НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 11 сарын 6, Лхагва гараг
Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 12. “Сүнс Өөрөө бидний төлөө зуучлан гуйдаг”. Ариун Сүнс ба Христийн шашны залбирал
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Ариун Сүнсний ариусгах үйлдэл Тэнгэрбурханы Үг ба Үндсэн ёслолуудаас гадна залбиралд илэрдэг. Тиймээс бид өнөөдрийн эргэцүүллээ залбиралд зориулах болно. Ариун Сүнс нь нэгэн зэрэг Христэд итгэгчийн залбирлын эзэн бие бөгөөд тусагдахуун болдог. Өөрөөр хэлбэл Тэр бол залбирал өгөгч бөгөөд залбирлаар өгөгддөг бодгаль юм. Бид Ариун Сүнсийг авахын тулд залбирдаг бөгөөд Ариун Сүнсийг авснаар бид боолын хувиар бус Тэнгэрбурханы хүүхдүүдийн хувиар залбирч эхэлдэг. Боолын хувиар бус, Тэнгэрбурханы хүүхдүүдийн хувиар залбирах тухай тунгаацгаая. Залбирал үргэлж эрх чөлөөт сонголт байх учиртай. “Өнөөдөр би ингэж, тэгж залбирах ёстой, учир нь би ийм тийм амлалт өгсөн. Тэгэхгүй бол там руу явна” гэх бодлоор залбирах нь залбирал биш! Залбирал бол эрх чөлөөт үйл. Ариун Сүнсний тусламжтайгаар бид залбирдаг. Залбирах хэрэгцээ зүрхэнд мэдрэгдсэн үед бид залбирдаг. Хэрэв тийм хэрэгцээ мэдрэгдэхгүй байвал түр азнаад өөрөөсөө, “Яагаад би залбирахыг хүсэхгүй байна вэ? Миний амьдралд юу болоод байна?” гэж асуугаарай. Залбирах хэрэгцээг мэдрэх даруйдаа залбирах нь бидэнд хамгийн тустай байдаг. Энэ нь боолын хувиар бус, хүүхдийн хувиар залбирна гэсэн үг.
Юуны өмнө, бид Ариун Сүнсийг авахын төлөө залбирах хэрэгтэй. Энэ талаар Есүс маш тодорхой айлдсан байдаг: “Та нар ёрын муу атлаа хүүхдүүддээ сайн бэлэг өгөхөө мэддэг бол тэр тусмаа тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйгсдад Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу?” (Лук 11:13). Бид бүгд хүүхдүүд, ач зээ, найзууддаа сайн бэлэг өгч мэддэг. Хүүхдүүд үргэлж сайн бэлэг хүлээн авдаг шүү дээ. Тэгвэл Тэнгэрбурхан бидэнд Ариун Сүнсийг өгөх нь лавтай бус уу? Энэ нь бидэнд эр зоригийг өгч, бид урагшлах боломжтой болдог. Ариун Сүнс залбирлын үеэр үргэлж бууж ирдгийг бид Шинэ Гэрээнээс хардаг. Тэр Есүсийг Иордан мөрөнд баптисм хүртэх үед, Есүсийг “залбирч байхад” (Лук 3:21), мөн Пентекостын үед шавь нар “нэг санаагаар залбирч байхад” (Үйлс 1:14) бууж ирсэн.
Энэ бол бидэнд байгаа цорын ганц “эрх мэдэл” билээ. Ариун Сүнс залбирлыг эсэргүүцэж чаддаггүй. Бид залбирах үед Тэр ирдэг. Библийн нэг хэсгийг санацгаая. Кармел ууланд Баалын худал эш үзүүлэгчид тэнгэрээс гал буулгах гэж үз тарсан боловч юу ч болоогүй. Учир нь тэд хуурамч шүтээн шүтэгчид байсан. Тэд байхгүй бурхныг шүтэж байв. Харин Елиаг залбирч эхлэхэд гал буун ирж, тахилыг шатаасан билээ (1 Хаад 18:20-38). Сүм энэ жишээг үнэнчээр дагаж Ариун Сүнснээс “Ирээч, ирээч” гэж гуйдаг. Ирээч хэмээн гуйх үед Тэр ирдэг. Ялангуяа Талархал магтаалын мөргөлийн үеэр Сүнс шүүдэр мэт бууж, талх ба дарсыг Эвхаристын тахил болгон ариусгадаг.
Бидэнд урам өгөх, хамгийн чухал өөр нэг зүйл бий: бидэнд үнэн залбирлыг өгөгч нь Ариун Сүнс юм. Паул гэгээнтэн үүнийг батлан хэлсэн: “Үүнчлэн мөн Сүнс бидний сул дорой байдалд тусалдаг. Учир нь яаж залбирах ёстойгоо бид мэддэггүй юм. Харин Сүнс Өөрөө үгээр илэрхийлшгүйгээр ёолон бидний төлөө зуучлан гуйдаг. Сүнсний бодол санаа юу болохыг зүрхнүүдийг Нягтлагч нь мэддэг. Учир нь Тэнгэрбурханы хүслийн дагуу ариун хүмүүсийн төлөө Сүнс зуучлан гуйдаг юм” (Ром 8:26-27).
Бид яаж залбирахаа мэддэггүй нь үнэн. Бид өдөр бүр түүнд суралцдаг. Бидний энэ сул дорой байдал нэг үгийн гурван өөр хэлбэрээр илэрхийлэгддэг. Латин хэл мэддэггүй хүмүүс ч гэсэн үүнийг санахад хялбар. “Мali, mala, male petimus” гэх латин хэллэг нь бид муу (mali) учраас буруу зүйлсийг (mala) буруу аргаар (male) хүсдэг гэсэн утгатай. Есүс, “Гагцхүү эхлээд Тэнгэрбурханы хаанчлал ба зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно” хэмээсэн (Матай 6:33). Харин бид олонтоо өөрсдийн хүслийг эрж хайн, Тэнгэрбурхны хаанчлалыг хүсэхээ мартаж орхидог. Бүгдээрээ Тэнгэрбурханы хаанчлалыг хүсэцгээе. Тэнгэрбурханы хаанчлалыг дагаад бүх зүйл ирэх болно.
Бидний сул дорой байхад Ариун Сүнс бидэнд тусалдаг. Тэр бас илүү чухал зүйлийг хийдэг нь, Тэр бидэнд Тэнгэрбурханы хүүхдүүд болохыг маань баталж, бидний аман дээр “Аав аа” гэх үгийг тавьдаг (Ром 8:15; Галат 4:6). Тэнгэрбурханы Ариун Сүнсний хүч чадалгүйгээр бид “Эцэг, Абба” гэж хэлж чадахгүй. Христийн шашны залбирал нь утасны нэг үзүүрт байх хүн нөгөө үзүүрт байх Тэнгэрбурхантай ярих явдал биш. Харин Тэнгэрбурхан бидний дотроос залбирдаг! Бид Тэнгэрбурханаар дамжуулан Тэнгэрбурханд залбирдаг. Залбирна гэдэг нь бид Тэнгэрбурханы дотор орж, Тэнгэрбурхан бидний дотор орох явцыг хэлдэг.
Залбирлын үеэр Ариун Сүнсний Туслагч чанар илэрдэг. Тэр бол бидний хамгаалагч ба өмгөөлөгч. Тэр биднийг Эцэгийн өмнө буруушаадаггүй, харин хамгаалдаг юм. Тийм ээ, Ариун Сүнс биднийг хамгаалдаг. Тэр бидний гэм нүглийг зэмлэдэг (Иохан 16:8). Гэхдээ энэ нь биднийг үр жимсгүй гэмшлээр үгүй хийх бус, харин биднийг Эцэгийн өршөөл нигүүлсэлд баярлах чадвартай болгох зорилготой юм. Бидний зүрх биднийг буруутгасан ч Ариун Сүнс бидэнд “Тэнгэрбурхан бидний зүрхнээс аугаа” гэдгийг сануулдаг (1 Иохан 3:20). Тэнгэрбурхан бидний гэм нүглээс аугаа. Бид бүгд нүгэлтнүүд. Магадгүй та нарын зарим нь хийсэн зүйлсээсээ болж Тэнгэрбурханы зэмлэлийг хүртэхээс айн амар амгаланг олж чадахгүй байж болох юм. Тийм бол залбир, Ариун Сүнсийг дууд. Тэр танд өршөөл хүсэх аргыг зааж өгөх болно. Мөн нэг зүйлийг хэлье. Тэнгэрбурхан хэлний дүрэм гэж мэдэхгүй, Тэр биднийг өршөөл хүсэх үед биднийг хэлж дуусаа ч үгүй байхад өршөөдөг. Тэр биднийг “өр…” гэхэд л аль хэдийн өршөөсөн байдаг. Тэр биднийг түрүүлж өршөөдөг, Тэр үргэлж өршөөдөг. Тэр бидэнтэй хамт байж, “өршөөгөөрэй” хэмээн хэлж дуусахаас өмнө өршөөдөг. Бид “өр…” гэж хэлэхэд л Эцэг үргэлж биднийг өршөөдөг юм.
Ариун Сүнс бидний төлөө залбирдаг агаад бидэнд бусдын төлөө хэрхэн залбирахыг зааж өгдөг. Тэр бидэнд бусдын төлөө залбирах аргыг зааж өгснөөр бид өвчтэй хүн, шоронд байгаа хүн... бүр хадам ээжийнхээ төлөө ч залбирч сурдаг! Үргэлж залбир. Үргэлж. Ямар нэг шалтгаангүйгээр бусдын төлөө залбирахыг Тэнгэрбурхан ихээр таалдаг. Хүн бүр өөр хэн нэгний төлөө залбирдаг шүү дээ. Амброз гэгээнтний хэлснээр хэрэв нэг хүн бүхний төлөө залбирвал залбирал үрждэг (De Cain et Abel, I, 39.). Энэ л залбирал юм. Залбирал бол Сүмийн хийх шаардлагатай маш нандин ажил. Ялангуяа Жүбили жилийн бэлтгэлийн үеэр өөрсдийгөө “Тэнгэрбурханы төлөвлөгөөний дагуу бидний төлөө залбирал хийдэг” Туслагч Сүнстэй нэгтгэх нь тун чухал.
Гэхдээ залбирахдаа тоть шиг бүү байгаарай! Зүрхнийхээ угаас “Эзэн”, “Туслаач, Эзэн”, “Би Танд хайртай, Эзэн” гэж хэлээрэй. Мөн Эзэний Залбирал залбирах үедээ, “Эцэг минь, Та бол миний Эцэг” гэж хэлээрэй. Уруулаар бус чин зүрхээр залбир, тоть шиг бүү бай.
Залбирал бидэнд маш их хэрэгтэй. Ариун Сүнс бидэнд залбирахад туслах болтугай. Баярлалаа.
Тусгай мэндчилгээ
Өнөөдөр энд ирсэн англи хэлтэй мөргөлчид, зочид, ялангуяа Англи, Гана, АНУ, Малайз, Филиппин улсаас ирсэн хүмүүстэй халуун дотноор мэндчилье. Мөн санваартнаар томилогдсоныхоо ойг тэмдэглэж буй Англи, Уэльсээс ирсэн санваартнууддаа мэнд дэвшүүлье. Та бүхэн болон гэр бүлийнхэнд тань Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг хүсэн залбиръя. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!
Эцэст нь, миний бодол залуус, өвчтөнүүд, өндөр настнууд болон шинэхэн гэрлэсэн хосууд руу чиглэж байна. Хүн бүр өдөр тутамдаа итгэл, найдвараар тэтгэгдэн Сайн мэдээний дагуу амьдраасай. Мөн энх тайвны төлөө залбирцгаая. Маш их зовж шаналж буй Украин, Газа, Израилыг мартаж болохгүй. Саяхан гудамжинд 153 энгийн иргэнийг буудан хөнөөсөн явдал болсон нь тун харамсалтай. Бид мөн Мьянмар, Валенсиа хот, Испанийг мартаж болохгүй. Өмнө дурдсанчлан, Валенсиа хотыг тэтгэгч, орхигдсон хүмүүсийн ивээгч Мариа эхийн хөшөө өнөөдөр энд бидэнтэй хамт байна. Валенсиа хотын төлөө Мариа эхийн зуучлан залбирлыг гуйцгаая. Амар амгалан Мариа минь ээ…
Үргэлж найдвараар дүүрэн амьдрахын төлөө Эзэнд залбирцгаая.
Та бүхэнд би адислал хүртээе!
Ариун Эцэгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ.
Сүмийн амьдрал дахь Ариун Сүнсний үйлсийн тухай цуврал номлолоо үргэлжлүүлэн, залбирал дахь Сүнсний үүргийг өнөөдөр авч үзэцгээе. Сайн мэдээний айлдалд Есүс биднийг Сүнсний бэлгийг авахын төлөө залбирахыг заасан. Ариун Сүнс бидний зүрхэнд оршдог бөгөөд амилсан Эзэнтэй нэгдсэн биднийг үнэхээр тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүд болохыг гэрчилдэг. Ариун Сүнсний чиглүүлгийн дагуу бид хувьдаа болон Сүмийн Литургийн үеэр зохих ёсоор залбирч чаддаг. Биднийг өмгөөлж тайтгаруулдаг Туслагч болохынхоо хувьд Ариун Сүнс зөвхөн бидний төлөө залбираад зогсохгүй, биднийг Христийн биеийн нэгдлээр ахан дүүсийнхээ хэрэгцээний төлөө залбирах чадвартай болгодог. Ирж буй Жүбили жилийг хүлээх зуураа ариун байдал, нэгдэл, шударга ёс, амар амгалангийн бэлгүүдийг бидэнд болон нийт хүн төрөлхтөнд өгөхийг Ариун Сүнснээс гуйцгаая.