НИЙТИЙН БАРААЛХАЛ VI Паулын Танхим 2024 оны 5 сарын 8, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Гаж буруу ба эрдэм буян. 18. Горьдол найдвар

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд!

Сүүлийн хичээлүүдэд бид теологийн эрдэм буянуудын талаар эргэцүүлж эхэлсэн. Итгэл бишрэл, горьдол найдвар, энэрэл хайр нь тэнгэрлэг гурван эрдэм буян. Өнгөрсөн удаад бид итгэл бишрэлийн талаар эргэцүүлсэн. Одоо горьдол найдварын талаар ярилцах цаг ирлээ. "Горьдол найдвар гэдэг теологийн эрдэм буянаар бид Тэнгэрбурханы хаанчлалыг хүсэн хүлээж, Христийн амлалтуудад найдаж, өөрийн хүчинд бус Ариун Сүнсний хишиг ивээлийн тусламжид найддаг." (Католик шашны сургаал, № 1817). “Надад юу тохиолдох вэ? Амьдралын зорилго юу вэ? Дэлхийн хувь заяа ямар байх вэ?" гэх мэт асуултуудтай тулгарах үед горьдол найдвар хариулт болдог гэдгийг дээрх үгс баталж байна.

Дээрх асуултуудад сөргөөр хариулах нь уйтгар гунигийг төрүүлнэ гэдгийг бид ойлгодог. “Амьдрал хэмээх энэ аялалд ямар ч утга учир байхгүй юм бол, түүний эхэн ба төгсгөлд юу ч үгүй юм бол яагаад үргэлжлүүлэн амьдрах ёстой гэж?” хэмээх асуулт бидэнд төрнө. Үүнээс цөхрөл болон бүх зүйл утгагүй гэх мэдрэмж үүддэг. "Би эрдэмтэй, хянамгай, шударга, чин бат, бас хашир амьдрахыг хичээж ирсэн. Би итгэл бишрэлээ ч хадгалсан.... Хэрэв бүх зүйл энд дуусах юм бол тэгтлээ их тэмцэх ямар хэрэг байсан юм бэ?" гэж олон хүн эсэргүүцэж магадгүй. Горьдол найдвар үгүй бол бусад эрдэм буянууд үнс нурам болж хувирах эрсдэлтэй. Ирээдүй найдваргүй, тэнгэрийн хаяа бараан байсан сан бол эрдэм буяныг төлөвшүүлэх үйл явцыг дэмий хүчин чармайлт гэж дүгнэхээс өөр аргагүй. Пап XVI Бенедикт (Encyclical Letter Spe salvi, 2) "Ирээдүй эерэг байна гэдэг нь тодорхой үед л хүмүүс одоо цагт амьдрах боломжтой болдог" хэмээсэн билээ.

Христэд итгэгчдийн горьдол найдвар өөрсдийнх нь гавьяанаас үл хамаарна. Христ үхэж, дахин амилсан бөгөөд Ариун Сүнсээ бидэнд өгсөн учраас л сүсэгтнүүд ирээдүйдээ итгэлтэй байдаг юм. “Бидэнд итгэж болох найдвар өгөгдсөн. Тэрхүү найдварын ачаар бид одоо цагтайгаа нүүр тулж чаддаг. Энэ утгаараа бидний амьдрал аврагддаг” (Encyclical Letter Spe salvi, 1). Ийм ч учраас горьдол найдвар бол тэнгэрлэг эрдэм буян гэдгийг бид дахин дахин давтдаг билээ. Горьдол найдвар нь биднээс үүдэлтэй, бидний гөжүүдлэн өөрсдөдөө итгүүлэхийг хүсдэг зүйл биш, харин Тэнгэрбурханаас шууд ирдэг бэлэг юм.

Горьдол найдвар хараахан бүрэн бүрэлдээгүй, эргэлзсэн хэвээр байгаа олон Христэд итгэгчид зориулан Элч Паул дараах логик тайлбарыг өгсөн байдаг: "Христ амилуулагдаагүй бол та нарын итгэл хоосон агаад та нар ч нүгэлдээ байсаар байна. Тэгвэл Христ дотор нойрсогсод ч мөн мөхсөн болно. Бид зөвхөн энэ амьдралынхаа төлөө Христэд найдсан бол бид бүх хүмүүсээс хамгийн өрөвдөлтэй нь болно” (1 Коринт 15:17-19). Түүний хэлсэнчлэн, хэрэв та Христийн дахин амилсанд итгэдэг бол ямар ч ялагдал, үхэл үүрдийнх биш гэдгийг баттай мэдэх болно. Гэвч Христ дахин амилсанд итгэдэггүй бол бүх зүйл, тэр байтугай Элч нарын номлол ч хоосон юм.

Өнгөрсөн үеэ дурсан гуниглаж, тэр үеийн аз жаргал үүрд булшлагдсан гэж бодох үедээ бид горьдол найдварын эсрэг нүгэл үйлдэж байдаг. Ийм нүглийг бид олонтоо үйлддэг. Бид Тэнгэрбурхан нигүүлсэнгүй бөгөөд Тэр бидний зүрхнээс илүү агуу гэдгийг мартаж, гэм нүглээсээ болж шантрах үедээ найдварын эсрэг нүгэл үйлдэж байдаг. Ахан дүүс ээ, Тэнгэрбурхан үргэлж бүхнийг уучилдаг гэдгийг мартаж болохгүй. Харин бид л уучлалт гуйхаас залхдаг билээ. Гэхдээ Тэнгэрбурхан бүх зүйлийг уучилдаг, үргэлж уучилдаг хэмээх үнэнийг хэрхэвч мартаж болохгүй. Гэм нүглээсээ болж цөхрөнгөө барах үед, сэтгэлийнхээ хаврыг намраар халах үед бид горьдол найдварын эсрэг нүгэл үйлддэг. Мөн бидний хувьд Тэнгэрбурханы хайр мөнхийн гал байхаа больж, насан туршийн шийдвэр гаргах эр зориг үгүй болсон үед бид найдварын эсрэг нүгэл үйлддэг.

Өдгөө дэлхий ертөнцөд Христийн шашны энэ эрдэм буян хэчнээн хэрэгтэй байна гээч! Дэлхийд горьдол найдвар болон түүнтэй нягт холбоотой эрдэм буян болох тэвчээр хэрэгтэй байна. Тэвчээртэй хүмүүс бага багаар сайн сайхныг бий болгодог. Тэдний энх тайвныг хүсэх хүсэл ганхашгүй. Яаран бүхнийг нэг дор яг одоо авах хүсэл байсан ч гэлээ, тэд тэвчээртэй хүлээх чадвартай байдаг. Эргэн тойрны хүмүүс нь сэтгэлээр унасан байсан ч найдвараар зоригжсон, тэвчээртэй нэгэн хамгийн харанхуй шөнийг даван туулах чадвартай байдаг. Горьдол найдвар, тэвчээр хоёр хамт явдаг юм.

Найдвар бол сэтгэл зүрхээрээ залуу хүмүүсийн эрдэм буян. Энд биологийн нас хамаагүй. Учир нь ирээдүй рүү тэмүүлж амьдардаг нүд нь гэрэлтсэн хөгшчүүд бий шүү дээ. Сайн мэдээний айлдалд гардаг Симеон болон Анна хэмээх хоёр хөгшнийг бодоод үзээрэй. Тэд хүлээхээс залхаагүй. Есүсийг эцэг эх нь ариун сүмд аваачих үед тэд Есүсээс Мессиаг олж харсан. Ийнхүү Мессиатай уулзсанаар дэлхий дээрх тэдний аяллын сүүлчийн хэсэг адислагдсан билээ. Бид бүгдэд ч тийм зүйл тохиовол ивээлтэй еэ! Удаан хугацаанд энэ дэлхийд амьдарсны эцэст зүрх сэтгэл маань урьд өмнө хэзээ ч мэдэрч байгаагүй баяр хөөрөөр дүүрвэл, бид ч мөн адил: “Эзэнтэн, Та үгийнхээ дагуу Зарц намайгаа амар тайван явуултугай. Учир нь нүд минь Таны авралыг харлаа. Та үүнийг бүх ард олны өмнө бэлдсэн билээ. Энэ нь харийнханд илчлэлийн гэрэл, Таны ард түмэн Израилийн алдар нь болой” хэмээх биз (Лук 2:29-32).

Ахан дүүс ээ, тэвчээртэй горьдол найдварын хишиг ивээлийг Эзэнээс гуйцгаая. Амьдралын эцэст Эзэнтэй учрах учрал хүлээж буйг үргэлж санаарай. Эзэн үргэлж бидний дэргэд байдаг гэдгийг, үхэл хэзээ ч Түүнийг ялж чадахгүй гэдгийг үргэлж санаарай. Тэвчээртэй хамт горьдол найдварын агуу эрдэм буяныг бидэнд өгөхийг бүгдээрээ Эзэнээс гуйцгаая. Баярлалаа.

 

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд байгаа хүмүүс, ялангуяа Камерун, Энэтхэг, Филиппин болон Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочдод мэндчилгээ дэвшүүлье. Эзэний тэнгэрт заларсан их баярыг тэмдэглэхээр бэлтгэх зуур би та нарт болон танай гэр бүлийнхэнд амилж тэнгэрт заларсан бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг гуйн залбирч байна. Эзэн та бүхнийг адислах болтугай!

 

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Эрхэм ахан дүүс ээ, теологийн эрдэм буяны талаарх үргэлжилсэн хичээлийнхээ хүрээнд бид өнөөдөр мөнхийн амьдралын аз жаргалыг хүсэн хүлээдэг горьдол найдварыг судална. Найдвар үгүй бол эрдэм буянт амьдралыг хөгжүүлэх нь боломжгүй зүйл. Христэд итгэгчийн горьдол найдвар бидний төлөө үхэж, амилсан Эзэн дээр суурилдаг билээ. Түүний дагагч нарын хувьд бид Түүний амлалтуудад, ялангуяа Ариун Сүнсний бэлэгт итгэж, өдөр бүр өөрсдийн дуудлагадаа зохист байдлаар амьдрахыг хичээдэг. Тэвчээр нь горьдол найдвартай салшгүй холбоотой бөгөөд тэд хамтдаа урагшлах тогтвортой замыг бий болгодог. Тэвчээр, горьдол найдвар байгаа цагт бид Тэнгэрбурханы нигүүлсэл болон үнэнч хайрыг санаж байдаг билээ. Энэ хоёр биднийг өнгөрсөн үеийг дурсан гуниглаж, цөхрөлд автахгүй байхад тусалдаг. Бүгдээрээ Симеон, Анна нарын адил залуу зүрхээр горьдол найдвараа тууштай хадгалах болтугай.

08 May 2024, 18:05

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >