АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 2 сарын 4, Ням гараг
Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!
Өнөөдрийн Литургийн Сайн мэдээний айлдал идэвхтэй ажиллаж буй Есүсийг бидэнд харууллаа. Тэр номлож дуусаад синагогаас гарч ирсэн даруйдаа Симон Петрийн гэрт очиж, хадам эхийг нь эдгээсэн. Дараа нь орой нар жаргах үеэр Тэр дахин хотын үүдэнд очиж өвчтэй, чөтгөр шүглэсэн олон хүнтэй уулзаж, тэднийг эдгээв. Маргааш нь Есүс эрт босож зэлүүд газарт залбираад, эцэст нь дахин Галил нутаг даяар явдаг (Марк 1:29-39). Есүс идэвхтэй ажиллаж байв.
Тэнгэрбурханы талаар чухал зүйлийг хэлж өгөхийн зэрэгцээ итгэлийн талаарх зарим асуултаар биднийг сорих Есүсийн энэхүү тасралтгүй хөдөлгөөнийг авч үзье.
Есүс гэмтэж шархадсан хүн төрөлхтөн дээр ирж, Эцгийн нүүр царайг бидэнд харуулсан. Магадгүй бид дотроо Тэнгэрбурханыг хөндий хүйтэн, бидний хувь заяаг хайхардаггүй хэмээн бодсоор байж мэдэх юм. Гэвч Есүсийн үйлдэл эсрэг зүйлийг харуулдаг. Тэр синагогт сургаал айлдсаныхаа дараа тунхагласан Үг нь хүмүүст хүрч, нөлөөлж, тэднийг эдгээгээсэй гэсэндээ синагогаас гарч явсан гэдгийг Сайн мэдээний айлдлаас харж болно. Ингэснээр Тэр Тэнгэрбурхан бол бидэнтэй дээрээс харьцдаг, биднээс ангид эзэн биш гэдгийг илчилсэн. Харин ч эсрэгээрээ, Тэнгэрбурхан бол Өөрөө бидэнд ойртон, гэрт маань зочилж, биднийг аварч чөлөөлөхийг, бие болон сүнсний бүх өвчнөөс эдгээхийг хүсдэг хайраар дүүрэн Эцэг билээ. Тэнгэрбурхан үргэлж бидэнтэй ойрхон байдаг. Түүний бидэнд хандах хандлагыг ойр дотно, нигүүлсэнгүй, энхрий зөөлөн гэсэн гурван үгээр илэрхийлж болно. Тэнгэрбурхан бидэнтэй хамт байж, биднийг уучлахын тулд Өөрөө зөөлнөөр дөхөж ирдэг. Ойр дотно, нигүүлсэнгүй, энхрий зөөлөн гэх үгс Тэнгэрбурханы хандлагыг илэрхийлдэг учраас эднийг бүү мартаарай.
Есүсийн тасралтгүй хөдөлгөөн биднийг сорих аж. Бүгдээрээ өөрсдөөсөө ийн асууж болох юм: бид Тэнгэрбурхан бол нигүүлслийн Эцэг гэдгийг таньж мэдсэн билүү? Эсвэл хүйтэн хөндий Тэнгэрбурханд итгэж, тунхагласаар байна уу? Итгэл маань бидэнд аян замд гарахыг тэсэн ядан хүлээх хүслийг авчирсан уу, эсвэл зөвхөн өөрсдөд маань л амар амгаланг авчирдаг хувийн тайтгарал болсон уу? Бид амар амгаланг мэдрэхийн төлөө л залбирдаг уу, эсвэл сонсож номлосон Үг маань биднийг Тэнгэрбурханы тайтгарлыг хүмүүст түгээхийн тулд Есүстэй адил гарч явахад хүргэдэг үү? Эдгээр асуултуудыг өөрсдөөсөө асуух нь бидэнд тустай байх болно.
Есүсийн аяллыг хараад бид хамгийн анхны сүнслэг даалгавраа санах ёстой. Тэр нь өөрсдийнхөө мэддэг гэж боддог Тэнгэрбурханыг орхин, Сайн мэдээний айлдлаар Есүсийн бидэнд харуулсан Тэнгэрбурхан буюу хайр ба нигүүлслийн Эцэг тийш зүрхээ эргүүлэх явдал. Тэнгэрбурхан бол ойр дотно, нигүүлсэнгүй, энхрий зөөлөн Эцэг билээ. Эцгийн жинхэнэ нүүр царайг олж мэдсэнээр итгэл маань төлөвшин бид “Сүм дотроо үлддэг Христэд итгэгчид”, эсвэл “Сүмийн асуудлуудыг яриад л өнгөрдөг итгэгчид” байхаа больж, Тэнгэрбурханы найдвар, эдгэрлийг тээж явагч нар болох учиртайгаа мэддэг.
Замд гарсан эмэгтэй буюу Хамгийн Ариун Мариа эх бидэнд өөрсдийгөө ойр дотно, нигүүлсэнгүй, энхрий зөөлөн Эзэний гэрч хэмээн тунхаглахад туслах болтугай.
Анжелусын дараа хэлсэн үгс
Эрхэм ахан дүүс ээ!
Ирж буй 2 сарын 10-ны өдөр Зүүн Ази болон дэлхийн бусад хэсэгт сая сая гэр бүл цагаан сарын баярыг тэмдэглэнэ. Цагаан сарын баяраар хүмүүс хоорондын харилцаандаа энхрийлэл, халамжийг мэдрээсэй гэсэн найдвартайгаар баярыг тэмдэглэх бүх гэр бүлд халуун мэндчилгээ дэвшүүлье. Энхрийлэл халамжаар дүүрэн харилцаанууд нь хүн бүрийн салшгүй эрхэм чанарыг хүлээн зөвшөөрч, найрсгаар угтан авдаг эв нэгдэлтэй ахан дүүсийн холбоо бүхий нийгмийг бий болгоход туслах болно. Би хүн бүрийн дээр Эзэний адислалыг хүсэхийн зэрэгцээ дэлхий ертөнцөд маш ихээр үгүйлэгдэж буй, өнөөдөр олон газарт хэзээ хэзээнээс илүү ховордсон амар амгалангийн төлөө залбирахыг та бүхнээс хүсье. Энэ нь цөөхөн хүний биш, харин бүх хүн төрөлхтний үүрэг хариуцлага билээ. Бүгдээрээ энэрэл нигүүлсэл, эр зоригтой үйлдлүүдээр энх тайвныг байгуулахад хамтран ажиллацгаая!
Дайны улмаас зовж шаналж буй хүмүүс, ялангуяа Украин, Палестин, Израил улсуудын төлөө үргэлжлүүлэн залбирцгаая.
Өнөөдөр Италид бид "Амьдралын хүч биднийг гайхшируулдаг" сэдэвтэй Амьдралын төлөөх өдрийг тэмдэглэж байна. Итали хамба лам нарын хамтаар би идеологийн алсын харааг шүтэх үзэл дарагдаж, хүн бүрийн амьдрал, тэр байтугай хамгийн хязгаарлагдмал амьдрал ч асар их үнэ цэнтэй бөгөөд бусдад ямар нэг зүйл өгөх чадвартай гэдгийг хүмүүс дахин олж харна гэж найдаж байна.
Хүүхэд байхдаа боолчлогдож байсан Суданы гэлэнмаа Гэгээн Жозефина Бахитагийн дурсгалд зориулан 2 сарын 8-ны өдөр тэмдэглэх Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг залбирч, эргэцүүлэх дэлхийн өдөрт хүрэлцэн ирсэн олон орны залууст мэндчилгээ дэвшүүлье. Өнөөдөр ч ах эгч дүүс маань худал амлалтад хууртагдаж, улмаар мөлжлөг, хүчирхийлэлд өртөж байна. Дэлхий дахинд хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг тэмцэхэд бүгдээрээ нэгдэцгээе.
Мөн Чилийн төвд гарсан аймшигт гал түймэрт амь үрэгдэж, түлэгдэж гэмтсэн хүмүүсийн төлөө залбирцгаая.
Итали болон дэлхийн олон орноос Ромд ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ялангуяа Сахилт Амьдралын Хүрээлэн болон Элчийн Амьдралын Нийгэмлэгүүдэд зориулсан Дикастериас зохион байгуулж буй “Энх тайвны зам дээрх найдварын мөргөлчид” уулзалтад оролцож буй жар гаруй орны сахилтай эрэгтэй, эмэгтэй хүмүүст мэндчилгээ дэвшүүлье. Испанийн Бадахоз хотын болон Марсель хотын "Севинье" Салесийн сургуулийн оюутнууд, Варшав болон бусад хотуудаас ирсэн Польш сүсэгтнүүд, мөн Сан Бенедетто дель Тронто, Остра, Чинголи тосгодоос ирсэн хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Тэнд Японы тугууд харагдаж байна! Япончуудад мэндчилгээ дэвшүүлье. Бас Польшийн тугууд ч байна. Польшууд болон Иммаколата бүлгэмийн залуучуудад мэнд хүргэе.
Та бүхэнд бүтэн сайн өдрийг аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci!