Хайх

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 3 сарын 10, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Дөч хоногт цаг улирлын дөрөв дэх ням гарагийн Сайн мэдээний айлдал бидэнд “иудейчүүдийн удирдагч” (Иохан 3:1) фарисай Никодемийн дүрийг (Иохан 3:14-21) танилцууллаа. Тэр Есүсийн үзүүлсэн тэмдгүүдийг хараад Тэнгэрбурханаас илгээсэн багш болохыг нь таньж, шөнөөр хүмүүст харагдалгүйгээр Есүстэй уулзахаар очсон. Эзэн Никодемийг хүлээн авч ярилцаж, түүнд ертөнцийг яллахын тулд биш харин аврахын тулд ирсэн гэдгээ илчилдэг (ишлэл 17). Есүс яллахын тулд биш, харин аврахын тулд ирсэн гэдгийг эргэцүүлэн тунгаацгаая. Энэ үнэхээр сайхан!

Христ замдаа таарсан хүмүүсийнхээ санаа зорилгыг илчилж, зарим тохиолдолд хуурамч багийг нь хуу татаж (фарисайчууд, Матай 23:27-32), эсвэл эмх замбараагүй амьдралаа эргэцүүлэн бодоход хүргэдэг байсныг (Самари эмэгтэй, Иохан 4:5-42) бид сайн мэдээний айлдлаас хардаг. Түүнээс юуг ч нуух аргагүй. Есүс хүмүүсийн зүрхийг мэдэх чадвартай. Муугаар ашиглавал энэ нь хүмүүсийг өршөөлгүй шүүлтэд оруулж, хор хөнөөл учруулж болох сэтгэл түгшээм чадвар билээ. Үнэндээ хэн ч төгс биш. Бид бүгд гэм нүгэлтнүүд, бид бүгд алдаа гаргадаг. Хэрэв Эзэн сул талуудын маань талаарх мэдлэгээ ашиглан биднийг яллавал хэн ч аврагдаж чадахгүй.

Гэвч Тэр тэгээгүй. Үнэн хэрэгтээ Эзэн сул талуудыг маань биднийг буруушаахын тулд биш, харин биднийг хүлээн авч, нүглээс ангижруулж, аврахын тулд ашигладаг. Есүс биднийг шүүхэд өгч, шүүлтэд оруулах сонирхолгүй. Тэр бидний нэгийг нь ч алдахыг хүсдэггүй. Хүн бүрд чиглэсэн Эзэний харц бидний нүдийг гялбуулж, хэцүү байдалд оруулдаг хурц гэрэлт цамхаг биш, харин өөрсдийнхөө сайн сайхныг олж харж, мууг анзаарахад тусалдаг нөхөрсөг дэнлүүний зөөлөн гэрэл мэт. Тийнхүү бид Түүний хишиг ивээлийн тусламжтай өөрчлөгдөж, эдгэрэх боломжтой болдог.

Есүс ертөнцийг яллахын тулд биш, харин аврахын тулд ирсэн. Ихэвчлэн бусдыг буруутгах гэдэг өөрсдийнхөө тухай бодоцгооё. Бид ихэнхдээ бусад хүнийг муу хэлж, тэдний эсрэг хов жив хөөцөлдөх дуртай байдаг. Тэнгэрбурханы нүдээр бусдыг харах нигүүлслийг Түүнээс гуйцгаая.

Мариа эх бидэнд бие биедээ сайн сайхныг хүсэхэд туслах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ!

Хоёр хоногийн өмнө бид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэсэн билээ. Бүх эмэгтэйчүүд, тэр дундаа эрхэм чанар нь хүндлэгдээгүй эмэгтэйчүүд миний сэтгэлд ойр байдгийг би хэлмээр байна. Эмэгтэйчүүдийн эрх тэгш эрхэм чанарыг жинхэнэ утгаар нь хүлээн зөвшөөрөхөд хүн нэг бүрийн хийх ёстой олон ажил байсаар байна. Нийгэм, улс төрийн байгууллагууд хүн бүрийн эрхэм чанарыг хамгаалж, дэмжих үндсэн үүрэгтэй. Мөн тэд амьдрал тээгч эмэгтэйчүүддээ шинэ амьдралын бэлгийг хүлээн авч, үр хүүхдийнхээ зохистой амьдралыг баталгаажуулахад шаардлагатай нөхцөлийг бүрдүүлж өгөх үүрэгтэй билээ.

Гаити улсад тохиож буй ноцтой хямрал, мөн сүүлийн өдрүүдэд болсон хүчирхийллүүдэд би санаа зовж, харуусаж байна. Тэндхийн Сүм болон олон жилийн турш их зовлон зүдүүр үзсэн Гаитигийн ард түмэнтэй би сэтгэлээрээ ойр байна. Бүх төрлийн хүчирхийлэл зогсож, олон улсын шинэ дэмжлэгтэйгээр тус улсад энх тайван, эвлэрэл бэхжихийн төлөө хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулаасай хэмээн залбирч өгөхийг Мариа эхээс гуйна уу гэж би та бүхнээс хүсье.

Өнөө орой манай мусульман ахан дүүсийн хувьд Рамадан эхэлнэ. Тэд миний сэтгэлд ойр байдгийг би илэрхийлмээр байна.

Ром хот, Итали улс болон дэлхийн олон газраас ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ялангуяа Памплонагийн Ирак-Изага коллежийн оюутнууд болон Мадрид, Мурсиа, Малага, Нью Жерсигийн Сент Мэри Плэйнфилд хотоос ирсэн мөргөлчидтэй мэндчилье.

Ром дахь Гвадалупегийн манай хатагтайн сүм болон Тарчлагч Гэгээн Филиппийн сүмээс Анхны Нэгдэл болон Бататгал сакрамент хүртэхээр хүлээж буй хүмүүс, мөн Режио Калабриа, Кварту Сант’Елена, Кастелламонтегийн сүсэгтэн олонд мэндчилгээ дэвшүүлье.

Ром дахь Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын католик шашинтай хүмүүстэй би халуун дотноор мэндчилж байна. Конго улс, тарчлан зовж буй Украин болон Ариун газарт энх тайван тогтоосой хэмээн бүгдээрээ залбирцгаая. Энгийн иргэдэд асар их зовлон зүдүүр учруулагч дайсагнал аль болох хурдан зогсох болтугай.

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

10 March 2024, 13:11

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >