НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 11 сарын 20, Лхагва гараг
Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 14. “Сүйт бүсгүйд өгсөн бэлэг”. Нийтийн тусын тулд өгөгдсөн Сүнсний бэлэг болох харизм
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Өмнөх гурван хичээлээр бид Ариун Сүнсний ариусгах үйлийн тухай ярилцсан. Тэрээр энэ үйлийг үндсэн ёслолууд, залбирал, мөн Тэнгэрбурханы Эхийн үлгэр жишээг дагах замаар хэрэгжүүлдэг. Гэвч Ватиканы II Дээд хуралдааны алдартай нэгэн бичвэрт ингэж өгүүлжээ: “Ариун Сүнс нь зөвхөн үндсэн ёслолууд болон Сүмийн үйлчлэлээр дамжуулан Тэнгэрбурханы хүмүүсийг ариусгаж, эрдэм буянаар баяжуулдаг бус, харин ‘Тэр хүн бүрд тус тусад нь бэлгүүдийг Өөрийн хүссэнчлэн хуваарилдаг” (1 Кор 12:11) (Lumen gentium, 12). Өөрөөр хэлбэл, бид бүгд Ариун Сүнснээс онцгой хувийн бэлгүүдийг хүлээн авсан байдаг аж.
Тиймээс Ариун Сүнсний үйл хэргийн хоёр дахь чиглэл болох авьяас билгийн тухай авч үзэх цаг ирлээ. “Charism” буюу авьяас билиг гэдэг үг ойлгоход жаахан төвөгтэй байж мэдэх ч би тайлбарлаж өгье. Нэгдүгээрт, авьяас билиг нь “нийтийн тусын тулд” өгөгдсөн бэлэг (1 Кор 12:7) бөгөөд хүн бүрд тустай байх ёстой. Өөрөөр хэлбэл, энэ нь тухайн хувь хүнийг ариусгахад бус, харин олны “үйлчлэлд” (1 Петр 4:10) зориулагддаг. Хоёрдугаарт, тухайн авьяас билиг нь “нэг хүн” эсвэл “цөөн хүнд” зориулан өгөгдсөн байдаг тул бүх хүнд нэгэн адил өгөгддөггүй. Үүгээрээ тэр бүгдэд ижил өгөгддөг ариусгах хишиг ивээл, тэнгэрлэг эрдэм буян, үндсэн ёслолуудаас ялгаатай юм. Авьяас билиг нь тодорхой хүн эсвэл хамт олонд өгөгдсөн Тэнгэрбурханы бэлэг.
Дээд хуралдаан ч үүнийг тайлбарласан байдаг: “Ариун Сүнс итгэгчдийн дунд төрөл бүрийн онцгой бэлгүүдийг түгээдэг. Эдгээр бэлгүүдийн ачаар Тэр тэднийг Сүмийг шинэчлэн байгуулж, хөгжүүлэх янз бүрийн үүрэг, үйл хэргийн төлөө бэлтгэдэг бөгөөд ‘Нийтийн тусын тулд Сүнсний илрэлийг хүн тусбүрд өгсөн аж’” (1 Кор 12:7).
Харизм бол Христийн сүйт бүсгүй—Сүмийг улам бүр гоо үзэсгэлэнтэй болгохын тулд Ариун Сүнсний хайрладаг “эрдэнэс”, “чимэглэл” юм. Тиймээс Дээд хуралдаан “Эдгээр харизмууд нь онцгой гайхамшигтай эсхүл энгийн түгээмэл байхаас үл хамааран Сүмийн хэрэгцээнд нийцсэн, үр өгөөжтэй байх тул талархалтайгаар хүлээн авах ёстой” гэсэн байдаг (Lumen gentium, 12).
Пап XVI Бенедикт: “Дээд хуралдааны дараах түүхийг ажиглах юм бол үнэхээр шинэчлэл өрнөсөн нь тодорхой харагддаг. Зарим тохиолдолд энэ нь урьдчилан төсөөлөөгүй хэлбэрээр, амьд хөдөлгөөний дунд илэрсэн байх ба Сүмийн дуусашгүй эрч хүчийг бараг л биеэр мэдрэхүйц болгосон” хэмээн тэмдэглэжээ. Энэ бол бүлэг хамт олонд, тодорхой хүнээр дамжуулан өгөгдсөн харизмын жишээ юм.
Бид авьяас билгүүдийг дахин нээн илрүүлэх хэрэгтэй. Учир нь ингэснээр эгэл сүсэгтнүүд, ялангуяа эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн институцийн болон социологийн үүднээс бус, харин библийн, сүнслэг хэмжээстэй нь олж харах юм. Эгэл сүсэгтнүүд сүмийн захиргааны гаднах туслах ажилтнууд биш ээ! Тэд өөрсдийн гэсэн онцгой харизм, бэлгүүдтэй бөгөөд сүмийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг юм.
Гэхдээ харизмын тухай ярихад гарч ирдэг нэг ташаа ойлголтыг нэн даруй залруулах хэрэгтэй: харизм нь зөвхөн гайхамшигтай, ер бусын авьяас билиг, чадваруудад хамаатай зүйл биш. Үнэндээ тэдгээр нь жирийн бэлгүүд байх авч Ариун Сүнсээр өрдөгдөж хайр дотор хэрэгжсэн тохиолдолд ер бусын үнэ цэнтэй болдог. Үүнийг ойлгох маш чухал. Учир нь олон итгэгч харизмын тухай сонсоод, өөрсдөд нь огт байхгүй гэж бодон гуниглаж, Сүмийн хоёрдугаар зэргийн итгэгч хэмээн өөрсдийгөө боддог. Гэвч үгүй! Тэд хоёрдугаар зэргийн итгэгчид биш. Хүн бүр өөрийн гэсэн хувийн болон бүлгийн харизмтай байдаг. Гэгээн Августин үүнд маш сайхан тайлбар өгсөн. Тэрээр өөрийн цаг үеийн хүмүүст хандан: “Хэрэв чи хайрладаг бол чи хоосон биш. Хэрэв чи нэгдмэл байдлыг хайрладаг бол, тэр нэгдэл дотор хэн нэгэнд байгаа ямар нэг зүйл мөн л чинийх гэсэн үг. Хүний биеийн хувьд зөвхөн нүд хардаг боловч нүд гагц өөрийнхөө төлөө хардаг гэж үү? Үгүй, харин гар, хөл, бусад бүх эд эрхтний төлөө хардаг шүү дээ”.
Эндээс бид Гэгээн Паул яагаад энэрэл хайрыг “илүү давуу зам” (1 Кор 12:31) гэж тодорхойлсон байдгийг ухаарна. Учир нь энэрэл хайр биднийг сүм болон өөрсдийн амьдарч буй хамт олноо хайрлахад хүргэдэг. Хайрын ачаар бүх харизм “минийх”, “түүнийх” бус харин биднийх болдог бөгөөд бидний өөрсдийн харизм нийтийн тусын тулд үйлчилдэг юм. Хайр бол харизмыг үржүүлэгч, нэг хүний харизмыг бүх нийтийнх болгон хувиргагч. Баярлалаа!
Ариун Эцэгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ,
Сүм дэх Ариун Сүнсний үйлсийн тухай цуврал номлолоороо бид Түүний ариусгах үйлсийн талаар ярилцсан. Цаашлаад өнөөдөр бид Христийн Биеийг байгуулан бэхжүүлэхэд зориулсан онцгой бэлгүүдийн тухай эргэцүүлэн бодно.
Харизм буюу авьяас билгүүд нь олон янзын хэлбэртэй бөгөөд тэдгээр нь Сүмийн нэгдэл, ариун байдалд хувь нэмэр оруулахын тулд хувь хүнд өгөгдсөн онцгой хишиг ивээл байдаг. Ватиканы II Дээд хуралдаан ялангуяа эгэл сүсэгтнүүдэд, тэр дундаа эмэгтэйчүүдэд хайрлагдсан онцгой бэлгүүдийн ач холбогдлыг онцолсон байдаг. Тэдгээр бэлгүүдийн ачаар сүсэгтэн олон сүмийн үйлсэд хувь нэмрээ оруулдаг билээ. Их бага гэлтгүй тэдгээр бэлгүүд бүгдээрээ Христийн хайрд зориулан өгөгдсөн болохыг Гэгээн Паул бидэнд сануулсан. Учир нь Христийн энэрэл хайр эдгээр бэлгүүдийн эх сурвалж бөгөөд зорилго нь билээ. Ариун Сүнс Сүмийг олон янзын бэлгүүдээр чимэглэснийг нь бид талархан хүлээн авахын сацуу, тэдгээрийг үргэлжлүүлэн хайрлана уу хэмээн Түүнээс залбиран гуйцгаая.