Хайх

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 8 сарын 18, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд "Тэнгэрээс бууж ирсэн амьд талх бол Би байгаа юм" гэж маш энгийнээр хэлсэн Есүсийн тухай өгүүллээ (Иохан 6:51). Олон түмний өмнө Тэнгэрбурханы Хүү өөрийгөө хамгийн түгээмэл бөгөөд энгийн хүнс болох талхтай адилтгажээ. Түүнийг сонсож байсан хүмүүсийн зарим нь, “Тэр яаж өөрийн мах биеэ бидэнд идүүлж чадах билээ?” хэмээн хоорондоо маргаж эхэлдэг (эшлэл 52). Өнөөдөр ч бид энэ асуултыг асуусаар байгаа. Гэхдээ гайхширал, талархалтайгаар. Эвхаристийн гайхамшгийн өмнө гайхах, талархах гэсэн хоёр хандлагын талаар тунгаацгаая.

Эхэнд гайхширал төрдөг. Есүсийн үгс биднийг гайхшируулдаг. Гэхдээ Есүс үргэлж л биднийг гайхшируулдаг шүү дээ. Өнөөдөр ч хүн нэг бүрийн амьдралд Есүс гайхам зүйлс хийсээр байгаа. Тэнгэрээс бууж ирсэн талх нь бүх хүлээлтээс давсан бэлэг байв. Харин Есүсийн арга замыг ойлгоогүй хүмүүс түүнийг сэжиглэсэн хэвээр: бусдын мах биеийг иднэ гэдэг боломжгүйгээр үл барам, хүний ёсонд нийцэхгүй зүйл мэт тэдэнд санагдана (эшлэл 54). Гэвч Аврагчийн хүн чанар нь Түүний мах цус байсан. Тэр мах цусаа бидний тэжээл болгохын тулд өргөсөн.

Гайхширлын дараа талархлын мэдрэмж төрнө. Учир нь Есүс бидний төлөө, бидэнтэй хамт байгааг бид ойлгож эхэлдэг. Тэр бидний төлөө талх болдог. “Миний махыг идэж, цусыг уугч нь Миний дотор байж, Би ч түүний дотор оршин байна” (эшлэл 56). Жинхэнэ хүн болсон Христ, хүн амьдрахын тулд идэх ёстой гэдгийг сайн мэднэ. Гэхдээ зөвхөн идэх хангалтгүй гэдгийг ч тэр мэднэ. Дэлхий дээрх талхыг үржүүлснийхээ дараа (Иохан 6:1-14) тэр илүү агуу бэлгийг бидэнд бэлдсэн: Есүс өөрөө жинхэнэ хоол, жинхэнэ ундаа болсон (эшлэл 55). Баярлалаа, Эзэн Есүс ээ! "Баярлалаа, баярлалаа" хэмээн зүрхнийхээ гүнээс Түүнд хэлцгээе.

Эцэгээс ирсэн тэнгэрлэг талх нь бидний төлөө махбод болсон Хүү өөрөө юм. Энэхүү хоол бидний ходоодны биш зүрхний өлсгөлөнг дарж өгдөг. Найдвар, үнэн, авралын төлөө өлсөж цангагсдыг тэр цатгадаг. Ийм учраас хүн нэг бүрд Эвхарист хэрэгтэй!

Есүс бидний хамгийн том хэрэгцээг хангаж, биднийг авран амьдралыг маань Өөрийн амьдралаараа үүрд тэжээж өгдөг. Бид Тэнгэрбурхантай болон бие биетэйгээ эв нэгдэлтэй амьдарч чадаж буй нь Түүний ач. Амьд, жинхэнэ талх гэдэг ид шидийн зүйл биш. Энэ нь бүх асуудлыг шуудхан шийдчихдэг зүйл биш. Христийн Бие ядууст найдварыг өгч, ядуусын зовлонгоор өөрсдийгөө цатгаж буй хүмүүсийн бардамналыг ялан дийлдэг.

Тэгвэл ахан дүүс ээ, өөрсдөөсөө ийн асууцгаая: Би зөвхөн өөрийн авралын төлөө бус, ах дүү нарынхаа авралын төлөө өлсөж цангаж байна уу? Би өршөөл нигүүлслийн гайхамшиг болсон Эвхаристийг хүлээн авахдаа бидний төлөө үхэж, дахин амилсан Эзэний Биеийг гайхан биширдэг үү?

Талхны энэ тэмдгээр тэнгэрлэг бэлгийг угтан авахад туслахын тулд Цэвэр Охин Мариадаа хамтдаа залбирцгаая.

Дараах үг

Эрхэм ахан дүүс ээ! Өнөөдөр Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын Увира хотод Гэгээн Францис Завьерийн бүлгэмийн Итали санваартнууд болох Луижи Каррара, Жованни Дидонэ, Витторио Фачин, Конго санваартан Альберт Жуберт нар Төгс жаргалт хэмээн өргөмжлөгдөв. Тэд 1964 оны 11 сарын 28-нд тус улсад алагдсан юм. Тэдний үхэл Эзэний төлөө болон ахан дүүсийнхээ төлөө зориулсан амьдралынх нь оргил болсон. Тэдний үлгэр жишээ, зуучлан залбирал нь Конго улсын ард түмнийг сайн сайхан, энх тайвны замд хүргэх болтугай. Тэдэнд зориулан алга ташицгаая!

Ойрх Дорнод, Палестин, Израил, түүнчлэн тарчилж буй Украин, Мьянмар болон дайнд нэрвэгдсэн бүс нутаг бүр яриа хэлэлцээг өрнүүлж, тохиролцоонд хүрч нэг нэгэндээ хүчирхийллээр хариулахаас зайлсхийн энх тайвны зам нээгдээсэй хэмээн үргэлжлүүлэн залбирцгаая.

Ром хотын сүсэгтэн олон, Итали болон олон орноос ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ялангуяа Бразилийн Сан Пауло мужийнхан болон Гэгээн Элизабетын бүлгэмийн гэлэнмаа нарт мэндчилгээ дэвшүүлье.

Би Польшийн Пиекари Слаские хотын Мариа эхэд зориулсан сүмд цугларсан охид, эмэгтэйчүүдэд мэндчилгээ дэвшүүлэхийн сацуу тэднийг гэр бүл, нийгэмдээ сайн мэдээний баяр хөөртэй гэрчүүд байхыг уриалж байна. Иммаколатагийн залууст энэ өдрийн мэндийг хүргэе.

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

18 August 2024, 14:47

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >