2023.12.27 Udienza Generale

НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2023 оны 12 сарын 27, Лхагва

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 1. Оршил: зүрхээ хамгаалах нь

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Өнөөдөр би гаж буруу ба эрдэм буяны сэдэвтэй шашны цуврал хичээлийг танилцуулах гэж байна. Хичээлийг бид Библийн эхний Эхлэл номоос, өвөг дээдсийн түүхээр дамжуулан хорон муу болон уруу таталт хэрхэн ажилладаг талаар судалж эхэлнэ. Дэлхий дээр байсан диваажинг авч үзье. Едений цэцэрлэгийн амар жимэр амьдрал дунд уруу таталтын бэлэг тэмдэг болох могой буюу толгой эргүүлэгч дүр гарч ирдэг. Могой бол дотуур тамиртай амьтан. Тэр газар дээгүүр аажуухан гулсаж явна. Хүн заримдаа түүний байгааг ч анзаарахааргүй тийм чимээгүйгээр тэр ойртож ирдэг. Могой хүрээлэн буй орчиндоо уусаж өөрийгөө өнгөлөн далдлах чадвар сайтай бөгөөд хамгийн чухал нь тэр маш аюултай.

Могой Адам, Ева хоёртой ярилцаж эхлэх үед түүний философийн маргаанд гаргууд болох нь харагддаг. Түүний яриа худал цуурхал, хорон асуултаар эхэлдэг. Могой “Энэ цэцэрлэгт байгаа аль ч модноос идэж болохгүй гэж та нарт Тэнгэрбурхан үнэхээр хэлсэн үү?” гэдэг (Эхлэл 3:1). Энэ бол худал үг. Бодит байдал дээр Тэнгэрбурхан эрэгтэй, эмэгтэй хүнд сайн мууг мэдүүлэгч модноос бусад бүх модны жимсийг идэж болно гэсэн билээ. Энэхүү хоригоор Тэнгэрбурхан хүнийг тунгаан бодох чадвараа ашиглахыг хориглосон гэж зарим хүн буруу тайлбарладаг. Гэхдээ энэ нь хүнд өөрийнхөө хязгаарыг мэд, өөрийгөө бүх зүйлийн эзэн гэж бүү бод, учир нь бардамнал бол бүх хорон муугийн эхлэл гэсэн мэргэн сануулга байдаг. Ийнхүү Тэнгэрбурхан хүний өвөг дээдсийг бүтээлийн захирагч, сахиулаар томилдог ч тэднийг өөрсдийгөө сайн ба муугийн эзэн, бүхнийг чадагч гэж бодох уруу таталтаас хамгаалахыг хүсдэг. Энэ нь одоо ч биднийг уруу татдаг хүнд сорилт билээ. Энэ бол хүний зүрхэнд байдаг хамгийн аюултай ангал.

Бидний мэдэж байгаачлан Адам, Ева хоёр могойн уруу таталтыг эсэргүүцэж чадаагүй. Тэдний санаанд Тэнгэрбурхан бол тийм ч сайн биш, хүнийг захирч, эрхшээлдээ байлгахыг хүсдэг гэх бодол шингэсэн байв. Үүнээс эхлэн бүх зүйл нурсан.

Эдгээр түүхүүдээр Библи бидэнд хорон мууг тайлбарлаж өгдөг. Хорон муу бол хүний дотор чанга шуугиантайгаар, илт үйлдэл хийх үед эхэлдэггүй, харин түүнээс хавьгүй эрт, хорон муугийн тухай ургуулан бодож, төсөөлөх үед нь эхэлдэг ба эцэстээ хүн тэрхүү бодлуудынхаа урхинд татагдан ордог. Абелийг хөнөөсөн хэрэг түүнийг чулуугаар цохих үед эхлээгүй, харин Каины тээсэн хорслоос эхэлсэн билээ. Тэр хорсол нь түүний дотор мангас болон хувирсан. Энэ тохиолдолд ч Тэнгэрбурханы хэлсэн үгсийг хүн тоогоогүй.

Ахан дүүс ээ, чөтгөртэй хэзээ ч ярилцаж болохгүй. Хэзээ ч! Түүнтэй маргаж болохгүй. Есүс чөтгөртэй хэзээ ч ярилцаж байгаагүй. Тэр түүнийг зайлуулдаг байсан. Цөлд уруу таталттай тулгарах үедээ Есүс диаволтай харилцан яриа өрнүүлээгүй. Тэр зүгээр л Ариун Судар буюу Тэнгэрбурханы үгээр түүнд хариулсан. Чөтгөр бол толгой эргүүлэгч. Түүнээс болгоомжил. Түүнтэй хэзээ ч битгий яриа өрнүүлээрэй. Учир нь тэр бид бүгдээс илүү ухаалаг бөгөөд өөртэй нь ярилцсаны горыг бидэнд амсуулах болно. Уруу таталт ирэх үед түүнтэй хэлэлцээр хийх хэрэггүй. Хаалгаа хаа, цонхоо хаа, зүрхээ хаа. Ингэж байж л бид ухаалаг, зальжин чөтгөрийн уруу таталтаас өөрсдийгөө хамгаална. Тэр Есүсийг Библийн ишлэлээр сорихыг оролдсон шүү дээ! Тэр бол гарамгай теологич. Чөтгөртэй харьцах хэрэггүй. Ойлгож байна уу? Болгоомжтой бай. Бид чөтгөртэй ярилцаж, уруу таталтаар өөрсдийгөө зугаацуулж болохгүй. Ярилцах хэрэг байхгүй. Уруу таталт ирсэн л бол бид хаалгаа хааж, зүрхээ хамгаалах ёстой.

Иймд бид чөтгөртэй харьцдаггүй. Олон санваартан, гэгээнтнүүд зүрхээ хамгаал хэмээн зөвлөсөн байдаг. Зүрхээ хамгаал. Зүрхээ хамгаалж сурах ивээлийг бид Тэнгэрбурханаас хүсэх ёстой. Зүрхээ хамгаалах нь мэргэн ухааны нэг хэлбэр. Үүнд Эзэн бидэнд туслах болтугай. Зүрхээ хамгаалдаг хүн эрдэнэсийг хамгаалж байна гэсэн үг. Ахан дүүс ээ, зүрхээ хамгаалж сурцгаая. Баярлалаа.

Тусгай мэндчилгээ

Өнөөдрийн бараалхалд ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид, ялангуяа Мальта, Хонг Конг, Солонгосоос ирсэн хүмүүст халуун мэндчилгээ дэвшүүлж байна. Та нар болон танай гэр бүлийнхэн Христмасын баяр баясгаланг нандигнаж, бидний дунд амьдрахаар ирсэн Аврагчид залбирлаараа ойртох болтугай. Тэнгэрбурхан та бүхнийг ивээг!

Ариун Эцгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ: Өнөөдөр бид эрдэм буян ба түүний эсрэг гаж буруугийн тухай цуврал хичээлийг эхлүүлж байна. Библийн хамгийн эхний хуудаснууд бидэнд анх байсан сайн сайхан болон уруу таталт, гэм нүглийг харуулдаг. Могойн дүртэй уруу татагч нь нарийн аргатай. Тэр бидэнд Тэнгэрбурханы мэргэн ухаан, санаа зорилгын талаар эргэлзээ төрүүлж, бидний амбиц, бардамналаар тоглодог. Хайр нь өөрөө өөрийнхөө шагнал болдог шиг, хорон муу ч өөрөө өөрийнхөө шийтгэл болдог. Нүгэл үйлдсэнийхээ дараа л бид хийсэн буруугаа жинхэнээр үнэлж чаддаг билээ. Ариун Судар болон гэгээнтнүүд биднийг хорон муугийн уг үндсийг таньж, үгүйсгэж, чөтгөрийн заль мэхнээс сэрэмжлэхийг захисан. Мөн юуны түрүүнд Эзэнтэй харилцах ойр дотно харилцаанд маань болон бидний амьдралд зориулсан Түүний хайраар дүүрэн төлөвлөгөөнд дуулгавартай байхад маань нүглийн анхны өдөөлтүүд бидэнд саад болохгүйн тулд зүрхээ сахин хамгаалахыг тэд бидэнд уриалсан билээ.

27 December 2023, 12:37

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >