Хайх

АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 1 сарын 7, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, buongiorno!

Өнөөдөр бид Эзэн баптисм хүртсэний баярыг тэмдэглэж байна (Марк 1.7-11). Энэ үйл явдал Иордан гол дээр өрнөдөг. Нүглээс татгалзаж, өөрчлөгдөх амлалтыг илэрхийлсэн ариусгах ёслолыг "Баптисч" гэгддэг Иохан үйлдэх аж. Хүмүүс ариун угаал хүртэхийн тулд даруу, чин сэтгэлээр буюу Литургийн хэлээр "нүцгэн хөл, нүцгэн сэтгэлээр" түүн дээр очиж байлаа. Есүс ч бас тэнд очиж, Өөрийн үйлчлэлээ эхлүүлсэн. Үүгээрээ Есүс нүгэлтнүүдтэй ойр байхыг хүсэж байгаагаа болон бидний төлөө, бүх нүгэлтний төлөө ирсэн гэдгээ харуулав.

Тэрхүү өдөр ер бусын зүйлс тохиолдсон. Баптисч Иохан олон түмэнд хачирхалтай зүйлийг тунхагладаг. Тэр бусадтай л адил харагдах Есүсийг өөрөөс нь "илүү хүчирхэг" (ишлэл 7) нэгэн бөгөөд "та нарт Ариун Сүнсээр баптисм хүртээнэ" (ишлэл 8) хэмээдэг. Дараа нь тэнгэр заагдаж, Ариун Сүнс Есүс дээр тагтаа мэт бууж ирэхэд (ишлэл 10) Эцэгийн дуу хоолой тэнгэрээс “Хайрт Хүү минь Чи билээ. Таалал минь Чамд оршдог” (ишлэл 11) гэж тунхагласан.

Энэ бүхэн нь нэг талаараа Есүс бол Тэнгэрбурханы Хүү гэдгийг бидэнд илчилдэг. Нөгөө талаараа ариун угаал биднийг Тэнгэрбурханы хүүхдүүд болгодог учраас бидний хүртсэн ариун угаалыг ч өгүүлж байна.

Ариун угаалын үед Тэнгэрбурхан бидний дотор орж, зүрх сэтгэлийг маань ариусгаж, эдгээдэг. Тэр биднийг үүрд Өөрийн хүүхдүүд, Өөрийн ард түмэн, Өөрийн гэр бүл, Диваажингийн өв залгамжлагч нар болгодог (Католик шашны сурах бичиг, 1279). Тэнгэрбурхан бидэнд ойр дотно болдог. Тэр биднийг дахиж орхихгүй. Ийм учраас Ариун угаал хүртсэн өдрөө санаж, огноог нь мэдэж байх нь чухал юм. “Би ариун угаал хүртсэн өдрөө санаж байна уу?” гэж өөрсдөөсөө асуухыг би та бүхнээс хүсье. Хэрэв санахгүй байвал гэртээ буцаж очихдоо гэрийнхнээсээ огноог нь асууж, санаж аваарай. Учир нь тэр өдөр бол таны баптисм хүртсэнээр хишиг ивээлийн амьдралд шинээр төрсөн өдөр билээ. Бидэнд ариун угаалыг хүртээсэнд Эзэнд талархацгаая. Мөн биднийг ариун угаалын тосгуурын өмнө аваачсан эцэг эх, Ариун угаалын үндсэн ёслолыг хүртээсэн хүмүүс, загалмайлсан эцэг эх болон Тэнгэрбурханыг хүлээн авахад маань хамт байсан хүмүүсийн төлөө Түүнд талархал илэрхийлцгээе. Баптисм хүртсэн өдрөө тэмдэглэж байгаарай. Энэ бол таны шинээр төрсөн өдөр билээ.

Бид өөрсдөөсөө ингэж асууж болох юм: Баптисм хүртсэнээр хүлээн авсан агуу их бэлгийг би мэдэж байгаа юу? Намайг Өөрийн хайртай хүү, хайртай охин гэж хардаг Тэнгэрбурханы оршихуйн гэрэл амьдралыг минь гэрэлтүүлж байгааг би хүлээн зөвшөөрч байна уу? Ингээд ариун угаал хүртсэн үеэ дурсан бидний дотор буй Тэнгэрбурханы оршихуйг хүлээн авцгаая. Биднийг хайрлаж, бидэнтэй хамт байхыг хүсдэг Тэнгэрбурханы тэрхүү ивээлийг загалмайн тэмдэг хийх замаар дурсан санацгаая. Загалмайн тэмдэг бидэнд түүнийг сануулдаг. Бүгд хамтдаа загалмайн тэмдгийг хийцгээе: Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэр алдраар.

Төрсөн өдөр болох баптисм хүртсэн өдрөө бүү мартаарай.

Эзэний бидний дотор үйлддэг гайхамшгуудыг тэмдэглэж, угтан авахад Ариун Сүнсний сүм болсон Мариа эх бидэнд туслах болтугай.

Анжелусын дараа хэлсэн үгс

Эрхэм ахан дүүс ээ!

Өнөөдөр Эзэний ариун угаал хүртсэний баяраар би шинэ төрсөн хүүхдүүдэд баптисм хүртээлээ. Ойрын өдрүүдэд ариун угаал хүртэх бүх хүүхэд болон тэдний гэр бүлийнхний төлөө залбирцгаая.

Юлийн тооллыг баримталдаг Дорнын Католик шашны сүмүүд өнөөдөр Эзэний Ариун нандин Төрсөн өдрийг тэмдэглэж байгаа. Баяр баясгалант ахан дүүгийн сэтгэлээр би Эзэн Есүсийн төрөлт гэрэл, энэрэл хайр, амар амгалангаар тэднийг дүүргэх болтугай хэмээн хүсэж байна.

Колумб улсад хулгайлагдсан бүх хүнийг болзолгүйгээр чөлөөлөхийн төлөөх залбиралд та бүхнийг нэгдэхийг урьж байна. Тэнгэрбурханы өмнө хүлээсэн энэ үүрэг маань тус улс оронд эв найрамдал, энх тайван байдлыг бий болгоход туслах болно.

Би сүүлийн хэдэн өдөр үерийн гамшигт нэрвэгдсэн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын ард түмэнтэй сэтгэлээрээ ойр байгаа. Украйн, Палестин, Израилд болон дэлхий дахинд энх тайван тогтохын төлөө үргэлжлүүлэн залбирцгаая.

Италийн болон дэлхийн олон орны мөргөлчид, тэр дундаа Ром дахь Сантиссимо Крочифиссо сүмийн шар өмсгөлтэй залуучууд болон Скаут Милано 35 бүлэг, Потензагийн “Тотус туус” холбооныхонтой мэндчилье.

Та бүхэнд баярын өдрийн мэндийг хүргэе. Миний төлөө залбирахаа бүү мартаарай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci!

07 January 2024, 12:44

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >