харагддаг. Сүмд нэмэгдэж орж ирсэн олон хүний нэгдмэл байдлыг алдагдуулахгүй байх учиртай.
Ариун Сүнс үргэлж Пентекостын өдөр шиг гайхамшигт, шийдэмгий үйлдлээр эв нэгдлийг гэнэтхэн бий болгочихдог уу гэвэл үгүй. Тэр ихэнх тохиолдолд хувь хүний хурд, ялгааг хүндэтгэн хүмүүс болон байгууллагууд, залбирал болон маргаанаар дамжуулан чимээгүйхэн ажлаа хийдэг. Өнөөдрийн бидний хэллэгээр синод буюу хамт алхах замаар Ариун Сүнс ажлаа хийдэг гэж хэлж болно. Олон бурхан шүтдэг байж байгаад Христэд итгэдэг болсон хүмүүст Мосегийн Хуулийн үүрэг хариуцлага адилхан хамаарна гэдгийг бүх Сүмд зарлахдаа элч нар олны мэдэх дараах үгсийг хэлсэн билээ: "Учир нь энэ нь Ариун Сүнс болон бидэнд зүйтэй санагдсан ..." (Үйлс 15:28). Гэгээн Августин Ариун Сүнсний хүчээр олж авдаг нэгдмэл байдлыг тайлбарлахдаа өдгөө сонгодог гэгдэх болсон нэгэн дүр зургийг ашиглажээ. " Сүнс хүний биеийнх байдагчлан Ариун Сүнс Христийн биеийнх буюу Сүмийнх юм" [1]. Энэ дүр зураг бидэнд нэгэн чухал зүйлийг ойлгоход тусална.
Ариун Сүнс гаднаас Сүмийн эв нэгдлийг бий болгодоггүй. Тэр биднийг эв нэгдэлтэй байхыг тушаагаад л болчихдоггүй. Харин Тэр Өөрөө "эв нэгдлийн холбоос" болдог. Тэр л нэгдмэл Сүмийг бий болгодог юм. Цуврал хичээлийн хүрээнд бид Сүмд бүхэлд нь хамаарах зүйлсийг авч үзсэнийхээ дараа хувь хүнд хамаарах зүйлсийг авч үздэг билээ. Сүмийн эв нэгдэл бол хүмүүс хоорондын эв нэгдэл. Түүнийг зургийн самбар дээр биш, харин амьдрал дээр бий болгодог. Энэ нь бодит амьдралд хэрэгжих учиртай зүйл. Бид бүгд зүрхнийхээ гүнээс эв нэгдлийг хүсдэг боловч гэрлэсэн хос, гэр бүлийн хүрээнд ч эв нэгдэл, найрамдал гэдэг хүрэхэд хамгийн хэцүү, хадгалахад бүр ч хэцүү зүйлсийн нэг байдаг.
Эвлэлдэн нэгдэх яагаад тийм хэцүү байдаг вэ гэдгийн шалтгаан нь хүн бүр эв нэгдлийг хүсдэг атлаа зөвхөн өөрийн үзэл бодлоо зөв гэж үздэгт оршино. Өөдөөс маань хараад сууж буй хүн ч өөрийнхөө үзэл бодлыг зөв гэж боддогийг бид мартчихдаг. Ийм байдлаар эв нэгдэл биднээс улам бүр холддог. Хүн өөрийгөө бус харин Тэнгэрбурханыг амьдралынхаа төв болгох хүчин чармайлт гаргасан үед л амьдралын бөгөөд Пентекостын нэгдмэл байдал Ариун Сүнснээс ирдэг. Христийн шашинтнууд хоорондын эв нэгдэл ч мөн өөрсдийн байгаа газраа бусдыг ирэхийг хүлээснээр биш, харин бүгд хамтдаа Христ рүү чиглэх үед л ирдэг. Биднийг эв нэгдэл, амар амгалангийн хэрэгсэл болоход тусална уу хэмээн Ариун Сүнснээс гуйцгаая.
Тусгай мэндчилгээ
Өнөөдөр энд ирсэн хүмүүс, ялангуяа Англи, Шотланд, Дани, Грек, Энэтхэг, Индонез, АНУ-аас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчдөд халуун мэндчилгээ дэвшүүлье. Папын нэрэмжит Беда коллежийн шинэ оюутнуудтай мэндчилье. Та бүхний санваартан болох бэлтгэлийн төлөө би залбирах болно. Та бүхэн болон гэр бүлийнхэнд нь би бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амарамгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!
Ариун Эцэгийн үгсийн хураангуй Эрхэм ахан дүүс ээ. Ариун Сүнсний тухай үргэлжилсэн хичээлээрээ бид Үйлс номын Пентекостын түүхийг авч үзэх болно. Энэ түүхэнд Элч нар “Ариун Сүнсээр дүүрч” Сайн мэдээг дэлхийд тунхаглахаар илгээгдсэн үйл явдлыг өгүүлжээ. Ариун Сүнс бүхий л цаг үед Христийн Биеийн нэгдмэл байдалд бүх ард түмнийг нэгтгэхэд Сүмийг удирдан чиглүүлж ирсэн. Авралын Сайн мэдээгээр дамжуулан бүх ард түмнийг Христтэй болон өөрсөдтэй нь ойртуулж, бүх нийтийн Сүмийн нэгдмэл байдлыг үнэнчээр бататгаж өгөхийг Ариун Сүнснээс гуйцгаая.