ДЭЛХИЙ ДАХИНД ЗОРИУЛСАН ПАП ФРАНЦИСЫН АДИСЛАЛ Ватикан 2024 оны 3 сарын 31, Ням гараг
Эрхэм ахан дүүс ээ, Амилалтын баярын мэнд хүргэе!
Хоёр мянган жилийн өмнө Иерусалимд тунхаглагдсан "Цовдлогдсон Назарын Есүс амилсан" гэх мэдээ өнөөдөр ч дэлхий даяар цуурайтсаар байна. (Марк 16:6).
Долоо хоногийн эхний өдрийн үүрээр булшинд очсон эмэгтэйчүүдийн гайхширлыг Сүм өнөөдөр дахин мэдэрч байна. Есүсийн булш том чулуугаар битүүмжлэгдсэн байсны нэгэн адил өнөөдөр ч том, хүнд чулуунууд хүн төрөлхтний итгэл найдварыг хаасаар байх аж. Дайн дажин, хүмүүнлэгийн хямрал, хүний эрхийн зөрчил, хүний наймааны болон бусад чулуунууд бидний найдварт саад болсоор. Есүсийн эмэгтэй шавь нар: "Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ?" хэмээн асууж байсны нэгэн адил бид ч тэр асуултыг нэг нэгнээсээ асууцгаана (Марк 16:3).
Тэрхүү том чулууг өнхрүүлэн зайлуулсан байсныг олж мэдсэн нь Христ амилсан өглөөний гайхамшигт нээлт билээ. Есүсийн булш онгорхой, хоосон байсан нь тэдгээр эмэгтэйчүүдийг гэлтгүй биднийг ч гайхшируулсан. Эндээс бүх зүйл шинээр эхэлсэн! Тэнгэрбурханаас өөр бидний хэн ч нээж чадахгүй нэгэн шинэ зам тэрхүү хоосон булшаар дайрсан юм. Тэр зам бол үхлийн дундах амьдрал, дайны дундах энх тайван, үзэн ядалтын дундах эвлэрэл, дайсагналын дундах ахан дүүсийн холбооны зам билээ.
Ахан дүүс ээ, Есүс Христ амилсан! Амьдралд хүрэх замыг хаадаг чулуунуудыг зайлуулах хүч Түүнд л бий. Амьд Нэгэн буюу Христ өөрөө тэр зам билээ. Тэр бол амьдрал, амар амгалан, эвлэрэл болон ахан дүүсийн нөхөрсөг холбоонд хүргэх зам. Тэр ганцаараа дэлхийн гэм нүглийг Өөртөө авч, биднийг уучлан хүний нээх боломжгүй замыг нээж өгсөн. Учир нь Тэнгэрбурханы өршөөлгүйгээр чулууг зайлуулах боломжгүй юм. Нүглийн уучлал өршөөлгүйгээр өрөөсгөл үзэл болон үргэлж бидний зөв, бусдын буруу хэмээх нэг нэгнээ буруутгасан буруутгалуудыг давах боломжгүй. Бидний нүглийг уучилж өршөөснөөрөө амилсан Христ л шинэ ертөнцийн замыг нээж өгдөг.
Дэлхий даяар дайн дажин нэмэгдэхийн хэрээр бид амьдралын хаалгыг дахин дахин хаасаар байдаг. Тэрхүү хаалгыг зөвхөн Есүс л нээж чаддаг. Өнөөдөр юуны түрүүнд Есүсийн Тарчлал, Үхэл, Амилалтын нууцуудыг гэрчилсэн Ариун Иерусалим хот болон Ариун нандин газрын Христэд итгэгч хүмүүст анхаарлаа хандуулцгаая.
Израил, Палестин, Украин болон дэлхий даяар болж буй олон мөргөлдөөний хохирогчдыг би онцгойлон санаж байна. Амилсан Христ тэдгээр бүс нутгуудын дайнд нэрвэгдсэн ард түмэнд энх тайвны замыг нээж өгөх болтугай. Би олон улсын эрх зүйн зарчмуудыг хүндэтгэхийг уриалахын сацуу Орос, Украин улсууд бүх олзолсон хүмүүсээ солилцоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийлье.
Газын зурвасын хүн амд зориулсан хүмүүнлэгийн тусламжийн хүртээмжийг баталгаажуулахыг та бүхнээс дахин гуйя. Мөн өнгөрсөн 10 сарын 7-ны өдөр барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллаж, галыг зогсоохыг дахин уриалмаар байна.
Хязгаартаа тулсан дайсагналууд энгийн ард түмэнд, нэн ялангуяа хүүхдүүдэд ноцтой үр дагавар учруулахыг бид зөвшөөрч болохгүй. Дайнтай улс орнуудын хүүхдүүд хэрхэн инээмсэглэхийг ч мартсан байна. Тэдний нүдэнд хэчнээн их зовлон зүдүүр хурсан байна вэ! Тэдний нүднүүд биднээс, “Энэ бүх үхэл, сүйрэл юуны төлөө юм бэ?” гэж асууж байна. Дайнд утга учир гэж үгүй. Дайн үргэлж ялагдал байдаг! Хүчээ авч буй дайны салхийг Европ болон Газар дундын тэнгис орчим нэвтрүүлэхгүй байцгаая. Зэр зэвсэг хэрэглэх ёстой хэмээх логикт бид бууж өгч болохгүй. Амар амгаланг зэр зэвсгээр биш, харин сунгасан гар, нээлттэй зүрхээр бий болгодог
Ахан дүүс ээ, арван гурван жилийн турш сүйрэл авчирсан урт удаан дайны үр дагаварт нэрвэгдсэн Сири улсыг бид мартаж болохгүй. Тэнд дайны улмаас маш олон хүн нас барж, алга болсон. Тэндхийн ядуурал, сүйрэл хүн бүрийн, олон улсын хариу арга хэмжээг шаардаж байна.
