АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 4 сарын 7, Ням гараг
Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!
Өнөөдрийн буюу Иохан Паул II Гэгээнтний Тэнгэрлэг нигүүлсэлд зориулсан Амилалтын баярын хоёр дахь ням гарагийн Сайн мэдээний айлдал (Иохан 20:19-30) бидэнд Тэнгэрбурханы Хүү Есүст итгэснээр Түүний нэрээр мөнх амьтай болно хэмээн сургалаа (ишлэл 31). "Амьтай болох" гэдэг нь ямар утгатай юм бол?
Хүн бүр амьтай болохыг хүсдэг ч гэлээ түүнд хүрэх олон арга зам бий. Жишээлбэл, хүний оршихуйг зөвхөн идэж уух, таашаал авах, мөнгө, эд зүйл хуримтлуулах, мөн хүчтэй, шинэ сэтгэл хөдлөлүүд мэдрэх гэсэн улайрсан тэмцээн төдийхнөөр төсөөлдөг хүмүүс байдаг. Анх харахад тааламжтай мэт санагдах энэ замаар явсан хүний зүрх ханаж цаддаггүй. Таашаал, эрх мэдлийг хөөх замаар аз жаргалыг олж авдаггүй учраас энэ нь "амьтай болох" арга биш юм. Үнэн хэрэгтээ энэ зам хайр, зайлшгүй мэдрэх өвдөлт, хязгаарлалт, үхэл гэх мэт оршихуйн олон зүйлсэд хариулт өгдөггүй. Үүрд амьдрах найдвар, хязгааргүй хайрлагдах гэсэн бид бүгдийн нийтлэг мөрөөдөл ч биелээгүй хэвээр үлддэг. Харин өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд хүн бүрийн дуудлага болсон бялхам амьдрал Есүст бий гэдгийг хэлж өглөө. Бялхсан амьдралыг Есүс бидэнд өгдөг. Гэвч түүнийг хэрхэн олж авч, үзэж туулах вэ?
Сайн мэдээний айлдлаас Есүсийн шавь нарт юу тохиолдсоныг харцгаая. Есүсийн Тарчлалын дараа тэд айж, сэтгэлээр унан дээд өрөөнд өөрсдийгөө түгжин амьдралынхаа хамгийн эмгэнэлтэй мөчийг туулж байлаа. Гэтэл Амилсан Нэгэн тэдэн дээр ирж, Өөрийн шархнуудыг үзүүлсэн (ишлэл 20). Түүний шархнууд зовлон зүдүүр, өвдөлтийн тэмдгүүд байсан бөгөөд шавь нарт нь гэм буруугийн мэдрэмжийг төрүүлж болох байсан. Гэвч Есүс шархаараа дамжуулан нигүүлсэл өршөөлийг шавь нартаа хүргэсэн билээ. Ийнхүү Есүстэй хамт байхад амьдрал үргэлж үхэл, нүглийг ялдаг болохыг шавь нар нь харж, биеэрээ мэдэрдэг. Мөн тэд баяр баясгалан, хайр, найдвараар дүүрэн, хайрлагдсан хөвгүүдийн хувиар амьдрах шинэ амьдралыг өгөгч Есүсийн Сүнсний бэлгийг хүлээн авсан. Би нэг зүйлийг асууя. Танд найдвар байна уу? Хүн бүр өөрөөсөө "Надад ямар найдвар байна вэ?" хэмээн асуугаарай.
“Амьтай байхын” тулд бид өдөр бүр цовдлогдож, амилсан Есүс дээр харцаа төвлөрүүлж, Түүнтэй залбирал болон Үндсэн ёслолуудаар дамжуулан уулзаж, байгаа гэдгийг нь хүлээн зөвшөөрч, Түүнд итгэж, хишиг ивээлийг нь хүртэж, үлгэр жишээг нь дагаж, Түүн шиг хайрлахын баяр баясгаланг мэдрэхэд л хангалттай. Есүстэй биечлэн уулзаж учрах бүрд Тэр бидний амьдралыг улам дүүргэж өгдөг. Есүсийг эрж хайж, мөн биднийг хайдаг Түүнд таныг олох боломжийг олгоорой. Есүстэй уулзахад бэлдэж зүрхээ нээгээрэй.
Гэхдээ өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая: Би Есүсийн амилалтын хүчинд, Есүс амилсан гэдэгт итгэдэг билүү? Нүгэл, айдас, үхлийг Тэр ялсан гэдэгт итгэдэг үү? Эзэнтэй, Есүстэй харилцаатай байхыг би өөртөө зөвшөөрдөг үү? Мөн ахан дүүсээ хайрлаж, өдөр бүр найдах Түүний сануулгыг би сонсдог билүү? Бүгдээрээ энэ талаар бодож үзээрэй.
Мариа эх бидэнд амилсан Есүст илүү их итгэж, “амьтай болоход”, мөн Амилалтын баяр баясгаланг бусдад түгээхэд туслах болтугай.
Анжелусын дараа хэлсэн үгс
Эрхэм ахан дүүс ээ!
Хэдхэн хоногийн өмнө Өмнөд Африкт автобусны ослоор нас барсан хүмүүсийг би дурсмаар байна. Тэдний болон тэдний гэр бүлийнхний төлөө залбирцгаая.
Өчигдөр Хөгжил, энх тайвны төлөөх спортын олон улсын өдөр тохиолоо. Спортоор хичээллэх нь нээлттэй, эв нэгдэлд суурилсан, өрөөсгөл үзэлд автаагүй байдлаар хүнийг боловсруулж хүмүүжүүлдэг гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ үүний тулд бидэнд зөвхөн ялах, мөнгө олохыг урьтал болгодоггүй удирдагч, сургагч багш нар хэрэгтэй.
Бүгдээрээ шударга ёсонд суурилсан, урт удаан хугацааны энх тайвны төлөө, ялангуяа тарчилж зовж буй Украин, Палестин, Израил улсуудын төлөө зогсолтгүй залбирцгаая. Хурцадмал байдлыг намжааж, яриа хэлэлцээ хийх боломжийг дэмжихийн төлөө ажиллаж буй бүх хүнд Амилсан Эзэний Сүнс гэрлээ хайрлаж, дэмжих болтугай. Эзэн тунгаан бодож, хэлэлцээр хийхийн тулд түр азнах чадамжийг улс орнуудын удирдагч нарт өгөх болтугай.
Ром хотынхон, Итали улс болон олон орноос хүрэлцэн ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ялангуяа Иракийн Курдистан нутгийн нийслэл Эрбил хотын Mar Qardakh католик сургуулийн сурагчид болон Испанийн Кастеллон хотын залууст мэндчилгээ дэвшүүлье. Өнөөдөр Сассиа дахь Ариун Сүнсний бунханд цугларсан Тэнгэрлэг нигүүлслийн оюун санааны уламжлалыг хөгжүүлж буй залбирлын бүлгүүдийг би чин сэтгэлээсээ угтан авъя.
“Ла Перосина” боулингийн клуб, Киети хотын ACLI групп, тээгч эхээр дамжуулан хүүхэд төрүүлэх аргыг халах зорилготой олон улсын хуралд оролцогчид, Модуньо, Алкамо тосгодын сүсэгтэн олон, Бассано дель Граппагийн “Сан Жузеппе” сургуулийн оюутнууд болон Сантарканжело ди Романья сүмийн бататгал сакрамент хүртэх гэж буй хүмүүст мэндчилгээ дэвшүүлье. Мөн энд ирсэн, улсынхаа тугийг даллаж буй олон Польш хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе.
Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.