Хайх

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 3 сарын 17, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдөр бол Дөч хоногт цаг улирлын тавдугаар ням гараг. Ариун долоо хоног улам дөхөж буй энэ үед Есүс Сайн мэдээний айлдлаар дамжуулан (Иохан 12:20-33) загалмай дээр бид Түүний болон Эцгийн алдрыг харах болно хэмээх чухал үгсийг айлдлаа (ишлэл 23, 28).

Гэхдээ Тэнгэрбурханы алдар яаж загалмай дээр илрэх вэ? Ялагдал, бүтэлгүйтлийг илэрхийлсэн Загалмай дээр биш харин Амилалтаар л Тэр алдарших баймаар. Гэвч Есүс Өөрийн тарчлалын талаар ярихдаа, “Хүний Хүүгийн алдарших цаг ирлээ” (ишлэл 23) гэсэн. Тэр үүгээрээ юуг илэрхийлэв?

Тэнгэрбурханы алдар бол хүний амжилт, алдар хүндтэй адилгүй. Тэнгэрбурханы алдар Өөртэй нь ямар ч хамаагүй. Түүний хувьд алдар гэдэг олон хүний алга ташилт дагуулсан хүч чадлын сүр жавхлант илэрхийлэл биш гэдгийг Есүс илэрхийлжээ. Тэнгэрбурханы хувьд алдар гэдэг нь амиа өгөх хэмжээнд хайрлахыг хэлдэг аж. Түүний хувьд алдаршуулал нь Өөрийгөө өгөх, Өөрийгөө хүртээмжтэй болгох, хайраа өргөх гэсэн утгатай. Алдаршууллын оргил нь Загалмай бөгөөд тэнд Есүс Тэнгэрбурханы хайрыг дээд зэргээр түгээж, нигүүлслийн нүүр царайг бүрэн илчилсэн юм. Тэр бидэнд амьдрал өгч, Өөрийг нь цовдлогчдыг уучилсан.

Ахан дүүс ээ, биднийг аз жаргалтай болгодог гандашгүй жинхэнэ алдар өгөх, өршөөх дээр тогтдог гэдгийг Эзэн "Тэнгэрбурханы сэнтий" болох Загалмай дээрээс бидэнд сургажээ. Тэнгэрбурханы алдрын мөн чанар нь өгөх, уучлах. Тэдгээр нь бидний хувьд амьдралын хэв маяг. Алдрыг тодорхойлдог хүмүүсийн шалгуур өгөх ба уучлах хэмээх Тэнгэрбурханы шалгуураас тэс өөр. Бидний эргэн тойронд хүмүүс алдрыг өгөхөөс илүүтэй хүртдэг, өргөхийн оронд эзэмшдэг зүйл гэж боддог шүү дээ. Гэвч дэлхий дээрх алдар гандаж, зүрхэнд баяр баясгаланг үлдээдэггүй. Тэр бүх нийтийн сайн сайханд ч хүргэдэггүй, харин хуваагдал, зөрчилдөөн болон атаархалд хүргэдэг.

Тиймээс бид өөрсдөөсөө дараах асуултуудыг асууж болох юм. Би өөрийн амьдралд, ирээдүйдээ ямар алдрыг хүсэж мөрөөдөж байна вэ? Бусдад ур чадвар, эсвэл эзэмшсэн зүйлсээ гайхуулдаг алдар уу? Эсвэл цовдлогдсон Есүсийн зам болох өгч, өршөөдөг алдар уу? Хайрлахаас хэзээ ч цуцдаггүй, хайрласнаар дэлхийд Тэнгэрбурханыг гэрчилж, амьдралын гоо сайхныг гэрэлтүүлнэ гэдэгт итгэлтэй явдаг хүний алдар уу? Ямар алдар нэрийг би хүсэж байна вэ? Бид уучилж, өгөх үед л Тэнгэрбурханы алдар бидний дотроос гэрэлтдэг гэдгийг санацгаая. Уучилж, өгөх тэр л үед.

Тарчлах цагт нь Есүсийг үнэнчээр дагасан Цэвэр охин Мариа бидэнд Есүсийн хайрын амьд тусгал болоход туслах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ!

Гаитид өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр хулгайлагдсан Frères du Sacré-Cœu институтын нэг багш болон шашны зургаан ах дүүгийн дөрөв нь суллагдсаныг мэдээд сэтгэл минь амарлаа. Хүчирхийлэлд автсан эрхэм Гаити улсад барьцаалагдсан бүх хүн, тэр дундаа үлдсэн хоёр ах дүүг аль болох хурдан суллахыг би хүсэж байна. Улс төр, нийгэмд оролцож буй бүх талыг хувийн ашиг сонирхлоо орхиж, нийтлэг эрх ашгийн төлөө эвлэлдэн нэгдэхийг уриалж байна. Та бүхэнд иргэдийн дунд дэг журам, амар амгаланг сэргээх чадвартай хариуцлагатай байгууллагуудыг олон улсын тусламжтайгаар бий болгож, энх тайван амьдрал руу шилжих шилжилтийг хийхийг уриалъя.

Украйн, Палестин, Израил, Судан улсуудад дайны улмаас зовж шаналж буй хүмүүсийн төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Мөн дайнаас болж удаан хугацааны турш асар их хохирол амссан Сири улсыг мартаж болохгүй.

Итали болон дэлхийн олон орноос Ром хотод ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ялангуяа Испанийн их сургуулиудын дотуур байранд амьдардаг оюутнуудын "Camplus" холбоо, Мадрид, Пескара, Киети, Локоротондо хотуудын сүмийн хүмүүс болон Ром дахь Сан Жованни Леонарди сүмийнхэнтэй мэндчилье. Мөн Комо хотын Гэгээн Иосефийн нэрэмжит нийтийн хоршоо, Перужиа хотын хүүхдүүд, Итгэлийн тунхаг өргөхөөр бэлдэж буй Болонья хотын залуучууд болон Павиа, Каваион Веронезе тосгодын Бататгал сакрамент хүртэхээр хүлээж буй хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе.

Спорт, ахан дүүсийн холбоог тэмдэглэдэг уламжлалт баяр болох Ромын марафонд оролцогчдыг баяртайгаар хүлээн авцгаая. Энэ жил дахин Athletica Vaticana холбооны санаачилгаар олон тамирчин "эв нэгдлийн буухиа" арга хэмжээнд оролцож, хуваалцахуйн гэрчүүд болж байна.

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

24 March 2024, 16:19

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >