ПАП ФРАНЦИС ВЕНЕЦ ХОТОД АЙЛЧЛАВ - ТЭНГЭРИЙН ХАТАН
Эрхэм ахан дүүс ээ!
Баяр дуусахаас өмнө оролцсон бүх хүнд мэндчилгээ дэвшүүлье. Венецийн Тэргүүн Хамба Франческо Мораглиа болон түүнтэй хамт ажилласан, сайн дураар тусалсан хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү айлчлалыг хийх боломжийг олгосон төрийн байгууллагууд болон цагдаагийн албаныханд талархаж байна. Та бүхэнд баярлалаа!
Ням гараг бүр бид Цэвэр охин Мариагийн гуйлт залбирлыг хүсдэг билээ. Өнөөдөр дэлхий дээрх зовлон зүдүүртэй олон нөхцөл байдлын төлөө залбирч өгөхийг түүнээс хүсэцгээе.
Онц байдал зарлаад буй Гаити улсад эрүүл мэндийн салбарын уналт, хоол хүнсний хомсдол, хүчирхийллийн улмаас хүн ам нь цөхрөнгөө барж дүрвэцгээж байна. Өнгөрсөн пүрэв гаригт тус улсын Порт-о-Принс хотноо ажиллаж эхэлсэн Шилжилтийн үеийн Ерөнхийлөгчийн шинэ зөвлөлийн ажил, шийдвэрүүдийг Эзэнд даатгацгаая. Олон улсын шинэ дэмжлэгтэйгээр Гаити улсын ард түмэн тэдэнд маш ихээр дутагдаж буй энх тайван, тогтвортой байдалд хүрэх болтугай.
Дайн, хүчирхийллийн улмаас зовж шаналж буй бүслэгдсэн Украин, Палестин, Израил улсууд, Рохинжа хүмүүс болон бусад ард түмнүүд миний бодолд яваа. Амар тайвны Тэнгэрбурхан хүн бүрийн зүрх сэтгэлийг гэгээрүүлж, харилцан ярилцаж эвлэрэх хүслийг өсгөж өгөх болтугай.
Эрхэм хүндэт ахан дүүс ээ, намайг хүлээн авсанд дахин баярласнаа илэрхийлье! Венецийн Тэргүүн Хамба танд баярлалаа. Би та бүхний төлөө залбирч байгаа. Миний энэ ажил амаргүй учраас та бүхэн ч бас миний төлөө залбирахаа бүү мартаарай.