Хайх

Күүкийн бодлого
Vatican News портал нь вебсайтын ашиглалтыг хөнгөвчлөх, үйлчилгээний ашиглалтыг баталгаажуулахын тулд техникийн эсвэл ижил төстэй күүкийг ашигладаг. Мөн гуравдагч этгээдийн техникийн болон шинжилгээний күүкийг ашиглаж байж болно. Хэрэв та илүү ихийг мэдэхийг хүсвэл энд дарна уу. Энэ баннерыг хааснаар та күүкийг ашиглахыг зөвшөөрч байна.
БИ ЗӨВШӨӨРЧ БАЙНА

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 11 сарын 17, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн литургийн Сайн мэдээний айлдалд Есүс агуу их гамшгийг дүрсэлжээ: "нар харанхуйлж, сар гэрлээ эс гаргана" (Марк 13:24). Энэхүү зовлон зүдүүртэй тулгарсан олон хүн дэлхий төгсөж байна гэж бодож болох ч Эзэн үүнд өөр тайлбарыг өгсөн: “Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс үгүй болохгүй.” (Марк 13:31)

Түүний үгсийг бид нарийвчлан авч үзэх болно. Юу үгүй болж, юу үлдэх вэ?

Юуны өмнө үгүй болох зүйлсийг авч үзье. Амьдралын зарим нөхцөл байдалд, хямралыг даван туулах эсвэл ямар нэгэн бүтэлгүйтлийг мэдрэх үед, түүнчлэн дайн, хүчирхийлэл, байгалийн гамшгаас үүдэлтэй өвдөлтийг эргэн тойрондоо харах үед бүх зүйл төгсөж байгаа мэт мэдрэмж бидэнд төрдөг. Хамгийн сайхан зүйлс ч үгүй болно гэдгийг бид тэр үед ойлгодог. Хямрал, бүтэлгүйтлийг туулах хэцүү ч гэсэн чухал. Учир нь тэд бидэнд бүх зүйлд зохих жинг нь оноох ёстой гэдгийг, энэ ертөнц үгүй болох учраас түүнд хоргодохгүй байхыг заадаг. Энэ ертөнц үгүй болох тавилантай билээ.

Үүний зэрэгцээ Есүс үгүй болохгүй үлдэх зүйлсийг өгүүлсэн. Бүх зүйл өнгөрөн одовч Түүний үгс үгүй болохгүй. Есүсийн үгс үүрд мөнх үлдэнэ. Ийнхүү тэрээр биднийг үхлийн шаналал дор амьдралгүй, аврал ба мөнхийн амийг агуулсан Сайн Мэдээнд итгэхийг урьсан юм. Бүх зүйл өнгөрөн одовч Христ үлдэнэ. Христ дотор бид хэзээ нэгэн цагт дэлхий дээр бидэнтэй хамт байсан зүйлсийг болон хүмүүсийг дахин олох болно. Дахин амилалтын энэхүү амлалт дор бодит байдал шинэ утга учрыг олж авна. Бүх зүйл үгүй болж, бид ч гэсэн хэзээ нэгэн цагт үхэх боловч бид өөрсдийн бүтээсэн, хайрласан зүйлсээсээ юуг ч алдахгүй. Учир нь үхэл шинэ амьдралын эхлэл байх болно.

Ахан дүүс ээ, зовлон зүдүүр, хямрал, бүтэлгүйтлийн үед ч хязгаартай зүйлсийг алдахаас айлгүйгээр мөнхөд үлдэх Эзэний үгс дотор баяр баясгалантай хоргодохыг Сайн мэдээний айлдал бидэнд уриалж байна. Тэнгэрбурхан бидэнд амь, баяр баясгалангаар дүүрэн ирээдүйг бэлдэж байгааг бид мартаж болохгүй.

Тиймээс өөрсдөөсөө дараах асуултыг асуугаарай. Бид өнгөрөн одох дэлхийн юманд хоргодож байна уу, эсвэл үлдэж, биднийг мөнхөд чиглүүлэх Эзэний үгэнд хоргодож байна уу? Энэ асуултыг асуух нь бидэнд тустай байх болно.

Тэнгэрбурханы үгэнд өөрийгөө бүрэн даатгасан Цэвэр Охин Мариад хандан бидний төлөө зуучлан залбирахыг гуйцгаая.

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ,

Өчигдөр Шкодра хотод XX зууны шашны хавчлагын золиос болсон Friars Minor бүлгэмийн санваартан асан Луижи Палич, шашны хүрээний санваартан Гжон Газулли гэсэн хоёр тарчлагчийг Төгс Жаргалт хэмээн өргөмжиллөө. Мөн өнөөдөр Фрайбург им Брейсгау хотод энх тайвны төлөөх итгэл бишрэлийнхээ дагуу нацизмыг эсэргүүцсэн Христ бол Хаан шашны хүрээлэнг үндэслэгч, тарчлагч санваартан Макс Йозеф Мецгерийг Төгс Жаргалт хэмээн өргөмжлөв. Эдгээр тарчлагчдын үлгэр жишээ бидний үед итгэл бишрэлээсээ болж ялгаварлан гадуурхагдаж буй олон Христэд итгэгчийг тайвшруулах болтугай. Шинэ Төгс Жаргалт цолтнуудад зориулан алга ташицгаая!

Өнөөдөр бид "Ядуусын залбирал Тэнгэрбурханд өргөгддөг" (Сир 21:5) гэсэн уриан дор Дэлхийн ядуусын өдрийг тэмдэглэж байна. Шашны хүрээ болон сүмүүдийнхээ хүрээнд санаачилга гарган хамгийн эмзэг бүлгийнхэнд тусалж буй хүмүүст талархъя. Мөн энэ өдөр зам тээврийн осолд өртсөн хүмүүсийг дурсан санацгаая. Тэдний төлөө, төрөл төрөгсдийнх нь төлөө залбирч, ослоос урьдчилан сэргийлэхийн тулд бүгдээрээ хүчин чармайлт гаргая.

Хүн бүр өөрөөсөө энэ асуултыг асуугаарай: Би өөрт хэрэгтэй зүйлээ ядууст өгдөг билүү? Би өглөг өгөхдөө тэрхүү хүний ​​гарт хүрч, нүд рүү нь хардаг билүү? Ахан дүүс ээ, ядууст туслахдаа хойрго хандаж болохгүй!

Итали дахь Сүм хүчирхийллээс амьд үлдсэн хүмүүсийн төлөөх залбирлыг маргааш хийнэ. Би ч тэрхүү залбиралд нэгдэнэ. Хүчирхийлэл бүр итгэлийг алдаж, амьдралаас урвасан хэрэг билээ! "Итгэлцлийг сэргээхэд" залбирал зайлшгүй шаардлагатай.

Ирэх пүрэв гарагт болох Дэлхийн загас агнуурын өдрийг тохиолдуулан би бүх загасчдын төлөө залбирч байгаа. Далайн од болсон Мариа эх загасчид болон тэдний гэр бүлийнхнийг хамгаалах болтугай.

Ром хотын иргэд болон энд ирсэн мөргөлчид та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Ялангуяа Понта Делгада, Загабриагийн сүсэгтнүүд; Эсколания дель Монастрио де Сан Лоренцо де Эль Эскориал ба Виржен дель Квинчийн их баярыг тэмдэглэж буй Ром хотын Эквадор хүмүүсийн холбоо, Киожиа, Каорле тосгодын хүмүүс; Трентогийн Ромено хотын галын бригад, Комо мужийн Нессо хотын сүмийн найрал дуучдад энэ өдрийн мэндийг хүргэе

Ахан дүүс ээ, бүгдээрээ энх тайвны төлөө залбирцгаая. Тарчлан зовсон Украин, Палестин, Израил, Ливан, Мьянмар, Судан улсуудад энх тайван тогтохын төлөө залбирцгаая. Дайн биднийг хүнлэг бус болгож, хүлээн зөвшөөрөх боломжгүй гэмт хэргийг тэвчихэд хүргэдэг. Энх тайвныг гуйж буй ард түмний дуу хоолойг эрх баригчид сонсох болтугай.

Иммаколата бүлгэмийн залууст мэнд хүргэе. Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

07 Гуравдугаар сар 2025, 06:13

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >
Prev
March 2025
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Next
April 2025
SuMoTuWeThFrSa
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930