НИЙТИЙН БАРААЛХАЛ Гэгээн Петрийн талбай 2024 оны 6 сарын 12, Лхагва гараг

Католик шашны цуврал хичээл. Ариун Сүнс ба сүйт бүсгүй. Ариун Сүнс Тэнгэрбурханы хүмүүс биднийг найдвар болсон Есүс рүү удирдан залдаг. 3. “Бичвэр бүр Тэнгэрбурханы амьсгалснаар”. Тэнгэрбурханы үгээр дамжуулан Түүний хайрыг таньж мэдэх нь

Эрхэм ахан дүүс ээ, өглөөний мэнд, тавтай морил!

Сүмийг бидний найдвар болсон Христ рүү удирдан залдаг Ариун Сүнсний тухай хичээлээ өнөөдөр үргэлжлүүлцгээе. Ариун Сүнс бол бидний хөтөч билээ. Сүүлд бид бүтээлд Түүний гүйцэтгэсэн үүргийг тунгаан бодсон. Өнөөдөр Ариун Бичээс бол Тэнгэрбурханы амьсгалаар бичигдсэн, эрх мэдэл бүхий Түүний гэрч болохыг бид илчлэлээс харах болно.

Гэгээн Паулын Тимотод бичсэн хоёр дахь захидал "Бичвэр бүр Тэнгэрбурханы амьсгалснаар" (3:16) хэмээх үгсийг агуулдаг. Шинэ Гэрээний өөр нэг ишлэл: "Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Тэнгэрбурханы үгсийг айлджээ" хэмээсэн (2 Петр 1:21). Судар тэнгэрлэг нөлөөгөөр бичигдсэн гэх шашны сургаалийг бид Ариун Сүнс "эш үзүүлэгчдээр дамжуулан айлддаг" хэмээх итгэл бишрэлийн үгээр тунхагладаг билээ. Библи тэнгэрлэг нөлөөгөөр бичигдсэн.

Бичээсийг төрүүлсэн Ариун Сүнс өөрөө түүнийг тайлбарладаг. Ариун Сүнс Бичээсийг мөнх амьтай, идэвхтэй болгодог. Бичвэрийг урамшуулан зоригжуулах хүчтэй болгодог нь Тэр. Ватиканы II Дээд Хуралдаан "Тэнгэрбурханы амьсгалаар бүрмөсөн бичигдэж дууссан Ариун Судар... Тэнгэрбурханы үгийг өөрчлөлгүй түгээж, эш үзүүлэгч болон элч нарын үгсээр дамжуулан Ариун Сүнсний дууг бидэнд сонсгодог” гэжээ (21). Амилалтынхаа дараа “бичвэрийг ухааруулахын тулд шавь нарынхаа оюун ухааныг нээсэн” (Лук 24:45) Амилсан Есүсийн үйлдлийг Ариун Сүнс одоо ч Сүм дотор үргэлжлүүлэн хийсээр байна.

Өмнө нь олон удаа онцгой сэтгэл хөдлөлгүйгээр уншиж байсан Бичээсийн тодорхой хэсгийг итгэж, залбиран унших үед тэр гэнэтхэн онцгойрон ялгарч, тулгараад буй асуудлыг маань гэрэлтүүлж, тухайн нөхцөл дэх Тэнгэрбурханы тааллыг бидэнд тодорхой хэлж өгөх нь бий. Үүнийг Ариун Сүнсний ажил гэхгүй юм бол өөр юу гэх билээ? Бичээсийн үгс Сүнсний нөлөөгөөр гэрэл цацруулж эхэлдэг. Ийм тохиолдолд бид Еврейчүүдэд бичсэн захидлын “Тэнгэрбурханы үг амьд бөгөөд идэвхтэй, хоёр талдаа иртэй ямар ч илдээс хурц” (4:12) хэмээх үг ямар үнэн болохыг мэдэрдэг билээ.

Ахан дүүс ээ, Сүм Ариун Судрын сүнслэг уншлагаар тэжээгддэг юм. Энэ нь Ариун Судрыг түүнийг төрүүлсэн Ариун Сүнсний чиглүүлэг дор уншихыг хэлнэ. Судрын төвд бүхнийг гэрэлтүүлэгч гэрэлт цамхаг мэт Христийн үхэл ба дахин амилалт байна. Энэ үйл явдал авралын төлөвлөгөөг гүйцэлдүүлж, бүх зөгнөлийг биелүүлж, нууцыг ил болгосон агаад Библийг бүхэлд нь унших жинхэнэ түлхүүрийг бидэнд өгсөн. Христийн үхэл ба дахин амилалт бол бүх Библийг гэрэлтүүлдэг гэрэлт цамхаг юм. Энэ нь бидний амьдралыг ч гэрэлтүүлдэг. "Дотор нь болоод ар дээр нь бичсэн, долоон тамга дарж лацадсан" ном буюу Хуучин Гэрээний лацыг Хурга нээж буйг Илчлэл номд дүрсэлсэн байдаг (5:1-9). Христийн сүйт бүсгүй болох Сүм нь Тэнгэрбурханы амьсгалаар бичигдсэн Ариун Судрын эрх бүхий тайлбарлагч бөгөөд үнэн тунхаглалын зууч юм. Сүм Ариун Сүнсний бэлгийг хүлээн авснаараа тайлбарлагч болсон бөгөөд "үнэний багана ба суурь болсон" (1 Тимот 3:15). Яагаад гэж үү? Яагаад гэвэл Сүм Ариун Сүнсээр амьдарч, оршин тогтнодог. Сүсэгтнүүд болон үнэнийг эрэлхийлэгч хүмүүст Библийн бичвэрүүдийг зөв тайлахад нь туслах нь Сүмийн үүрэг юм.

Тэнгэрбурханы Үгийн сүнслэг уншлагыг хийх нэг арга нь lectio divina. Энэ нь өдөр бүр Бичээсийн нэг хэсгийг хувьдаа бясалган уншихад цаг зарцуулахыг хэлнэ. Өдөр бүр Бичээсийг сонсож, бясалгаж, уншихад цаг гаргах нь маш чухал. Тиймээс халаасны хэмжээтэй Сайн мэдээний айлдлыг цүнхэндээ, халаасандаа байнга авч явж байхыг би та бүхэнд зөвлөж байна... Аялж явахдаа, эсвэл зав гарсан үедээ түүнийг уншиж байгаарай. Энэ нь бидний амьдралд нэн чухал. Халаасны хэмжээтэй Сайн мэдээг аваад өдөрт нэг, хоёр удаа, боломж л гарвал уншаад бай. Гэхдээ Талархал магтаалын мөргөлийн үеэр хийдэг нийтэд зориулсан Литургийн уншлага хамгийн чухал. Түүнээс бид Хуучин Гэрээнд бичигдсэн аливаа үйл явдал, сургаал Христийн Сайн мэдээнд хэрхэн бүрэн биеллээ олсныг олж мэддэг. Ёслол үйлдэгч санваартны номлол Тэнгэрбурханы үгийг номоос амьдралд буулгахад тус болох ёстой. Номлол нь ганц нэг дүрслэл, санаа, мэдрэмж агуулсан байх бөгөөд товч байх ёстой. Түүнд наймаас илүү минут зарцуулах дэмий. Учир нь найман минутын дараа хүмүүсийн анхаарал сарниж, нойр нь хүрж эхэлдэг. Үүнд хүмүүсийг буруутгах аргагүй. Номлол товч байх ёстой. Номлолын үеэр хэт олон зүйл ярьдаг санваартнуудад хандаж хэлэхэд, хүмүүс ихэвчлэн тэдний юу ярьсныг ойлгоогүй өнгөрдгийг сануулмаар байна. Номлол нэг санаа, мэдрэмж, эсвэл үйлдэл хийх дохиог агуулсан байх агаад найман минутаас хэтрэхгүй байвал зохино. Номлол Тэнгэрбурханы үгийг номоос амьдралд буулгахад л туслах ёстой. Өдөр бүр мөргөл эсвэл залбиралт цагийн үеэр сонсдог Тэнгэрбурханы үгсийн дунд бидэнд онцгойлон зориулагдсан, зүрх сэтгэлд туссан нэг үг үргэлж байдаг. Түүнийг зүрхэндээ хүлээж авснаар тэр үг бидний өдрийг гэрэлтүүлж, бидний дотроос залбирлыг төрүүлдэг. Түүнийг алдаж болохгүй!

Төгсгөлд нь Тэнгэрбурханы үгийг хайрлахад туслах нэгэн санааг авч үзье. Зарим хөгжмийн зохиолд эхнээс нь дуустал давтагддаг суурь ноот гэж байдаг. Үүний нэгэн адил Ариун Бичээст байнга давтагддаг ноот бол Тэнгэрбурханы хайр юм. "Библи бүхэлдээ гагцхүү Тэнгэрбурханы хайрын тухай өгүүлдэг" гэж Гэгээн Августин тэмдэглэжээ.[1] Аугаа Гэгээн Грегори Судрыг сүйт залуу сүйт бүсгүйдээ бичсэн захидалтай адилтгаж "Төгс Хүчит Тэнгэрбурханаас Өөрийн бүтээлд илгээсэн захидал" хэмээн тодорхойлсон ба, "Тэнгэрбурханы үгсээс Түүний зүрхийг танин мэд" гэж захисан байдаг. [2] Ватиканы II Дээд Хуралдаан “Үл үзэгдэх Тэнгэрбурхан Өөрийн цаглашгүй их хайрын улмаас илчлэлээрээ дамжуулан хүмүүстэй анд нөхөр мэт харилцан, тэдний дунд амьдарч, Өөртэйгөө нөхөрлөхийг урьдаг” хэмээжээ. (Dei Verbum, 2).

Эрхэм ахан дүүс ээ, та бүхэн Библиэ үргэлжлүүлэн уншаарай! Халаасны хэмжээтэй Сайн мэдээг цүнхэндээ, эсвэл халаасандаа авч явж өдөрт нэг хэсгийг уншиж байгаарай. Энэ нь та бүхнийг Тэнгэрбурханы Үгэнд орших Ариун Сүнстэй ойртуулах болно. Ариун Судрыг төрүүлсэн бөгөөд, өдгөө Судраас ханхалж буй Ариун Сүнс бидний амьдралын тодорхой нөхцөл байдалд Тэнгэрбурханы хайрыг ойлгоход бидэнд туслах болтугай. Баярлалаа.

 

Тусгай мэндчилгээ

Өнөөдөр энд ирсэн хүмүүс, ялангуяа Их Британи, Хятад, Энэтхэг, Индонез, Филиппин, Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн англи хэлээр ярьдаг мөргөлчид болон зочид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би та бүхэн болон гэр бүлийнхэнд нь бидний Эзэн Есүс Христийн баяр баясгалан, амар амгаланг дуудан залбирч байна. Тэнгэрбурхан та бүгдийг ивээг!

Миний бодол залуучууд, өвчтэй хүмүүс, өндөр настнууд болон шинээр гэрлэсэн хүмүүс рүү чиглэж байна. Маргааш бид шашны эрдэмтэн, санваартан Падуагийн Гэгээн Энтониг дурсан ёслол үйлдэнэ. Ядуус болон зовж зүдэгсдийг хамгаалагч энэхүү нэрт номлогчийн үлгэр жишээ амьдрал түүнийг даган дуурайх, итгэлийн аян замаа үргэлжлүүлэн Сайн мэдээний найдвартай гэрч болох хүслийг та бүхний дотор өдөөх болтугай.

Би та бүхнийг адислая!

 

Ариун Эцэгийн үгсийн хураангуй

Ариун Сүнс ба сүйт бүсгүйн тухай үргэлжилсэн хичээлийнхээ хүрээнд бид өнөөдөр Тэнгэрлэг Илчлэл дэх Ариун Сүнсний ажил, тэр дундаа Ариун Бичээсийн талаар эргэцүүлэх болно. Судрыг төрүүлсэн Тэнгэрбурхан, Христийн сүйт бүсгүй болох Сүмийг ариун үгээрээ дамжуулан төрүүлсэн бөгөөд, түүнийг Өөрийн Үгийн эрх мэдэл бүхий тайлбарлагчаар томилжээ. Сүмийн хүрээнд Ариун Сүнс lectio divina (бичвэрийн нэгээхэн хэсгийг бясалгаж унших уншлага), эсвэл Литургийн уншлагаар дамжуулан бидэнтэй биечлэн харилцдаг. Ямар ч нөхцөл байдалд бидэнд зориулагдсан Тэнгэрбурханы үг үргэлж байдаг. Хөгжмийн зохиолд суурь ноот байдгийн адил Ариун Сударт үндсэн сэдэв гэж бий. Гэгээн Августин, Аугаа Гэгээн Грегори нар тэрхүү сэдвийг Тэнгэрбурханы хайр хэмээжээ. Бид “Тэнгэрбурханы үгсээс Түүний зүрхийг танин мэдэж” өдөр тутмын амьдралдаа энэ хайраар амьсгалж байх болтугай.

12 June 2024, 18:20

Хамгийн сүүлийн Сонсголууд

Бүгдийг унш >