НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2024 оны 1 сарын 10, Лхагва
Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 3. Ховдоглол
Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!
Гаж буруу, эрдэм буяны талаарх католик шашны цуврал хичээлээрээ бид өнөөдөр ховдоглол хэмээх гаж буруугийн талаар авч үзэх болно.
Ховдоглол. Энэ талаар Сайн мэдээний айлдал бидэнд юуг өгүүлсэн бэ? Есүсийг харцгаая л даа. Канаа дахь хурим дээр үзүүлсэн Есүсийн анхны гайхамшигт тэмдэг Түүнийг хүний баяр баясгаланг таалдаг болохыг харуулсан. Тэр найрыг сайхан төгсгөхөд анхаарч, хуримлаж буй хосод маш сайн чанарын дарсыг их хэмжээгээр өгдөг. Өөрийн бүх үйлчлэлдээ Есүс Баптисч Иоханаас эрс ялгаатай эш үзүүлэгчийн дүрийг үзүүлдэг. Иохан цөлөөс олсон зүйлээрээ хооллодог даяанч гэдгээрээ дурсагдсан бол Есүс найрын ширээний ард суудаг Мессиа билээ. Түүний үйлдэл зарим газарт дуулиан тарьсан нь ч бий. Учир нь Тэр нүгэлтнүүдэд энэрэнгүй хандаад зогсохгүй, тэдэнтэй хамт сууж хооллодог байлаа. Үүгээрээ Тэр хүн бүртэй харилцаж, ойр дотно байхад бэлэн байдгаа харуулсан.
Үүнээс гадна өөр зүйл бий. Есүс Иудейчүүдийн Хуульд бүрэн захирагддаг боловч шавь нараа ойлгодог байлаа. Шавь нар нь өлссөндөө тариан түрүүг шувтарч идэх үед Тэр тэднийг зөвтгөж, Давид хаан хүртэл нөхдийнхөө хамт тавиг талхыг авч идсэн тухай дурсдаг (Марк 2:23-26). Мөн Тэрээр хуримын зочид хүргэнтэй хамт байхдаа мацаг барьж болохгүй гэх шинэ зарчмыг баталсан. Есүс биднийг Түүнтэй хамт байхдаа баяр хөөртэй байхыг хүсдэг. Тэр бол Сүмийн хүргэн. Гэхдээ Тэр бас биднийг Өөрийнх нь зовлонг хуваалцахыг хүсдэг бөгөөд тэр нь дорой, ядуу хүмүүсийн зовлонтой ижил байдаг. Есүс бүх хүнд хамаатай.
Өөр нэгэн чухал зүйлийг тэмдэглэе. Есүс Еврейн хуулиар тогтоосон цэвэр ба бузар хүнсний ялгааг арилгасан. Тийм ч учраас Христийн шашинд бузар хоол хүнс гэж байдаггүй. Аливаа зүйлийг, тэр дундаа хоол хүнсийг сайн эсвэл муу болгодог зүйл нь хоол өөрөө биш харин бидний хандлага гэдгийг Есүс тодорхой хэлсэн. Хоол хүнсэнд замбараагүй ханддаг хүн хурдан гэдсээ дүүргэх гэсэн мэт яаран идэх хэр нь ханаж цадаж чаддаггүй гэдгээс бид үүнийг харж болно. Тийм хүмүүсийн хоолонд хандах хандлага зөв бус бөгөөд тэд хоолны боол болсон байдаг. Есүс хоол хүнс, хооллолтыг эрхэмлэдэг. Гэвч манай нийгэмд тэнцвэргүй байдал, эмгэг олон байна. Нэг хүн хэт их идэж байхад нөгөө нь хэт бага иднэ. Ихэнх тохиолдолд хүмүүс ганцаараа хооллож байна. Анорекси, булими, таргалалт зэрэг хоолтой холбоотой эмгэгүүд газар авсаар. Анагаах ухаан, сэтгэл зүйн салбар бидний хоол хүнсэнд хандах буруу хандлагыг зохицуулахыг хичээж байна. Хоол хүнсэнд хандах буруу хандлага тэдгээр бүх өвчнийг үүсгэдэг.
Тэдгээр нь ихэвчлэн их зовуурьтай өвчнүүд байх бөгөөд сэтгэц, сүнсний шаналалтай холбоотой байдаг. Сэтгэцийн тэнцвэргүй байдал, хоол хүнсний хэрэглээ хоёр хоорондоо холбоотой. Бидний хооллох арга дотоод ямар нэг зүйлийн илрэл байдаг. Тэнцвэртэй байх эсвэл хэтрүүлэх хандлага; талархал илэрхийлэх чадамж эсвэл бие даасан байдлын бардамнал; гачигдсан хүмүүстэй хоолоо хуваалцдаг хүний бусдын оронд өөрийгөө тавих чадвар, эсвэл бүх зүйлийг өөртөө хураадаг хүний хувиа хичээсэн зан гээд л. Энэ асуулт маш чухал. Хэрхэн хооллодгоо надад хэлбэл, ямар сүнстэй болохыг тань би танд хэлж өгч чадна. Хоол идэж байхдаа бид дотоод мөн чанар, дадал зуршил, сэтгэцийн хандлагаа илчилдэг юм.
Эрт үеийн Санваартнууд ховдоглолыг "gastrimargia" гэж нэрлэсэн бөгөөд үүнийг "гэдэсний мунхаг" гэж орчуулж болно. Ховдоглол бол "гэдэсний мунхаг". Идэхийн тулд бус, амьдрахын тулд ид гэсэн зүйр үг бас бий. Идэхийн тулд амьдрахыг "гэдэсний мунхаг" гэнэ. Энэ нь хоол идэх гэх мэт бидний амин чухал хэрэгцээнд дөрөөлдөг гаж буруу юм. Түүнээс болгоомжилцгооё.
Нийгмийн үүднээс тайлбарлавал ховдог байдал нь магадгүй дэлхийг устгаж буй хамгийн аюултай гаж буруу байх. Томоор харвал бялууны зүсмээс татгалзаж чадахгүй байхын нүгэл нэг их хохирол учруулахгүй л дээ. Харин хэдэн зууны турш энэ гараг дээрх зүйлсийг цөлмөж буй хүмүүний хомхойрол бид бүгдийн ирээдүйд аюул учруулж байна. Хүмүүс бүх зүйлд ноёрхохын тулд бүгдийг эзлэн авчээ. Гэвч энэ бүхнийг шавхахын тулд бус хамгаалахын тулд бидэнд хариуцуулсан билээ. Хомхойрол улангасал бол том нүгэл. Бид хүн хэмээх нэрээсээ татгалзаж "хэрэглэгч" болцгоосон. Өнөөдөр бид нийгэмд өөрсдийгөө хэрэглэгчид гэж ярьцгаах болж. Хэзээнээс хэн бидэнд энэ нэрийг өгснийг ч бид анзаарсангүй. Бид талархал илэрхийлэх чадвартай, газар нутгийг ухаалаг ашигладаг, "талархан магтдаг" эрэгтэй, эмэгтэй хүмүүс болохоор бүтээгдсэн боловч араатан амьтад болж хувирах аюул бидэнд нүүрлэжээ. "Ховдоглол хомхойрол" дэлхийд маш их хор хөнөөл учруулсан гэдгийг одоо бид ойлгож ухаарч эхэлсэн. Төрөл бүрийн ховдоглол бидний амьдралыг булааж авахгүйн тулд эрүүл ухааны замд хүрэхэд туслаач гэж бүгдээрээ Эзэнээс гуйцгаая. Баярлалаа.
Тусгай мэндчилгээ
Өнөөдөр энд ирсэн англи хэлээр ярьдаг зочид, ялангуяа Солонгос болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн мөргөлчдөд мэндчилгээ дэвшүүлье.
Би мөн Хойд Америкийн Папын коллежийн Теологийн тасралтгүй боловсролын хүрээлэнгийн санваартнуудад мэндчилгээ дэвшүүлж байна. Та бүгдэд болон танай гэр бүлийнхэнд бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг би хүсэн залбирч байна. Тэнгэрбурхан та бүхнийг ивээг!
Ариун Эцгийн үгсийн хураангуй
Эрхэм ахан дүүс ээ: Бид гаж буруу ба эрдэм буяны талаар үргэлжилсэн хичээлдээ ховдгийн нүглийг авч үзэх болно. Канаа дахь хуримын зочин болж очихдоо Есүс идээ ундаа хүртэх нь сайн зүйл гэдгийг, мөн ширээний ард суугаад хоорондоо нөхөрлөхийн баяр баясгаланг заасан билээ. Эзэн зан үйлийн цэвэр ба бузар хоол хоёрын хоорондох ялгааг үгүйсгэж, хоол хүнс хэрэглэхтэй холбоотой бидний хувийн хандлагад анхаарлаа хандуулсан. Манай нийгэмд олон хүн хооллолтын эмгэгээс болж зовж шаналж, мөн олон хүн өлсөж байх атал их хэмжээний хоол хүнс дэмий үрэгдэж буй. Энэ нийгэмд идэх дадал зуршил маань тэнцвэртэй, хариуцлагатай байх ёстой. Тэнгэрбурханы бэлэг болсон өдөр тутмын талханд талархдаг бидний залбирал бусдын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, энэ дэлхийн сайн сайхныг буянтайгаар эдлэхэд маань туслах болтугай.