АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2023 оны 12 сарын 17, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдөр буюу Ирэлтийн цаг улирлын гурав дахь ням гарагт Сайн мэдээний айлдал бидэнд Баптисч Иоханы илгээлтийн тухай өгүүллээ (Иохан 1:6-8, 19-28). Айлдал түүнийг "гэрлийг гэрчлэхийн тулд" Тэнгэрбурханы илгээсэн эш үзүүлэгч болохыг харуулсан (ишлэл 8). Гэрлийг гэрчлэх гэдэг нь ямар утгатай болохыг тунгаан бодоцгооё.

Гэрчлэл. Баптисч Иохан бол үнэхээр ер бусын хүн. Хүмүүс түүний тууштай бөгөөд чин сэтгэлийн хандлагад татагдаж, түүнийг сонсохоор хошуурцгаадаг (ишлэл 6-7). Түүний гэрчлэл илэн далангүй үгс, шударга үйлдлүүд, ядуу даруу амьдралаар нь дамжин илэрдэг. Энэ бүхэн нь түүнийг тухайн үеийн гадаад дүр төрхдөө ихээхэн хөрөнгө оруулалт хийдэг бусад алдартай, хүчирхэг хүмүүсээс ялгаруулж байлаа. Баптисч Иохан шиг шулуун шударга, чөлөөтэй, эр зоригтой хүмүүс тод гэрэлтэж, сэтгэл татдаг. Тэд бидэнд дундаж жирийн байдлаас дээш гарч, бусдад сайн амьдралын үлгэр жишээ болох түлхцийг өгдөг. Үеийн үед Эзэн ийм эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг илгээдэг. Харин бид тэднийг хэрхэн танихаа мэдэх билүү? Бид өөрсдийгөө сорьж, тэдний гэрчлэлээс суралцахыг хичээдэг билүү? Эсвэл бид цаг үеийнхээ алдартнуудыг л биширч амьдарч байна уу? Тийн амьдрах үед бид хуурамч үйлдлүүд хийж эхэлдэг.

Харин Баптисч Иохан гэрлийн тухай гэрчилснийхээ хэрээр тод гэрэлтсэн билээ. Гэхдээ түүний гэрэл нь юу байв? Тэр түүнийг сонсохоор цугларсан олонд өөрийгөө гэрэл биш, Христ биш гэдгийг тодорхой хэлдэг (ишлэл 19-20). Гэрэл бол Есүс, Бурханы Хурга, “Аврагч Тэнгэрбурхан” юм. Зөвхөн Тэр л аварч, чөлөөлж, эдгээж, гэгээрүүлдэг. Иймд Иохан бол ахан дүүсээ Үг рүү дагуулан явдаг “дуу хоолой” юм. Баптисч Иохан нэр хүнд олохыг, анхаарлын төвд байхыг хүсэхгүйгээр үйлчилдэг. Тэр бол дэнлүү, харин амьд Христ бол гэрэл юм (ишлэл 26-27; Иохан 5:35).

Ахан дүүс ээ, Баптисч Иоханы жишээ бидэнд дор хаяж хоёр зүйлийг зааж өгч байна. Нэгт, бид өөрөө өөрсдийгөө аварч чадахгүй. Амьдралын гэрлийг бид зөвхөн Бурханаас л олдог. Хоёрт, хүн нэг бүр Тэнгэрбурханы ивээл дор үйлчлэл, тууштай байдал, даруу байдал, амьдралынхаа гэрчлэлээр дамжуулан гэрэлтсэн дэнлүү болж, бусдад Есүстэй уулзах замыг олоход тусалж болно.

Тиймээс өөрсдөөсөө асууцгаая. Би амьдарч буй газрууддаа хэрхэн гэрлийг гэрчилж байна вэ? Христийг алс холын ирээдүйд биш, харин энд, одоо, энэ Христмасын баяраар хэрхэн гэрчилж чадах вэ?

Гэгээн байдлын толь болсон Мариа эх бидэнд дэлхийд ирэх гэрэл болсон Есүсийг бусдад тусган харуулдаг эрэгтэй, эмэгтэй хүмүүс байхад туслах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ,

Өчигдөр Аргентин дахь Лужаны Мариа эхийн сүмд Кардинал Эдуардо Пирониог хутагт хэмээн өргөмжилсөн. Тэр даруухан, хичээнгүй пастор, итгэл найдварын гэрч, ядуусыг хамгаалагч байсан. Тэрээр Гэгээн II Иохан Паултай хамт эгэл сүсэгтнүүдийн оролцоо болон Дэлхийн залуучуудын өдрийг сурталчилж байлаа. Түүний үлгэр жишээ биднийг гадагш гарч хүн бүрийг, ялангуяа сул дорой хүмүүсийг итгэл рүү хөтөлдөг Сүм болоход туслах болтугай. Шинэ Хутагтад зориулан алга ташицгаая!

Өнөөдөр би Колумб, Панамын хоорондох Дариен ширэнгэн ойг гатлах гэж оролдсон олон мянган цагаачдыг дурсмаар байна. Ихэнхдээ хүүхэдтэй тэдгээр гэр бүлүүд тэднийг богино, аюулгүй замаар явуулна гэж худал амласан хүмүүст хууртагдан аюултай зам руу орж, янз бүрийн байдлаар хохирч, дээрэмдүүлдэг. Цөөнгүй хүн ширэнгэн ойд амиа алддаг. Энэхүү эмгэнэлт явдлыг анзааралгүй өнгөрөөхгүйн тулд тэдгээр болон бусад улс орнууд  хамтын хүчин чармайлт гаргаж хүмүүнлэгийн хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.

Украин, Палестин, Израил болон бусад мөргөлдөөнтэй бүс нутагт дайны улмаас зовж шаналж буй ахан дүүсээ бид мартаж болохгүй. Зул сарын баяр ойртох тусам энх тайванд хүргэх замыг олж нээх эрмэлзэл улам батжих болтугай.

Газын талаар маш ноцтой, гунигтай мэдээнүүд гарсаар байна. Зэвсэггүй энгийн иргэд тэсрэх бөмбөг, бууны бай болж байна. Террористууд байхгүй, харин гэр бүл, хүүхдүүд, өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, гэлэнмаа нар байдаг Ариун гэр бүлийн сүмийн цогцолборт ч ийм зүйл тохиолдлоо. Ариун цэврийн өрөө рүү явж байсан хүмүүсийг буудсан бөгөөд тэднээс ээж охин хоёр болох Нахида Халил Антон болон Самар Камал Антон нар амь үрэгдэж, бусад хүмүүс шархадсан байна. Тереза эхийн гэлэнмаа нарын байшин эвдэрч, тэдний генератор дэлбэрчээ. “Энэ бол терроризм, дайн” гэж зарим хүн ярьж байна. Тийм ээ, энэ бол дайн, энэ бол терроризм. Ариун Сударт “Тэнгэрбурхан дэлхийн хязгаарт хүртэл дайныг зогсоосон. Нумыг хугалан жадыг таллан хуваасан. Бамбайнуудыг галаар шатаасан” гэдэг (Дуулал 46:9). Энх тайвны төлөө Эзэнд залбирцгаая.

Италиас болон дэлхийн өнцөг булан бүрээс Ромд ирсэн гэр бүлүүд, сүмийн бүлгүүд, холбоод та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Тэр дундаа Америкийн Нэгдсэн Улс, Польшийн мөргөлчид болон Морманно, Асилиа, Витербийн итгэгч нартай мэндчилье.

Бяцхан Есүсийн баримлуудыг адислуулахаар авчирсан Ром дахь сүм, сургуулиудын эрхэм хүүхдүүд та бүхэнтэй би одоо мэндчилье. Баримлуудыг адисалж өгье. Тэднийг адислахдаа би та бүхнээс дайн болж буй газар, дүрвэгсдийн хуаранд, хүнд хэцүү нөхцөлд Зул сарын баярыг өнгөрүүлэх хүүхдүүдийн төлөө Христийн мэндэлсэн хашааны өмнө зогсоод залбирахыг хүсмээр байна. Та бүхэнд баярлалаа. Та нар болон танай гэр бүлийнхэнд Зул сарын баярын мэндийг хүргэе. Хүүхдүүддээ зориулан алга ташицгаая!

Та бүхэнд Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Хоолоо амтархан идээрэй, arrivederci!

17 December 2023, 12:24

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >