Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА
VATICAN-RELIGION-POPE-AUDIENCE VATICAN-RELIGION-POPE-AUDIENCE 

НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 11 сарын 27, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 15. Ариун Сүнсний үр жимс. Баяр баясгалан

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Ариусгах хишиг ивээл болон харизмын талаар бид ярилцсан. Өнөөдөр харин тэдгээрийн дараах гурав дахь бодит зүйлийг авч үзье. Тэр нь Ариун Сүнсний ажилтай холбоотой “Сүнсний үр жимс”. Сүнсний үр жимс гэж юу вэ? Гэгээн Паул Галатчуудад бичсэн захидалдаа тэдгээрийг жагсаасан байдаг: “Сүнсний үр жимс нь хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, өгөөмөр сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй юм” (Галат 5:22). Нийт есөн “Сүнсний үр жимс” байх аж. Гэвч “Сүнсний үр жимс” гэж чухам юу вэ?

Харизм буюу авьяас билиг бол Ариун Сүнсний хүссэн хүндээ, хүссэн цагтаа өгдөг бэлэг. Харин Сүнсний үр жимс болох хайр, баяр баясгалан, амар амгалан, тэвчээр, энэрэл, өгөөмөр сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй нь Тэнгэрбурханы ивээл ба бидний эрх чөлөөний хамтын ажиллагааны үр дүн юм. Эдгээр үр жимс нь үргэлж “хайраар дамжин ажиллаж буй итгэлийн” (Галат 5:6) бүтээлч чанарыг илэрхийлдэг бөгөөд заримдаа гэнэтийн, баяр баясгалантай байдлаар илэрдэг. Сүмийн хүн бүр элч, зөнч, эсхүл сайн мэдээ тунхаглагч байж чадахгүй. Гэхдээ бид бүгд энэрэнгүй, тэвчээртэй, даруу байж, дайны төлөө биш энх тайвны төлөө хүчин зүтгэж чадна. Тэгэх ч ёстой.

Элч Паулын жагсаасан Сүнсний үр жимснүүдээс би нэгийг онцолж тэмдэглэмээр байна. Тэр нь баяр баясгалан. Ингэхдээ Evangelii Gaudium номлолын эхний мөрүүдийг сануулъя: “Есүстэй уулзсан бүх хүний зүрх болон амьдралыг Сайн мэдээний баяр баясгалан дүүргэдэг. Түүний авралыг хүлээн авсан хүмүүс гэм нүгэл, уй гашуу, дотоод хоосрол, ганцаардлаас чөлөөлөгддөг. Есүстэй хамт баяр баясгалан байнга шинээр төрж байдаг” (№1). Заримдаа гунигтай мөчүүд тохиох ч амар амгалан үргэлж байна. Есүстэй хамт байхад баяр баясгалан, амар амгалан ямагт байдаг.

Баяр баясгалан гэх Сүнсний үр жимс нь хүмүүний бусад баяр баясгалантай ижил нэг шинжийг агуулдаг. Энэ нь ханамжтай дүүрэн байдлын мэдрэмж агаад хүмүүс бид энэ мэдрэмж үүрд үргэлжлээсэй гэж хүсдэг билээ. Гэвч бидний туршлагаас үзэхэд энэ нь боломжгүй. Учир нь энэ дэлхий дээрх бүх зүйл маш хурдан өнгөрөн оддог. Залуу нас хурдан өнгөрнө; эрүүл мэнд, хүч чадал, сайн сайхан байдал, найз нөхөд, дурлалт хүмүүс мөнх биш. Зарим нь зуун жил үргэлжилж болох ч эцэстээ өнгөрч одно. Түүнчлэн, эдгээр нь хурдан өнгөрч одохгүй байлаа ч хэсэг хугацааны дараа хангалтгүй, бүр уйтгартай санагдаж эхэлдэг. Учир нь Гэгээн Августин Тэнгэрбурханд хандан хэлсэнчлэн, “Та биднийг Өөртөө зориулан бүтээсэн ба бидний зүрх Таны дотор амрах хүртлээ хэзээ ч үл амарна”. Хүний зүрх гоо үзэсгэлэн, амар амгалан, хайр, баяр баясгаланг зогсолтгүй эрж хайдаг.

Сайн мэдээний баяр баясгалан нь бусад ямар ч баяр баясгалантай адилгүй. Учир нь тэр өдөр бүр шинэчлэгдэж, халдвартай мэт бусдад дамждаг. “Тэнгэрбурханы хайртай учрах бүрд Тэнгэрбурхан болон хүний хоорондох нөхөрлөл улам цэцэглэж хүн өөрийн хязгаарлагдмал, өөртөө төвлөрсөн байдлаасаа ангижирдаг… Энд л сайн мэдээг дэлгэрүүлэх бүхий л хүчин чармайлтын маань эх сурвалж бий. Амьдралын утга учрыг сэргээдэг хайрыг хүлээн авсан хүн энэ хайрыг бусадтай хуваалцахгүй байж хэрхэн чадах билээ?” (Evangelii Gaudium, 8). Сүнсний үр жимс болсон баяр баясгалан нь цаг хугацааны эрхээр элэгдэхгүй төдийгүй, бусадтай хуваалцах тусам улам бүр нэмэгддэг! Жинхэнэ баяр баясгаланг бусадтай хуваалцахаас өөр аргагүй бөгөөд тэгэх тусам тэр улам бүр дэлгэрдэг.