Нийгмийн байгууллагуудынх нь үйл ажиллагаа мухардаж, эдийн засаг болон нийгмийн гүн хямралд нэрвэгдсэн Ливан улсыг би онцгойлон санаж байна. Израилтай хиллэх хил дээрх дайсагналын улмаас тус улсын нөхцөл байдал улам хурцадсан. Амилсан Эзэн Ливаны эрхэм ард түмнийг тайвшруулж, улсыг бүхэлд нь уулзалт учралын, зэрэгцэн хамт орших олон үндэстний орон байхад туслах болтугай.
Европтой нэгдэхээр дорвитой алхмуудыг хийж байгаа Баруун Балканы бүс нутгийнхныг би бодол дотроо тээж явдаг. Үндэс угсаа, соёл, шашин шүтлэгийн ялгаа нь хагаралдан бутрах шалтгаан бололгүй, бүх Европ, дэлхийг улам баяжуулах болтугай.
Олон улсын дэмжлэгтэйгээр Армени болон Азербайжаны хооронд яриа хэлэлцээр өрнүүлэхийг дэмжиж байгаагаа би илэрхийлье. Хэлэлцүүлгийн үр дүнд дүрвэгсдэд тусалж, янз бүрийн шашны мөргөлийн газруудыг хүндэтгэж, энх тайвны гэрээ хийх боломж аль болох хурдан бүрдэх болтугай.
Дэлхийн бусад хэсэгт хүчирхийлэл, мөргөлдөөн, хоол хүнсний хомсдол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнөөс болж зовж шаналж буй бүх хүнд Амилсан Христ итгэл найдварын замыг нээж өгөх болтугай. Бүх хэлбэрийн терроризмын хохирогч нарт Эзэн тайтгарлыг өгөх болтугай. Амиа алдсан хүмүүсийн төлөө залбирцгаая. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс гэмшиж, өөрчлөгдөөсэй хэмээн Эзэнээс гуйцгаая.
Амилсан Эзэн Хаити улсын ард түмэнд тусалж, хүчирхийлэл, сүйрэл болон цус урсгасан үйлдлүүдийг зогсоон, ардчилал, ахан дүүсийн холбооны замыг тавих болтугай.
Хүмүүнлэгийн ноцтой хямралд нэрвэгдсэн Рохинжачуудад Христ тайтгарал болон хүч чадлыг өгөх болтугай. Мөн олон жилийн турш дотоод зөрчилдөөнтэй байгаа Мьянмарчуудад эвлэрэх замыг Тэр нээж өгөх болтугай. Ингэснээр Мьянмар улс хүчирхийллийг бүрмөсөн орхих болтугай.
Эзэн Африк тивд, нэн ялангуяа Судан болон Сахелийн бүс нутаг, Африкийн эвэр, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Киву нутаг болон Мозамбикийн Капо Делгадо мужид зовж шаналж буй хүмүүст энх тайвны замыг нээж өгөх болтугай. Мөн өргөн уудам газар нутгийг хамарсан өлсгөлөнг өдөөж буй удаан үргэлжилсэн ган гачгийг зогсоож өгөх болтугай.
Цагаачид болон эдийн засгийн хүндрэлтэй үеийг туулж буй бүх хүн дээр Амилсан Эзэн царайгаа гэрэлтүүлж, хэрэгтэй үед нь тайтгарал, найдварыг өгөх болтугай. Илүү дээр амьдрал, аз жаргалыг эрэлхийлэхэд хамгийн ядуу гэр бүлүүдэд тулгардаг сорилт бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд Христ тусалж, сайн санаат хүмүүсийг удирдан чиглүүлэх болтугай.
Хүүгийн амилалтаар бидэнд өгөгдсөн амьдралыг тэмдэглэж буй энэ өдөр Тэнгэрбурханы хүн нэг бүрийг хайрлах хязгааргүй хайрыг санацгаая. Түүний хайр бүх хязгаарлалт, сул дорой байдлыг даван туулдаг. Гэвч хүмүүс бид амьдралын нандин бэлгийг ямар ихээр жигшиж байна вэ! Хэчнээн хүүхэд төрж ч чадахгүй хорвоог орхиж байна вэ? Хэчнээн хүн өлссөнөөс, асаргаа сувилгаа дутагдсанаас нас барж, хэчнээн нь хүчирхийлэлд өртөж байна вэ? Хүний наймааны улмаас ямар олон хүний амь нас гэмт хэргийн объект болов?
Ахан дүүс ээ, Христ биднийг үхлийн боолчлолоос чөлөөлсөн энэ өдөр би улс төрийн үүрэг хариуцлага хүлээсэн бүх хүнд хандан хүний наймааны гамшигтай тэмцэж, мөлжлөгийн сүлжээг таслан зогсоож золиос болсон хүмүүст эрх чөлөөг авчрахын төлөө цуцалтгүй зүтгэхийг уриалж байна. Хохирогчдын гэр бүлүүдийг, ялангуяа хайртай хүмүүсийнхээ талаар ямар нэгэн мэдээ сонсохоор тэсэн ядан хүлээж буй хүмүүсийг Эзэн тайвшруулж, тайтгарал, найдвараар хангах болтугай.
Амилалтын гэрэл бидний санаа бодлыг гэрэлтүүлж, зүрхийг маань өөрчлөх болтугай. Мөн хүн бүрийн амьдралын үнэ цэнийг ухааруулж, тэднийг угтан авч, хамгаалж, хайрлах ёстой гэдгийг сануулах болтугай.
Бүгдэд нь Христ амилсны баярын мэндийг хүргэе!