АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2023 оны 12 сарын 10, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Ирэлтийн цаг улирлын хоёр дахь ням гарагийн Сайн мэдээний айлдал бидэнд Есүсийн замыг бэлтгэх Баптисч Иоханы тухай өгүүлж байна (Марк 1:1-8). Айлдалд түүнийг “Цөлд хашхирагч нэгний дуу” хэмээн дүрсэлсэн (ишлэл 3). Цөл бол харилцах хүн байхгүй хоосон газар билээ. Тэнд ярих дуу хоолой байна гэдэг нь зөрчилдсөн дүр зураг мэт санагдана. Гэвч Баптисч Иоханы амьдралд энэ хоёр хамтдаа байх аж.

Цөл. Олон зууны өмнө Израил ард түмний очсон амласан нутаг буюу Иордан голын ойролцоо цөлд (Иошуа 3:1-17) Иохан тунхаглалаа эхэлдэг. Үүгээрээ Иохан Тэнгэрбурханыг сонсохын тулд Түүний дөчин жилийн турш ард түмнээ дагуулж, хамгаалж, сурган хүмүүжүүлсэн газар буюу цөлд буцаж очих ёстой гэж хэлж байх шиг санагдана. Цөл бол хэрэггүй зүйлсэд анхаарал хандуулах аргагүй, харин амьдрахын тулд зайлшгүй шаардлагатай зүйлс дээр л төвлөрөх ёстой болдог чимээгүй, нэн чухал зүйлсийн газар юм.

Амьдралын замд гарахын тулд "илүү зүйлс" -ээс ангижрах хэрэгтэй болдгийг бид үргэлж санах хэрэгтэй. Сайн сайхан амьдарна гэдэг нь хэрэггүй зүйлсээр амьдралаа дүүргэхийг биш, харин тэднээс салж, дотоод сэтгэл рүүгээ гүнзгий орж Тэнгэрбурханы хувьд жинхэнэ чухал зүйлээс зуурахыг хэлдэг. Бид чимээгүй байдал, залбирлаар дамжуулан Эцэгийн Үг болох Есүст орон зай гаргаж өгч байж л хоосон үг, ярианы бохирдлоос хэрхэн ангижрахаа мэдэх болно. Үг, эд зүйлсийн хэрэглээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнээс ангид чимээгүй байдал нь зөвхөн fioretti (орчуулагчийн тэмдэглэл: жижиг золиос, шийдвэр эсвэл сайн үйлийг Эзэн эсвэл Мариа эхэд өргөдөг Итали сүсэгтний амьдралын нийтлэг заншлыг хэлж байна) эсвэл эрдэм биш, харин Христэд итгэгчийн амьдралын чухал бүрдэл хэсэг юм.

Одоо хоёр дахь дүрслэл болох дуу хоолойг авч үзье. Дуу хоолой бол бидний бодож, зүрх сэтгэлдээ тээж байгаа зүйлээ илэрхийлэх хэрэгсэл. Ариун Сүнсний хэлснийг сонсон бидний дотор боловсорсон зүйлийг дуу хоолой илэрхийлдэг. Тиймээс дуу хоолой нь чимээгүй байдалтай ихээхэн холбоотой. Ахан дүүс ээ, чимээгүй байж мэддэггүй нэгэн сайн зүйл ярих нь юу л бол. Харин чимээгүй байхад илүү анхаарах тусам үг илүү хүчтэй болдог. Баптисч Иоханы дуу хоолой түүний үнэн туршлага, цэвэр зүрх сэтгэлтэй нь холбоотой байсан.

Бүгдээрээ өөрсдөөсөө ингэж асууцгаая: Миний өдрүүдэд чимээгүй байх орон зай бий юу? Тэр нь хоосон, магадгүй дарамттай санагддаг орон зай юу? Эсвэл сонсох, залбирах, зүрх сэтгэлийг хамгаалах орон зай юу? Миний амьдрал илүүц зүйлсээс ангид байна уу, эсвэл тэдгээрээр дүүрэн байна уу? Бусад хүмүүс хэрэггүй зүйлсээс ангид чимээгүй байхыг болон сонсохыг эрхэмлэдэггүй байсан ч бид тэдгээрийг эрхэмлэцгээе. Чимээгүй Цэвэр Охин Мариа бидэнд цөлийг хайрлахад, ирж буй Хүүг нь гэрчлэх найдвартай дуу хоолой болоход туслах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ!

Одоогоос 75 жилийн өмнө буюу 1948 оны 12 сарын 10-нд Хүний эрхийн түгээмэл тунхаглалд гарын үсэг зурсан билээ. Тэр тунхаглал ерөнхий төлөвлөгөө байсан гэж болно. Түүний дагуу олон алхмыг хийсэн бөгөөд цаашид ч олон алхам хийх шаардлагатай. Мөн хүмүүс заримдаа түүнээс ухрах алхмуудыг ч хийж байсан нь харамсалтай. Хүний эрхийн төлөөх зүтгэл хэзээ ч дуусдаггүй! Өдөр тутамдаа бодитоор, цээжээ дэлдэлгүйгээр үл тоомсорлогдсон хүмүүсийн эрхийг хамгаалж, тэдний төлөө тэмцдэг бүх хүнтэй би сэтгэлээрээ ойр байна.

Армени болон Азербайжаны хоригдлуудаас нэлээд олныг сулласанд би баяртай байна. Армени, Азербайжан хоорондын болон Өмнөд Кавказын энх тайвны төлөөх энэхүү нааштай дохио надад их найдвар төрүүлсэн. Талууд болон тэдний удирдагчдад энхийн гэрээг аль болох хурдан байгуулахыг би уриалж байна.

Дубайд болж буй цаг уурын COP28 бага хурал хэдхэн хоногийн дараа дуусна. Бүх нийтийн гэр болсон дэлхийг, хүмүүсийг хамгаалах сайн үр дүн гараасай хэмээн залбирахыг би та бүхнээс хүсье.

Дайны улмаас зовж шаналж буй хүн амын төлөө бид үргэлжлүүлэн залбирна. Бид Христийн Мэндэлсний Баярт ойртож буй. Тэнгэрбурханы тусламжтайгаар энх тайвны төлөөх тодорхой алхмуудыг бид хийж чадаж байна уу? Үүнийг хийх амархан биш гэдгийг бид мэднэ ээ. Зарим зөрчилдөөн гүнзгий түүхэн үндэстэй байдаг. Гэвч амар тайвнаар зэрэгцэн оршин тогтнохын төлөө ухаалаг, тэвчээртэйгээр зүтгэсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэрчлэл ч бас бидэнд бий. Тэдний үлгэр жишээг бүгд дагах болтугай! Зөрчилдөөний шалтгааныг шийдвэрлэж, арилгахын тулд бүх хүчин чармайлтаа гаргахын зэрэгцээ энгийн иргэд, эмнэлгүүд, мөргөлийн газруудыг хамгаалж, барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлж, хүний эрхийг баталгаажуулцгаая. Зовж шаналж буй Украин, Палестин, Израилыг мартаж болохгүй.

Хоёр хоногийн өмнө Тиволи хотын эмнэлэгт гарсан галын улмаас амиа алдагсдын төлөө би залбирч байгаагаа батлан хэлье.

Ром хот, Итали болон дэлхийн бусад газруудаас ирсэн мөргөлчид, ялангуяа Сан Никола Манфредигийн сүсэгтэн олон, Скафатигийн насанд хүрсэн скаутууд болон Неволи, Герензано, Ровигогийн залуучууд та бүхэнтэй чин сэтгэлээсээ мэндчилье.

Та бүхэнд сайн сайхан Ням гарагийг хүсэн ерөөе. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Хоолоо амтархан идээрэй, arrivederci!

10 December 2023, 13:06

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >