Хайх

НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2023 оны 12 сарын 20, Лхагва

Католик шашны сургаал номлол. Энгийн байдал, баяр баясгаланг зааж өгдөг Греччио дахь Христ мэндэлсэн өдрийн дүрслэл

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Найман зуун жилийн өмнө, 1223 оны Зул сарын баяраар Гэгээн Францис Греччиод Христ мэндэлсэн өдрийг харуулсан жүжигчилсэн тоглолтыг зохион байгуулсан. Хүмүүс Христ мэндэлсэн өдрийн дүрслэлийг гэртээ болон өөр газруудад засаж дуусаж байх энэ үед үүний гарал үүслийг эргэн санах нь бидэнд тустай.

Энэ дүр зурагт хүүхдийн өлгийг засдгийн учир юу вэ? Гэгээн Францис ямар зорилгоор үүнийг хийв? Тэр: "Би Бетлехемд төрсөн Хүүхдийг дүрсэлж, нялх хүүхдэд хэрэгтэй зүйлсээр хомс хэцүү нөхцөлд ирсэн Түүнийг харахыг хүснэ. Түүнийг тэжээлийн онгоц дотор тавьж байхыг, Тэр үхэр ба илжиг хоёрын хоорондох сүрэл дээр хэвтэж байхыг би хармаар байна” гэжээ (Tommaso da Celano, Vita prima, XXX, 84: FF 468). Францис гоё сайхан урлагийн бүтээл бүтээхийг хүсээгүй. Харин Христийн мэндэлсэн өдрийн зураглалаар дамжуулан биднийг хайрладаг Эзэн Бетлехемийн ядуу агуйд зовлон зүдүүр туулж туйлын даруу байдлаа харуулсан болохыг хүмүүст мэдрүүлж, тэднийг гайхшируулахыг хүссэн. Чухамдаа Ассизийн гэгээнтний намтарч “Тэрхүү сэтгэл хөдөлгөм дүр зурагт сайн мэдээний энгийн байдал тодорч, ядуу байдал сайшаагдаж, даруу байдал ч харагддаг. Яг л Греччио шинэ Бетлехем болсон мэт” гэж бичсэн байдаг (өмнөх эх сурвалж, 85).

Би "гайхширал" гэх нэг үгийг онцолсон. Энэ бол чухал үг. Христэд итгэгчид бид хүүхдийн өлгийг сайхан зүйл, түүхэн зүйл, тэр ч байтугай шашны зүйл гэж харж, залбирах нь хангалтгүй юм. Үг махбод болсон тэрхүү нууцын өмнө, Есүсийн мэндлэлтийн дүр зургийн өмнө зогсох үед бидэнд гайхан бишрэх сүсэгт хандлага байх хэрэгтэй. Хэрэв нууцын өмнө зогсоход надад гайхширал төрөхгүй байвал миний итгэл зүгээр л өнгөцхөн, "тооцооллын итгэл" гэсэн үг. Үүнийг бүү мартаарай.

Христ мэндэлсний дүрслэлийг эрүүл ухааныг сургах зорилгоор бүтээснээрээ онцлог. Тэр бидэнд маш их зүйлийг зааж өгдөг. Хачирхалтай нь өнөө цагт бодит байдал дээр Христмас баярын үеэр хүмүүс амьдралд хамгийн чухал зүйлсээ мартах эрсдэл улам их болжээ. Христмасын талаарх хүмүүсийн бодол өөрчлөгдөж, хэрэглээний нийгэмд автан утга учрыг нь алдагдуулжээ. Бусдад бэлэг өгөхийг хүсэх нь хэвийн, сайн зүйл. Гэвч дэлгүүр хэсэх гэсэн улайрал бидний анхаарлыг өөр зүйлс рүү хандуулдаг бөгөөд Христмасын эрүүл ухаан үүнд оршдоггүй. Бүгдээрээ хүүхдийн өлгийг харж түүнийг биширцгээе. Заримдаа бид гайхширах орон зайг өөрсдөдөө үлдээлгүй, зөвхөн үдэшлэг зохион байгуулж, үдэшлэгт оролцоход анхаарах гээд байдаг талтай.

Христ мэндэлсэн өдрийн дүр зураг бидний анхаарлыг хамгийн чухал зүйл буюу бидний дунд амьдрахаар ирдэг Тэнгэрбурхан руу эргэн хандуулахын тулд бүтээгдсэн. Тиймээс түүнийг харах нь чухал. Тэрхүү дүр зураг бидэнд юу чухал болохыг, мөн тухайн үед Есүс гэр бүл болох Иосеф, Мариа, хайрлагдсан хүмүүс болох хоньчидтой ямар харилцаатай байсныг ойлгоход тусалдаг. Дүрслэлд эд зүйлсээс илүү хүмүүс эрхэм байна. Гэтэл бид ихэнхдээ эд зүйлсийг хүмүүсээс урьтал болгодог шүү дээ. Тэгж болохгүй ээ.

Греччио дахь Христ мэндлэлтийн дүр зураг нь эрүүл ухаанаас гадна баяр баясгалангийн тухай өгүүлдэг. Баяр баясгалан бол хөгжилдөхөөс өөр. Гэхдээ сайн сайхан зүйлийн талаар хөгжилдөх нь муу зүйл биш. Энэ нь муу зүйл биш, хүний ​​л хийдэг зүйл. Гэхдээ баяр баясгалан илүү гүнзгий, илүү хүнлэг. Заримдаа баяр баясгалангүйгээр хөгжилдөх уруу таталт бидэнд ирдэг. Чимээ шуугиантай хөгжилдөвч тэнд баяр баясгалан байдаггүй. Энэ нь үргэлж инээж, хүмүүсийг инээлгэдэг атлаа сэтгэл нь гунигтай байдаг алиалагчийн дүртэй төстэй. Баяр баясгалан бол Христмасын хөгжөөн цэнгэлийн үндэс билээ.

Эрүүл ухааны тухай тэр үеийн түүхэнд "Баярт өдөр, баясгалангийн цаг ирэв! [...] Францисын царай [...] гэрэлтэж байна [...]. Хүмүүс хошуурч, урьд өмнө хэзээ ч амсаж байгаагүй баяр баясгалангаар баярлацгаав [...]. Хүн бүр үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баясгалангаар дүүрэн гэртээ харьсан" гэжээ (Vita prima, XXX, 85-86: FF 469-470). Эрүүл ухаан, гайхширал нь хиймэл баяр баясгалан биш жинхэнэ баяр баясгалан руу хөтөлдөг.

Гэхдээ Христмасын энэхүү баяр баясгалан хаанаас ирдэг вэ? Гэртээ бэлэг авчирснаас эсвэл тансаг хүлээн авалтад оролцсоноос лав биш. Харин биднийг ганцаар орхилгүй, тайтгаруулдаг Тэнгэрбурханы энхрийлэл, Есүсийн ойр дотно байдлыг мэдрэх үед л зүрх сэтгэл энэхүү баяр баясгалангаар дүүрдэг [орчуулагчийн тэмдэглэл: тайтгаруулах буюу console хэмээх үг нь ганцаараа байгаа (soli) хүмүүстэй хамт байдаг (con) гэсэн утгатай]. Ойр дотно, энхрий зөөлөн, өрөвч байдал бол Тэнгэрбурханы гурван хандлага. Өдөр тутмын амьдралд маань тусалдаг Эзэний тэдгээр хандлагуудыг Христ мэндэлсний дүр зургийг харж залбирснаар бид мэдэрч чадна.

Эрхэм ахан дүүс ээ, Христ мэндэлсний дүр зураг бол итгэл найдвар, баяр баясгалангийн эх үүсвэр болсон Тэнгэрбурханыг утган авч болох жижиг худагтай адил юм. Христ мэндэлсний дүрслэл бол тухайн газарт амьд орших Сайн мэдээ гэсэн үг. Энэ бол Библид гардаг худагтай адил Есүстэй уулзах газар. Энд бид Бетлехемийн хоньчид болон Греччиогийн хүмүүсийн адилаар амьдралынхаа хүлээлт, санаа зовнилуудыг Есүст өгдөг.

Хэрэв бид Христ мэндэлсэн баярын дүр зургийн өмнө нандин бүхнээ Есүст даатгавал бид ч бас "үлэмж баяр баясгаланг" (Матай 2:10) мэдрэх болно. Энэ баяр баясгалан нь түүний нууцуудыг гайхширан эргэцүүлснээс ирдэг баяр баясгалан юм.

Христ мэндэлсэн баярын дүр зургийн өмнө очицгооё. Хүн бүр түүнийг харж, зүрх сэтгэлдээ ямар нэг зүйл мэдрэхийг өөртөө зөвшөөрөөрэй. Баярлалаа.

Тусгай мэндчилгээ

Би англи хэлтэй мөргөлчид болон зочдод, ялангуяа Малайз, Нигериэс ирсэн та бүхэнд халуун дотно мэндчилгээ дэвшүүлье. Христмасаар Эзэний төрсөн өдрийг тэмдэглэхийн өмнөх энэ өдрүүдэд би та нарт болон танай гэр бүлийнхэнд Тэнгэрбурханы Хүү, Энх тайвны Ханхүү Эзэн Есүсийн баяр баясгалан, амар амгаланг гуйн залбирч байна. Тэнгэрбурхан та бүхнийг ивээг!

УРИАЛГА

Өнгөрсөн даваа гарагт Хятадын Ганьсу, Чинхай мужид болсон аймшигт газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдад болон бэртэж гэмтсэн хүмүүст би анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Би энэрэл, залбирлаар дамжуулан зовж буй хүмүүст ойр байгаагаа хэлье. Хүн бүр тэдэнд тусламжийн гараа сунгахыг би уриалж байна. Мөн би тэдний төлөө Төгс Хүчит Тэнгэрбурханы бүх адислалыг гуйн залбирч байна. Эзэн тэдний уй гашууг тайтгаруулж, туслах болтугай.

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ: Найман зуун жилийн өмнө Христмасаар Греччиод Ассизийн Гэгээн Францис бидний Эзэний мэндэлсэн үеийг дахин харуулсан билээ. Гэр бүл, хамт олон дотроо Христмасын өлгийг засдаг сайхан уламжлал нь бидэнд Христ мэндэлсний жинхэнэ утгыг сануулдаг. Авралт хайрын бэлгээр биднийг баяжуулахын тулд бидний дунд ядуу зүдүү байдалтайгаар ирсэн Тэнгэрбурхан үргэлж бидэнд ойрхон байдаг. Ирж буй ариун өдрүүдийг энгийнээр, сүнслэг баяр баясгалантайгаар, бидний итгэл найдварын эх сурвалж, амьдралын гэрэл гэгээ, зовлонт дэлхийд амар амгаланг авчрах амлалт болсон Христийн оршихуйн бэлэгт талархан тэмдэглэцгээе. Ийн тэмдэглэхэд Есүсийн өлгийн талаарх эргэцүүлэл бидэнд туслах болтугай.

20 December 2023, 12:31

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >