ТЭНГЭРИЙН ХАТАН Гэгээн Петрийн талбай 2024 оны 5 сарын 19, Ням гараг
Эрхэм ахан дүүс ээ, Пентэкостын их баярын мэнд хүргэе, buongiorno!
Пентэкостын их баярын энэ өдөр бид Ариун Сүнс Мариа эх болон элч нар дээр бууж ирснийг тэмдэглэдэг билээ. Өнөөдрийн мөргөлийн Сайн мэдээний айлдалд Есүс Ариун Сүнсний тухай хэлэхдээ, "Тэр алив сонсох юмаа" бидэнд ярина гэсэн (Иохан 16:13). Энэ нь юу гэсэн үг юм бол? Ариун Сүнс юу сонсож, юуны талаар ярих вэ?
Ариун Сүнс бидэнтэй хайр, талархал, даатгал, нигүүлслийн гайхалтай өнгө аяс бүхий үгсээр ярьдаг. Тэдгээр үгсээрээ Тэр Тэнгэрбурханы үзэсгэлэнтэй, гэрэлтсэн, тодорхой, мөнхийн хайрыг бидэнд мэдрүүлдэг юм. Эцэг, Хүү хоёрын нэг нэгэндээ хэлдэг үгсийг Ариун Сүнс бидэнд хэлдэг. Хүнийг өөрчлөх хүчтэй хайрын үгсийг Ариун Сүнс бидний дотор давтдаг. Тэрхүү үгс нь бидний зүрхэнд хайрлах мэдрэмж, хайрлах сэдлийг төрүүлж нэмэгдүүлдэг үр жимстэй үгс билээ. Тэднийг сонсох нь бидэнд тустай.
Тиймээс бид Ариун Сүнсээр бичигдсэн Тэнгэрбурханы үг буюу Есүсийн үгсээр өдөр бүр өөрсдийгөө тэжээх нь чухал юм. Халаасны хэмжээтэй Сайн мэдээний айлдлыг биедээ авч явж, унших завдал гарсан үедээ аль нэг хэсгийг нь уншиж байгаарай гэж би хүмүүст олонтоо захидаг. Санваартан, яруу найрагч Клементе Ребора өдрийн тэмдэглэлдээ: "Үг миний дэмий яриаг намжаасан!" хэмээн эрс өөрчлөгдсөн тухайгаа бичсэн байдаг (Curriculum vitae). Тэнгэрбурханы Үг бидний өнгөцхөн яриаг дарж, нухацтай, сайхан, баяр баясгалантай үгсийг хэлэхэд хүргэдэг билээ. "Үг миний дэмий яриаг намжаасан!" Тэнгэрбурханы үгийг сонсох нь хий хоосон яриаг зогсоодог. Ингэснээр бид Ариун Сүнсний дуу хоолойд орон зай гаргаж өгдөг юм. Мөн бид Шүтэн бишрэхүйн чимээгүй залбирал, ялангуяа хайраас урган гарах энгийн, нам гүм залбирлыг мартаж болохгүй. Өөрийн зүрхэнд сайн сайхан үгсийг хэлснээр бид дараа нь бусдад сайн сайхан үгсийг хэлэх чадвартай болно. Ийн бид тэрхүү үгс Тайтгаруулагч буюу Ариун Сүнсний дуу хоолойноос ирж буйг таньдаг билээ.
Хүндэт ахан дүүс ээ, Сайн мэдээг уншиж тунгааж, чимээгүй залбирч, сайн сайхан үгсийг хэлж байх нь хэцүү зүйлс биш, харин бид бүгдийн хийж чадах зүйлс. Эдгээр нь доромжлох, уурлахаас илүү амархан... Тиймээс өөрсдөөсөө ингэж асууцгаая: эдгээр нь миний амьдралд ямар байр суурь эзэлж байна вэ? Ариун Сүнсийг илүү сайн сонсож, Түүний цуурай болохын тулд би тэднийг хэрхэн хөгжүүлэх вэ?
Пентэкостын өдөр элч нартай хамт байсан Мариа эх биднийг Ариун Сүнсний дуу хоолойд нээлттэй болгох болтугай.
Дараах үг
Эрхэм ахан дүүс ээ,
Ариун Сүнс бол эв эе, зохирлыг бий болгогч билээ! Тэр өөр өөр, заримдаа бүр зөрчилдөөнтэй зүйлсийг зохируулж чаддаг. Пентэкостын их баярын энэ өдөр Эцэг, Хүү хоёрын хайранд, Ариун Сүнсэнд залбирцгаая. Тэр хүмүүсийн зүрх, гэр бүл, нийгэм, дэлхийд эв эе, зохирлыг бий болгохын төлөө залбирцгаая. Ариун Сүнс өөр өөр урсгалын Христэд итгэгч нарын хооронд нэгдэл, ахан дүүсийн холбоог хөгжүүлж; улс орны удирдагч нарт дайныг зогсоох яриа хэлцлийг эхлүүлэх эр зоригийг өгөх болтугай. Өнөөдөр олон дайн болж байна. Украин улс, ялангуяа хоёр хоногийн өмнө халдлагад өртсөн Харьков хотынхныг санацгаая. Ариун нандин газар, Палестин, Израилыг бодоцгооё. Дайн болж байгаа газруудыг санацгаая. Ариун Сүнс энх тайвны хаалгыг нээхэд үндэстнүүдийн удирдагч нарыг болон биднийг чиглүүлэх болтугай.
Өчигдөр намайг халуун дулаанаар хүлээн авсан Верона хотын иргэдэд талархаж байгаагаа илэрхийлье. Веронагийнхан сайхан хүмүүс байсан шүү! Маш их баярлалаа. Веронагийн шорон болон шоронгийн хананы цаана амьдрал, найдвар цохилж байгааг гэрчилсэн хоригдлууд миний бодолд байна. Шоронгийн нийт ажилтнууд, тэр дундаа захирал, доктор Франческа Жиоенид чин сэтгэлээсээ талархъя.
Ром хот болон Италийн бусад хэсэг, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Ялангуяа Зүүн Тимор улсын хүмүүстэй мэндчилье - би удахгүй та нартай уулзана аа! Мөн Латви, Уругвайн хүмүүс, түүнчлэн Виржен де Каакупэгийн баярыг тэмдэглэж буй Ром дахь Парагвай хүмүүс, Люцерн хот дахь Португалийн католик шашин дэлгэрүүлэгч нарт энэ өдрийн мэндийг хүргэе.
Иммаколатагийн залуучууд болон энд байгаа гэлэнмаа нартай мэндчилье. Энд ирсэн тань сайн хэрэг! Беневенто, Порто Аззурро, Террачина хотынхон болон Ромын "Катерина ди Санта Роза" хүрээлэнгийн сүсэгтнүүдэд мэнд хүргэе.
Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.