Таван зуун жилийн өмнө Филипп Нери хэмээх гэгээнтэн Ромд амьдарч байсан. Тэрээр түүхэнд “баяр баясгалангийн гэгээнтэн” хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Баяр баясгалангийн гэгээнтэн шүү! Тэрээр сүмийнхээ ядуу, орхигдсон хүүхдүүдэд хандан: “Хүүхдүүд минь, баяр хөөртэй бай. Би түгшүүр, гунигийг хүсэхгүй байна; та нар гэм нүгэл үйлдэхгүй л байвал надад хангалттай” гэж хэлдэг байжээ. Мөн “Чадвал сайныг үйлд!” гэж хэлдэг байсан аж. Гэсэн хэдий ч түүний баяр баясгалан хаанаас үүдэлтэйг төдийлөн хүмүүс мэддэггүй. Гэгээн Филипп Нери Тэнгэрбурханыг маш их хайрладаг байсан тул заримдаа зүрх нь цээжиндээ багтахгүй мэт санагддаг байжээ. Түүний баяр баясгалан нь бүрэн утгаараа Сүнсний үр жимс байсан. Гэгээнтэн 1575 оны Эвэр бүрээдэлтийн жилд оролцож, долоон сүмд очиж залбирчээ. Түүний энэ үйлдэл нь заншил болон үлдсэн. Тэрээр өөрийн цаг үед баяр баясгалангаар дамжуулан сайн мэдээг дэлгэрүүлдэг байв. Тэр Есүс шиг үргэлж хүмүүсийг уучилдаг байжээ (Есүс бүхнийг уучилдаг!) Магадгүй зарим хүн “Би ийм нүгэл үйлдсэн, үүнийг уучлахгүй байх...” гэж бодож байж болох юм. Гэхдээ Тэнгэрбурхан бүхнийг уучилдаг, Тэнгэрбурхан үргэлж уучилдаг! Тэнгэрбурханы уучлал өршөөлийг хүртэх л жинхэнэ баяр баясгалан. Би санваартнуудад ямагт “Бүхнийг уучил, хэт олон асуулт бүү асуу; харин үргэлж бүхнийг уучил” гэж захидаг.

Сайн мэдээг гунигт баргар төрхтэйгөөр бус, харин нуусан эрдэнэс, үнэт сувдыг олсон хүн мэт баяр хөөртэйгөөр түгээх учиртай. Гэгээн Паул Филиппойн сүмийн итгэгчдэд хандан хэлсэн үгсийг бид өнөөдөр сонссон. Тэр үг бид бүгдэд хамаатай: “Эзэн дотор үргэлж баярла. Би дахин хэлье: баярлагтун! Та нарын тэвчээр бүх хүнд мэдэгдэг. Эзэн ойрхон байна” (Филиппой 4:4-5).

Ахан дүүс ээ, Есүсийн баяр баясгалан бидний зүрхэнд үргэлж орших болтугай. Баярлалаа!

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ, Сүмийн амьдрал дахь Ариун Сүнсний үйлсийн тухай цуврал номлол маань үргэлжилсээр байгаа бөгөөд энэ удаад уламжлал ёсоор “Ариун Сүнсний үр жимс” гэж нэрлэгддэг зүйлсийг авч үзнэ. Үүнд хайр, баяр баясгалан, амар тайван, тэвчээр, энэрэл, өгөөмөр сэтгэл, итгэмж, дөлгөөн зан, өөрийгөө захирахуй (Галат 5:22) ордог. Хүн эрх чөлөөтэйгөөр Ариун Сүнсний хишиг ивээлтэй хамтран ажилласнаар эдгээр үр жимс бий болдог. Өнөөдөр эдгээрийн дундаас миний хувьд маш эрхэм нэгэн үр жимс болох сүнслэг баяр баясгаланг эргэцүүлцгээе. Хоромхон зуур өнгөрөн оддог дэлхийн баяр баясгалантай харьцуулахад Сүнсний баяр баясгалан гүн гүнзгий бөгөөд мөнх үргэлжилдэг. Учир нь тэрхүү баяр баясгалан бидний зүрхэнд орших Ариун Сүнснээс төрдөг юм. Тэнгэрбурханы хайрын баяр баясгалан нь зөвхөн бидний амьдралыг дүүргэхээс гадна бусадтай энэ баяраа хуваалцах хүслийг төрүүлдэг. Гэгээн Паул биднийг “Эзэн дотор үргэлж баярла” (Филиппой 4:4) хэмээн уриалсан билээ. Бид Сайн мэдээний баяр баясгалангийн гэрчүүд болсноор бидний эргэн тойрны хүмүүсийн зүрх Христ дотор шинэ утга учрыг олж, амрах болтугай.

 

27 Арван нэгдүгээр сар 2024, 16:35

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >
Prev
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Next
May 2025
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031