Хайх

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 2 сарын 18, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдөр буюу Дөч хоногт цаг улирлын эхний ням гарагт Сайн мэдээний айлдал бидэнд цөлд соригдсон Есүсийн тухай өгүүллээ (Марк 1:12-15). Бичвэрт: "Есүс Сатанд сориулан цөлд дөч хоног байв" гэжээ. Бид ч мөн Дөч хоногт цаг улирлын үеэр "цөлд гарах" буюу чимээгүй байж, дотоод ертөнц, зүрхээ сонсож, үнэнтэй харилцах учиртай. Сайн мэдээний айлдал Христийг цөлд “зэрлэг амьтдын дунд байсан бөгөөд тэнгэрэлч нар Түүнд үйлчилж байлаа” гэсэн (ишлэл 13).  Зэрлэг амьтад болон тэнгэрэлч нар Түүнтэй хамт байжээ. Бэлгэдлийн утгаараа тэд мөн бидэнтэй ч хамт буй. Үнэхээр л бид өөрсдийн доторх цөл уруу очих үед тэнд зэрлэг амьтад болон тэнгэрэлч нартай таарах боломжтой.

Зэрлэг амьтад. Үүнийг ямар утгаар хэлэв? Оюун санааны амьдралын хүрээнд бид тэдгээрийг зүрх сэтгэлийг хуваан, түүнийг эзэмдэхийг оролддог эмх замбараагүй хүслүүд гэж үзэж болно. Тэд дур булаам харагдаж, биднийг уруу татна. Гэвч болгоомжтой байхгүй бол тэд биднийг тасчиж хаях эрсдэлтэй. Тэдгээр сүнсний "араатнуудыг" нэрлэвэл: биднийг заль мэх хэрэглэхэд хүргэж, сэтгэл ханамжгүй байдлыг хоригдол болгодог эд баялагт шунах шунал, биднийг тайван бус байдал, ганцаардалд хүргэдэг дэмий хоосон зугаа цэнгэл, бусдаас дутуу мэт мэдрүүлэн чухал байр суурьтай болж байж өөрийгөө бататгах гэсэн байнгын хэрэгцээг бий болгодог алдар нэрд тэмүүлэх хүсэл гээд л янз бүрийн гаж бурууг дурдаж болно. Өөрсдийнхөө дотор бид хорхойсол, хоосон бардамнал, шунал зэрэгтэй тулгарах боломжтой гэдгийг мартаж болохгүй. Тэд "зэрлэг" араатнуудтай адил учраас тэднийг номхруулж, тэдэнтэй тэмцэхгүй бол эрх чөлөөг маань залгих болно. Тэдгээрийг засахын тулд дотоод цөл рүүгээ очиход маань Дөч хоногт цаг улирал бидэнд тусалдаг.

Цөлд бас тэнгэрэлч нар байсан билээ. Тэд Тэнгэрбурханы элч нар бөгөөд бидэнд тусалж, сайныг үйлддэг. Сайн мэдээний айлдалд бичсэний дагуу үйлчлэх нь тэдний шинж чанар юм (ишлэл 13). Янз бүрийн хүслүүд биднийг эзэмдэх гэдэг бол үйлчлэл яг эсрэгээрээ. Үйлчлэл эзэмдэхийн эсрэг байдаг. Тэнгэрэлч нар Ариун Сүнсний дэвшүүлсэн сайхан бодол, мэдрэмжийг бидэнд сануулдаг. Сорилтууд биднийг хуваадаг бол, тэнгэрлэг онгод биднийг нэгтгэж, эв найрамдалтай байх боломжийг олгодог. Тэнгэрлэг онгод зүрх сэтгэлийг дэвтээж, Христийн чанар, "Тэнгэрийн амтыг" түүнд шингээдэг. Тэнгэрлэг онгодыг хүртэхийн тулд хүн чимээгүй байж залбирах ёстой. Дөч хоногт цаг улирал бол үүнийг хийх цаг юм.

Бүгдээрээ эхлээд зүрх сэтгэлийг маань хөдөлгөдөг ямар эмх замбараагүй хүслүүд буюу "зэрлэг амьтад" байгааг өөрсдөөсөө асууцгаая. Дараа нь, Тэнгэрбурханы дуу хоолойг зүрх сэтгэлдээ оруулж, түүний сайн сайхныг хадгалахын тулд өдөр бүр хэсэгхэн хугацааг "цөлд гарахад" зарцуулах бодол надад байна уу хэмээн өөрсдөөсөө асуугаарай.

Үгийг сахиж, хорон муу нэгний уруу таталтад автаагүй Цэвэр Охин Мариа Дөч хоногт цаг улирлын аян замд бидэнд тус дэм болох болтугай.

Ариун Эцгийн Анжелус залбирлын дараа хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ!

Суданд зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш 10 жил өнгөрчээ. Үүнээс болж тэнд хүмүүнлэгийн маш хүнд нөхцөл байдал үүссэн. Ард түмэн, улс орны ирээдүйд асар их хохирол учруулж буй энэ дайныг зогсоохыг дайтаж буй талуудаас дахин хүсэж байна. Эрхэм Судан улсын ирээдүйн төлөө энх тайвныг тогтоох арга зам хурдан олдоосой хэмээн залбирцгаая.

Сүүлийн хэдэн өдөр Мозамбикийн Кабо Делгадо мужид зэвсэггүй хүн амын эсрэг хүчирхийлэл, дэд бүтцийн сүйтгэл зэрэг аюултай нөхцөл байдал дахин газар авч, Африкийн Мазезезегийн Мариа эхийн Католик шашин дэлгэрүүлэгчдийн амьдарч байсан газрыг шатаасан байна. Тэрхүү зовлонт бүс нутагт амар амгалан дахин ирээсэй хэмээн залбирцгаая. Мөн Африк тив болон Европ, Палестин, Украин гээд л дэлхийн олон хэсгийг цусаар будсан мөргөлдөөнүүдийг бид мартаж болохгүй.

Дайн үргэлж ялагдал байдгийг бид санаж явах ёстой. Дайнтай газар бүрд утга учиргүй, үр дүнгүй тэр дайнаас ард түмэн залхаж туйлдсан байдаг. Дайн зөвхөн үхэл, сүйрлийг авчирдаг бөгөөд хэзээ ч асуудлыг шийдвэрлэж чаддаггүй. Харин залбирал үр дүнтэй тул уйгагүй залбирцгаая. Энх тайвны төлөө өөрсдийгөө зориулдаг бодол санаа, зүрх сэтгэлтэй хүмүүсийг Эзэнээс гуйцгаая.

Би Ром болон Италийн бусад хэсэг, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн сүсэгтэн олон, ялангуяа Америкийн Нэгдсэн Улсын мөргөлчид, Чех, Словак, Испанийн сүмүүдийн шинэ сонсогчдын бүлгэмүүд, "Каролина Коронадо" Альмендралехо дээд сургуулийн оюутнууд болон "Үйлчлэгчдийн мөрөөр - Дэлхий рүү" нэртэй сайн дурын нийгэмлэгийнхэнд мэндчилгээ дэвшүүлье. Мөн талбайд ирсэн тариаланчид, мал аж ахуй эрхлэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе!

Өнөөдөр үдээс хойш бид Куриагийн түншүүдтэй хамт оюун санааны дасгалуудыг хийж эхлэх болно. Дөч хоногт цаг улирлын үеэр болон Ойн баярт жилийн бэлтгэл болсон энэхүү "Залбирлын жилийн" турш Эзэний өмнө цугларч тодорхой мөчүүдийг залбиралд зориулахыг би сүсэгтэй хувь хүмүүс болон бүлгэмүүдэд уриалж байна.

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

18 February 2024, 08:23

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >