Хайх

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 2 сарын 11, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд Есүс уяман өвчтөнийг эдгээсэн тухай түүхийг өгүүллээ (Марк 1:40-45). Эдгээж өгөхийг Өөрөөс нь гуйсан өвчтэй хүнд Есүс: «Би хүсэж байна. Цэвэрш!" (ишлэл 41) хэмээн хариулдаг. Есүс маш энгийн үгсийг хэлж, хэлсэн даруйдаа үгээ үйлдэл болгон хэрэгжүүлдэг. Үнэхээр л, “тэр даруй уяман өвчин нь түүнээс зайлж, тэрээр цэвэршжээ” (ишлэл 42) хэмээн айлдалд гардаг билээ. Зовж шаналсан хүмүүст Есүс цөөн үг хэлж, тодорхой үйлдлүүд хийж өгөх замаар тусалж байлаа.

Зовж шаналсан хүмүүс буюу дүлий, хэл ярианы согогтой (Марк 7:31-37), саа өвчтэй (Марк 2:1-12) болон тусламж хэрэгтэй бусад олон хүнд Есүс ийм байдлаар хандаж байсныг бид Сайн мэдээний айлдлаас олон удаа харсан (Mарк 5). Тэр үргэлж бага ярьж, ярьсан даруйдаа үйлдэл хийдэг. Есүс хүмүүс рүү бөхийж, гараас нь барьж, тэднийг эдгээдэг. Тэр сүсэг бишрэл, мэдрэмжийн хэтийдсэн илэрхийлэлд анхаарал хандуулдаггүй бөгөөд ярьж байцаан цагийг дэмий үрдэггүй. Харин Тэр анхааралтай сонсож, аль болох олонд мэдэгдэлгүйгээр хянамгай үйлдэл хийн, болгоомжтой даруу байдлыг харуулдаг.

Энэ нь хүнийг хайрлах гайхалтай арга. Үүнийг төсөөлж, өөрсдийн амьдралд шингээвэл бидэнд хэчнээн ач тустай байх бол! Үгэнд хянуур, үйлэнд тусч; гайхуулах дургүй боловч бусдад тус нэмэр болоход бэлэн; сонсоход бэлэн учраас сайтар тусалж чаддаг нэгэнтэй таарах үед ямар байдгийг бодож үзье. "Чи намайг сонсмоор байна уу? Надад туслахыг хүсэж байна уу?" хэмээн асуухад маань бараг Есүс шиг "Тийм ээ. Би хүсэж байна. Би чамд туслахаар энд байна!" гэж хариулна гэдэгт нь итгэлтэй байж болох найзуудаа бодоцгооё. Богино настай виртуал харилцаанууд газар авч буй мэт санагдах энэ ертөнцөд ийм л бодит тусламж улам бүр чухал болж байна.

Тэнгэрбурхан биднийг: “Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь нүцгэн, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, та нарын нэг нь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчхээд биед нь хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ?" (Иаков 2:15-16) хэмээх үгсээр сорьдог. Элч Иаков энэ үгийг хэлсэн. Хайр нүдэнд харагдаж гарт баригдахуйц байх хэрэгтэй. Хайрлахын тулд нөгөө хүнтэйгээ уулзаж хамт байх хэрэгтэй. Хайранд цаг хугацаа, орон зай хэрэгтэй. Түүнийг уран яруу үг, дэлгэцэн дээрх зургууд, агшин зуурын селфи, яаруу мессежээр аргацаах аргагүй. Эдгээр нь хайрыг илэрхийлэхэд тусалж чадах ашигтай хэрэгслүүд боловч дангаараа хангалтгүй юм. Тэд бодитоор хамт өнгөрөөх цагийг орлож чадахгүй.

Бүгдээрээ өнөөдөр өөрсдөөсөө ингэж асууцгаая. Би хүмүүсийг сонсож мэддэг билүү? Тэдний хүсэлтийг биелүүлэхэд бэлэн байдаг билүү? Эсвэл би шалтаг тоочиж, хойшлуулж, хийсвэр, хэрэггүй үгсийн ард нуугддаг уу? Бодит байдал дээр би хамгийн сүүлд хэзээ ганцаардсан эсвэл өвчтэй хүнтэй уулзахаар очсон билээ? Хамгийн сүүлд хэзээ надаас тусламж хүссэн хүнд туслахын тулд өөрийн төлөвлөгөөг өөрчилсөн билээ? Хүн бүр зүрх сэтгэл дотроо эдгээр асуултуудад хариулаарай. 

Анхаарал халамжтай Мариа эх бидэнд хайранд бэлэн байхад болон хайраа бодитоор илэрхийлэхэд туслах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үгс

Өнөөдөр Аргентины Мариа Антониа де Пас и Фигуэраг гэгээнтнээр өргөмжилсөн. Шинэ гэгээнтэнд алга ташицгаая!

Өнөөдөр бид Лурдын Цэвэр охин Мариагийн дурсгалд зориулж Дэлхийн өвчтөнүүдийн өдрийг тэмдэглэж байна. Энэ жил бид өвчтэй байх үеийн хүмүүс хоорондын харилцааны ач холбогдолд анхаарал хандуулж буй. Өвдсөн үед бидэнд хамгийн түрүүнд хайртай хүмүүс маань болон эрүүл мэндийн мэргэжилтнүүд ойр байх шаардлагатай байдаг. Мөн Тэнгэрбурхан ойр байгааг зүрх сэтгэлдээ мэдрэх хэрэгцээ үүсдэг. Есүс Сайн мэдээний айлдалдаа заасанчлан бид бүгдээрээ зовж шаналж буй хүмүүсийн хөрш нь байж, өвчтэй хүмүүсийг эргэх ёстой. Тиймээс өнөөдөр өвчтэй эсвэл сульдсан бүх хүнд Сүм болон би өөрөө ойр байгаагаа илэрхийлэхийг хүсэж байна. Тэнгэрбурханы ойр, энэрэнгүй, зөөлөн хандлагыг бид мартаж болохгүй.

Гэвч ахан дүүс ээ, энэ өдөр олон хүн халамж тусламж авах эрхээ, цаашлаад амьд явах эрхээ хасуулж байна. Үүнийг чимээгүй хараад өнгөрөөж болохгүй! Би туйлын ядуу амьдралтай болон дайны бүсэд амьдарч буй хүмүүсийг хэлж байна. Дайн өрнөж буй газруудад хүний үндсэн эрх өдөр бүр зөрчигдөж байна! Үүнийг тэвчих учиргүй. Бүслэгдсэн Украин болон Палестин, Израил, Мьянмарын төлөө, дайнд зовж буй ард түмнүүдийн төлөө залбирцгаая.

Ромчууд болон янз бүрийн орноос ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ялангуяа Испани улсын Морал де Калатрава, Бурхосоос ирсэн хүмүүс болон Бразилиа, Португалийн сүсэгтнүүд; Мостар хотын залуучуудын найрал дуу болон хөгжимчдийн баг; Португалийн Вила Поука де Агиарын сургуулийнхантай мэндчилье.

Би Винадиогийн Сант’Анна бунхан, Эраклеагийн найрал дууны баг, Сан Калогерогийн Санта Паола Фрасинетти нийгэмлэгийн сайн дурын ажилтнууд болон Энего, Роньо нарын сүсэгтнүүдтэй мэндчилж байна. Мөн Лоди, Петосино, Торри ди Куартесоло тосгоны залуучууд; Мальта, Лаллио, Алменно Сан Салваторегийн бататгал авах гэж буй хүмүүс; Миланы "Сант'Амброжио" Салесийн дээд сургуулийн оюутнууд, Пиовене Рочетегийн хүүхдийн найрал дууны хамтлаг; түүнчлэн гучин жилийн ой нь тохиож буй “Радио матер” хамтлагийнханд мэндчилгээ дэвшүүлье.

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

01 February 2024, 13:13

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >