НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2023 оны 12 сарын 13, Лхагва

Католик шашны сургалт. Сайн мэдээг түгээх хүсэл тэмүүлэл: элч нарын идэвх зүтгэл. 30. Еффата, Сүм ээ, нээгдэгтүн!

Эрхэм ахан дүүс ээ,

Элч нарын хичээл зүтгэлийн талаарх цуврал хичээл маань өнөөдөр дуусаж байна. Цуврал хичээлийн явцад бидэнд урам зориг өгөх, Сайн мэдээг тунхаглах хүсэл тэмүүллийг төлөвшүүлэхэд туслах зөвшөөрлийг бид Тэнгэрбурханы Үгэнд олгосон билээ. Энэ нь Христэд итгэгч хүн бүрд хамаатай зүйл юм. Ариун угаал хүртэх ёслолын үеэр санваартан ариун угаал хүртэгчийн чих, уруулд хүрэхдээ: "Дүлийг сонсголтой болгож, хэлгүйг ярьдаг болгосон Эзэн Есүс чамд удахгүй түүний үгийг хүлээн авч, итгэлээ тунхаглах боломжийг олгох болтугай" гэж хэлдгийг өнөөдөр бүгдээрээ авч үзье. (Марк 7:31–35).

Есүсийн үйлдсэн тэрхүү гайхамшгийн талаар бид сонссон билээ. Сайн мэдээг тунхаглагч Марк энэ үйл явдал "Тирийн дүүргээс явж… Галил нуур уруу" (Марк 7:31) очиход болсныг нарийн тэмдэглэн үлдээсэн аж. Энэ хоёр бүс нутагт ямар нийтлэг зүйл байсан бэ? Тэнд голдуу онгод шүтэгчид суурьшсан байсан. Тэр бүсүүд бол иудейчүүд биш, харин ихэвчлэн онгод шүтэгчдийн амьдардаг бүсүүд байв. Шавь нар нь чих, амыг нээж чаддаг буюу хэлгүй дүлийг анагааж чаддаг Есүстэй хамт тийшээ явсан. Библид хэлгүй дүлий байдал нь Тэнгэрбурханы дуудлагад хаалттай гэсэн давхар утгыг илэрхийлдэг. Ариун сударт бие махбодын хэлгүй дүлий байдлаас гадна Тэнгэрбурханы үгийг сонсдоггүй хүнийг дүлий, Тэнгэрбурханы үгийг ярьдаггүй хүнийг хэлгүй гэжээ.

Үүнийг илтгэх өөр нэг тэмдэг бий. Сайн мэдээний айлдалд Есүсийн хэлсэн шийдмэг үгийг арамей хэлээр бичсэн байдаг. Еффата хэмээх үг "Нээгд" буюу чих, хэл нь нээгдэх болтугай гэсэн утгатай. Энэ үг нь Түүнийг сонсож чадахгүй дүлий хүнд бус харин тухайн үеийн болон бүх үеийн шавь нарт зориулагдсан урилга юм. Ариун угаал хүртэхдээ Сүнснээс еффата гэх үгийг хүлээн авсан бид ч бас нээлттэй байхад дуудагдсан. “Нээгд” гэж Есүс итгэгч хүн бүрд болон Сүмдээ хандан хэлж байна. Нээгд, учир нь Сайн мэдээний захиасыг та гэрчилж, тунхаглах хэрэгтэй! Энэ үг бас Христэд итгэгчдийн хандлагын талаар бодоход хүргэдэг. Христэд итгэгчид Тэнгэрбурханы үгэнд болон бусдад үйлчлэхэд нээлттэй байх ёстой. Хаалттай Христэд итгэгч хүмүүс үр жимсгүй байдаг. Учир нь тэд үнэндээ Христэд итгэгчид биш. Тэд бол хаалттай байдлын үзэл сурталчид юм. Христэд итгэгч хүн Үгийн тунхаглалд нээлттэй байх ёстой бөгөөд ахан дүүсээ угтан авах ёстой. Тийм ч учраас еффата буюу “нээгд” гэсэн энэ үг бид бүгдэд өөрсдийгөө нээхийг уриалж байна.

Сайн мэдээний төгсгөлд ч гэсэн Есүс шашин дэлгэрүүлэх хүслээ бидэнд даатгадаг. Тэр бидэнд хил хязгаарыг даван яв, яваад үйлчил, Сайн мэдээг тунхагла гэдэг.

Ахан дүүс ээ, ариун угаал хүртсэн хүмүүсийн хувьд бид бүгдээрээ Есүсийг гэрчилж, тунхаглах дуудлагатай гэдгээ мэдэж авцгаая. Сүмийн шашны хариуцлагатнууд, шашин дэлгэрүүлэгч нарт зүрх сэтгэлийн өөрчлөлтийг авчрах ивээлийг гуйцгаая. Галил нуурын эрэг дээр Эзэн Петрээс Түүнд хайртай эсэхийг нь асууж, хоньдыг нь хариулахыг хүссэн (Иохан 21:15-17). Бид ч бас өөрсдөөсөө асууцгаая. Хүн нэг бүр өөрөөсөө энэ асуултыг асууя: Би Эзэнийг тунхаглахыг хүсэх хэмжээнд хүртэл Түүнийг үнэхээр хайрладаг билүү? Би түүний гэрч болохыг хүсэж байна уу, эсвэл шавь нь байгаадаа сэтгэл ханасан уу? Би уулзсан хүмүүсээ сэтгэлдээ тээж, тэднийг залбирлаараа Есүсийн өмнө аваачдаг билүү? Миний амьдралыг өөрчилсөн Сайн мэдээний баяр баясгалан тэдний амьдралыг ч илүү сайхан болгоосой гэсэндээ би ямар нэг зүйл хийхийг хүсдэг билүү? Энэ талаар, эдгээр асуултын талаар бодож, Түүнийг гэрчилцгээе.

Уриалга

Би Израил болон Палестин дахь дайнд ихээхэн санаа зовниж, болж буй үйл явдлуудын мэдээг дагаж байгаа.

Би хүмүүнлэгийн зарчмыг хэрэгжүүлж, нэн даруй галыг зогсоохыг дахин уриалж байна. Дайны талбарт маш их зовлон зүдүүр байна. Би оролцогч бүх талыг яриа хэлэлцээрээ сэргээхийг уриалмаар байна. Хүмүүнлэгийн тусламж нэн шаардлагатай байгаа Газын ард түмэнд тусламж хүргэхийн тулд яаралтай зүтгэл гаргахыг би хүн бүрээс хүсье.

Барьцаалагдсан бүх хүнийг суллах болтугай. Тэд саяхны эвлэрлийн үеэр тодорхой хэмжээний итгэл найдварыг олж харсан билээ. Израил болон Палестинчуудын асар их зовлон зүдүүр төгсөх болтугай.

Зэвсэгт үгүй, энх тайванд тийм гэж хэлэхийг та бүхнээс гуйя!

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочдод, ялангуяа Малайз улс, Америкийн Нэгдсэн Улсын хүмүүст халуун мэндчилгээг дэвшүүлье. Христмасын баяраар шинээр төрөх Аврагчийн ирэлтэд бэлтгэхийн тулд та нар болон танай гэр бүлүүд адислагдсан Угтлагын цаг улирлыг өнгөрөөх болтугай гэж би залбирч байна. Тэнгэрбурхан та бүхнийг ивээг!

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ: Элч нарын идэвх зүтгэл болон Ариун угаалаар хүлээн авсан Есүс Христийн Сайн мэдээний баяр баясгалантай гэрч болох бидний дуудлагын тухай цуврал эргэцүүлэл маань өнөөдөр өндөрлөж байна. Ариун угаал хүртэх ёслолын үеэр бид Ариун Сүнсний хүчээр Христ дотор дахин төрдөг. Энэ ёслолын үеэр авралын сайн мэдээг, мөн Эцэгт үрчлэгдсэн хөвгүүд, охид болж шинэ нэр хүндийг олсноо бусадтай хуваалцах ёстойг маань илэрхийлж санваартан бидний уруулыг адисалдаг. Сүнсний бэлгээр бидний зүрх сэтгэлд цутгагдсан Тэнгэрбурханы хайр нь сайн мэдээг тунхаглах, бүх зүрхийг Христ рүү татах, Түүний ариун байдал, шударга ёс, амар амгалангийн хаанчлалыг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж буй Сүмийн эрхэм зорилгын төлөөх идэвх зүтгэлийг улам өдөөж өгөх болтугай.

 

13 December 2023, 12:28

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >