2023.12.06 Udienza Generale

НИЙТИЙН СОНСГОЛ VI Паулын Танхим 2023 оны 12 сарын 6, Лхагва га

Эрхэм ахан дүүс ээ,

Сайн мэдээний тунхаглал бол баяр баясгалан бөгөөд, энэ нь хүн бүрд, өнөөдөрт зориулагдсан гэдгийг бид өмнөх хичээлүүдээс харсан. Одоо түүний сүүлийн чухал шинж чанарыг олж мэдэцгээе. Сайн мэдээг Ариун Сүнсний хүчээр тунхаглах ёстой. Үнэндээ баяр баясгалантай найдвартай гэрчлэл болон цагийг нь олж бүх хүнд Сайн мэдээг тунхаглах нь "Тэнгэрбурханыг илэрхийлэхэд"  хангалтгүй юм. Ариун Сүнс үгүй бол элч нарын бүх идэвх зүтгэл дэмий хоосон бөгөөд хуурамч. Тийм идэвх зүтгэл зөвхөн бидэнд үлдэх бөгөөд үр жимс өгөхгүй.

Evangelii gaudium номлолдоо би “Есүс бол анхны бөгөөд хамгийн агуу Сайн мэдээг дэлгэрүүлэгч” гэдгийг; “биднийг Түүнтэй хамтран ажиллахыг уриалж, Сүнснийхээ хүчээр удирдан чиглүүлдэг” “Тэнгэрбурхан Сайн мэдээг түгээх аливаа үйлсэд үргэлж нэн түрүүнд явдгийг” (12 дугаар зүйл) дурссан. Үүнээс Ариун Сүнсний тэргүүлэх байр суурь харагдана. Тэнгэрбурханы хаанчлалын хөдөлгөөнийг Эзэн “газарт үр цацаж …шөнө нь унтаж, өдөр нь боссоор, үр яаж урган өсөж байгааг өөрөө ч мэдэхгүй” хүнтэй зүйрлэдэг (Марк 4:26-27). Ариун Сүнс бол гол дүр; тэр үргэлж шашин дэлгэрүүлэгчдийн өмнө явж, үр жимсийг ургуулдаг. Үүнийг мэдэж байх нь бидэнд ихээхэн тайтгарал болдог билээ. Үүнээс гадна өөр нэг эргэлзээгүй зүйл бий. Тодруулбал, элч нарын идэвх зүтгэлээр дамжуулан Сүм өөрийгөө бус, харин хишиг ивээл, бэлэг болсон Ариун Сүнсийг зарладаг. Есүс самари эмэгтэйд хэлсэнчлэн, Ариун Сүнс бол Тэнгэрбурханы бэлэг билээ. (Иохан 4:10).

Гэвч Ариун Сүнс бидний өмнө явдаг гэдэг нь биднийг залхуу хойрго болгох ёсгүй. Сүнсэнд итгэж байна гээд бид өөрсдөө оролцоогүй байж болохгүй. Үр өөрийн эрчээр ургадаг байлаа гээд тариаланчид тариан талбайг үл тоон орхидоггүй шүү дээ. Есүс тэнгэрт залрахаасаа өмнө сүүлчийн удаа ийн захисан: Тэр “Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж … дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно” гэж хэлсэн (Үйлс 1:8).

Эзэн бидэнд теологийн лекцийн тэмдэглэл, шашны хариуцлагатны гарын авлага биш, харин шашин дэлгэрүүлэх үйлсийг өдөөгч Ариун Сүнсийг үлдээсэн билээ. Ариун Сүнсний бидэнд суулгаж өгдөг зоригтой санаачилга нь биднийг түүний бүтээлч бөгөөд энгийн хэв маягийг дуурайхад хүргэдэг.

Есүсийг өнөөдөр хүн бүрд баяр баясгалантайгаар тунхаглахдаа бүтээлч байх тухай авч үзье. Сүсэг бишрэлийг сайшаадаггүй, олон газар Сайн мэдээг тунхаглахад улам хэцүү, бэрхшээлтэй, үр жимсгүй болсон мэт санагдах бидний энэ цаг үед шашны хариуцлагатны үйлчлэлээ зогсоох уруу таталт үүсэх магадлалтай. Бидний зарим нь үргэлж хийдэг зүйлээ л давтах, итгэлээ зөвхөн хувийн дотоод бодол мэдрэмжид суурилуулах, эсвэл бүр литургийн голлох байр суурийн явцуу ойлголттой байх гэх мэтээр дассан орон зайдаа хоргодож байж болох юм. Эдгээр нь өнгөн дээрээ биднийг уламжлалдаа үнэнч мэт харагдуулдаг уруу таталтууд. Ийм үйлдлүүд ихэнхдээ Ариун Сүнснээс бус, хувь хүний сэтгэл ханамжгүй байдлаас улбаатай хариу үйлдлүүд байдаг. Харин шашны хариуцлагатны үйлсдээ бүтээлчээр хандаж, Сүнс дотор зоригтой, шашин дэлгэрүүлэх бадрангуй хүсэл тэмүүлэлтэй байгаа нь түүнд үнэнч байгаагийн баталгаа юм. Тиймээс би “Есүс бидний Түүнд оноосон уйтгартай ангиллуудыг даван гарч, тэнгэрлэг бүтээлч чанараараа үргэлж биднийг гайхшируулдаг. Бид Сайн мэдээний эх ундарга руу буцаж, түүний шинэлэг байдлыг сэргээх хүчин чармайлтыг гаргах бүрд өнөөгийн ертөнцөд шинэ утга учрыг өгөх уран яруу тэмдэг, үгс бүхий бүтээлч илэрхийллийн янз бүрийн шинэ арга замууд нээгддэг” гэж бичсэн (Evangelii Gaudium, 11).

Одоо Ариун Сүнсний тунхаглалын энгийн чанарыг авч үзье. Ариун Сүнс биднийг эх сурвалж руу буюу "анхны тунхаглал" руу аваачдаг. “Ариун Сүнсний гал... үхэл ба дахин амилалтаараа Эцгийн хязгааргүй нигүүлслийг илчилж, илэрхийлсэн Есүс Христэд итгэхэд биднийг хүргэдэг” (дурдсан номлолын 164 дүгээр зүйл). Энэ бол “Есүс Христ чамд хайртай. Тэр чамайг аврахын тулд амиа өгсөн. Одоо тэр чамайг гэгээрүүлж, хүчирхэгжүүлж, чөлөөлөхийн тулд өдөр бүр чиний дэргэд амьдарч байна” (164 дүгээр зүйл) гэж хэлдэг, “Сүмийг шинэчлэх бүх хүчин чармайлт болон сайн мэдээг түгээх бүх үйл ажиллагааны цөм” байх ёстой анхны тунхаглал юм.

Ахан дүүс ээ, бүгдээрээ Ариун Сүнсээр чиглүүлэгдэхийг өөрсдөдөө зөвшөөрч, өдөр бүр түүнийг дуудацгаая. Тэр бидний оршихуй болон ажлын маань эх сурвалж байг. Үйл ажиллагаа, уулзалт учрал, хурал цуглаан, тунхаглал бүр маань түүнээс үүдэлтэй байг. Тэр Сүмийг хөгжөөж, сэргээдэг: Түүнтэй хамт байхдаа бид айх ёсгүй. Учир нь Ариун Сүнс өөрөө эв эе, зохицол бөгөөд тэр үргэлж дотроо бүтээлч болон энгийн чанарыг хослуулж байдаг. Тэр нэгдлийг өдөөж, хүмүүсийг шашин дэлгэрүүлэх үйлсэд илгээдэг. Тэр олон ялгаатай зүйлд нээлттэй байж, эв нэгдэл рүү хөтөлдөг. Ариун Сүнс бол бидний хүч чадал, тунхаглалын амь, элч нарын идэвх зүтгэлийн эх сурвалж юм. Ариун Сүнс ээ, бидэн дээр ирээч!

Тусгай мэндчилгээ

Би англи хэлээр ярьдаг бүх мөргөлчдөд, ялангуяа Мальта, Австрали, Япон, Индонез, Америкийн Нэгдсэн Улсын хүмүүст мэндчилгээ дэвшүүлье. Та бүгдэд болон танай гэр бүлүүдийн дээр би бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг гуйн залбирч байна. Тэнгэрбурхан та бүхнийг ивээг!

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ,

Элч нарын идэвх зүтгэлийн тухай ээлжит шашны хичээлээрээ бид Сайн мэдээний номлол үргэлж Ариун Сүнсний хүчээр хийгддэг талаар эргэцүүлэх болно. Тэнгэрбурханы бэлэг болохын хувьд (Иохан 4:10) Ариун Сүнс Сүмийн өсөлт болон шинэ амьдралыг бэлтгэж, дэмжиж, тэтгэдэг билээ. Гэсэн хэдий ч Сайн мэдээг түгээх бүхий л үйл ажиллагаанд Хүүгээ бидний дунд илгээж, Сүмд Ариун Сүнсний бэлгийг өгсөн Тэнгэрбурхан Эцэг үргэлж биднээс түрүүнд явдгийг санацгаая. Бид Сүнсний ажлын гол шинж чанарууд болох бүтээлч, энгийн байдлаар Амилсан Христийг гэрчлэх учиртай. Христ доторх авралаа баяр хөөртэйгөөр дэлхийн хязгаар хүртэл гэрчлэхийн тулд Ариун Сүнсний гал бидний дотор үргэлжлэн дүрэлзэж, биднийг эв нэгдэл, шашин дэлгэрүүлэх идэвх зүтгэлээр хүчирхэгжүүлэх болтугай.

06 December 2023, 13:04

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >