АНЖЕЛУС Гэгээн Петрийн талбай 2024 оны 6 сарын 23, Ням гараг

Эрхэм ахан дүүс ээ, Ням гарагийн мэнд хүргэе!

Өнөөдрийн Сайн мэдээний айлдал бидэнд Тибериа нууран дээр шавь нартайгаа хамт байсан Есүсийн талаар өгүүллээ. Их салхи гэнэт босож, завь живэх аюулд өртөх үед унтаж байсан Есүс сэрээд, салхийг зандарч, бүх зүйл дахин нам гүм болдог (Марк 4:35-41).

Гэвч үнэндээ Есүс өөрөө сэрээгүй, шавь нар нь түүнийг сэрээсэн билээ! Айдаст автсан шавь нар нь Есүсийг сэрээсэн. Тэр орой нь Есүс өөрөө шавь нартаа завиар нуурыг гаталцгаая хэмээсэн юм. Шавь нар нь загасчид буюу тухайн орчинд дассан мэргэжилтнүүд байсан хэдий ч их салхи тэднийг сандаргасан бололтой. Энэ явдлаар Есүс тэднийг сорихыг хүссэн мэт санагдах боловч Тэр шавь нараа орхиогүй билээ. Тэр тэдэнтэй хамт завин дээр, тайван гэгч нь унтаж байсан. Их салхи босох үед Есүс тэнд байснаараа л шавь нараа тайвшруулж, зоригжуулсан агаад тэдэнд илүү их итгэлтэй байхыг уриалж, хамт аюулыг давсан билээ. Есүс яагаад тийн үйлдсэн юм бол?

Тэр шавь нарынхаа итгэлийг бэхжүүлж, тэднийг илүү эр зоригтой болгохыг хүсжээ. Шавь нар тэрхүү туршлагаас Есүсийн хүч чадлыг болон тэдний дунд байх Түүний оршихуйг илүүтэй ухаарсан. Тэд саад бэрхшээлийг даван туулахад, тэр дундаа Сайн мэдээг тунхаглахад илүү бэлтгэгдэж, хүчирхэгжсэн. Есүстэй хамт сорилтыг давсан тэд Сайн мэдээг бүх ард түмэнд хүргэхэд тулгарах цаашдын сорилтууд, тэр ч байтугай загалмай, тарчлалтай хүртэл хэрхэн нүүр тулах ёстойгоо мэдэж авдаг.

Есүс бидний дотор ч ижил зүйлийг Эвхаристаар дамжуулан хийж байдаг. Тэр биднийг Өөрийнхөө эргэн тойронд цуглуулж, бидэнд Өөрийн Үгийг өгч, Бие болон Цусаараа биднийг тэжээсний дараа замд гарч, сонссон бүхнээ бусдад дамжуулахыг биднээс хүсдэг. Хүнд хэцүү байсан ч бид хүлээн авсан зүйлээ өдөр тутам хүн бүртэй хуваалцах учиртай. Есүс биднийг сорилт, зовлон зүдүүрээс хэлтрүүлдэггүй, харин тэднийг даван туулахад тусалдаг билээ. Ингэхдээ Тэр хэзээ ч биднийг орхидоггүй. Тэр биднийг эр зоригтой болгодог. Бид Есүсийн тусламжтай сорилтыг даван туулах явцдаа өөрсдийнхөө чадамжаас давсан Түүний хүч чадалд улам ихээр итгэж сурдаг. Ийн бид тодорхойгүй байдал, эргэлзээ, төгсгөл болон тогтсон итгэл үнэмшлүүдтэй эр зориг, уужим зүрх сэтгэлээр нүүр тулж, Тэнгэрийн хаанчлал бий гэдгийг хүн бүрд дуулгах учиртай. Бид байгаа газраа Есүсийн хамтаар бүх саадыг даван туулж, Тэнгэрийн хаанчлалыг тэлж чадна.

Тэгвэл өөрсдөөсөө дараах асуултуудыг асууцгаая. Сорилт бэрхшээлтэй тулгарсан цагт би Эзэний оршихуй, тусламжийг мэдэрсэн үеүдээ эргэн санаж чаддаг билүү? Сэтгэл дотор болон гадна их салхи босох үед би үймж самуурдаг уу, эсвэл залбирал, нам гүм байдал, Үг, шүтэн бишрэхүй болон ахан дүүстэйгээ итгэлээ хуваалцах замаар Есүст ойртож амар амгаланг олдог уу?

Тэнгэрбурханы хүслийг даруухнаар, зоригтойгоор хүлээн авсан Цэвэр Охин Мариа бидэнд хүнд хэцүү мөчүүдэд Түүнд бүхнээ даатгахын амар амгаланг хайрлах болтугай.

 

Дараах үг

Эрхэм ахан дүүс болох Ром хотын иргэд, Италийн бусад хэсэг болон олон улсаас ирсэн мөргөлчид та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

Тэр дундаа Барселонагийн Сант Бой де Лобрегат болон Бари хотын сүсэгтнүүдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн “Амийг сонго” жагсаалд оролцогчид, Бассано дель Граппа хотын Альпийн хэсгийн “Эдельвейс” бүлгэмийн найрал дуучид болон энд дугуйгаар хүрэлцэн ирсэн Боллате хотын дугуйчдад мэндчилгээ дэвшүүлье.

Бүгдээрээ Украйн, Палестин, Израилын энх тайвны төлөө үргэлжлүүлэн залбирцгаая. Энд Израилын туг харагдаж байна... Өнөөдөр би Санти Куаранта Мартири сүмээс ирэх замдаа мөн Израилын тугийг харсан - энэ бол энх тайвны төлөөх дохио байж таарна! Энх тайвны төлөө залбирцгаая! Палестин, Газа, Конго улсын хойд хэсэгт... энх тайван тогтохын төлөө залбирцгаая! Маш ихээр шаналж буй Украйнд ч энх тайван тогтох болтугай. Амар амгалан орших болтугай! Улсуудын удирдагч нарын бодол санааг Ариун Сүнс гэгээрүүлэн, тэдэнд мэргэн ухаан, хариуцлагын мэдрэмжийг төрүүлж, улмаар тэд сөргөлдөөнийг өдөөж болох аливаа үйлдэл, үг хэллэгээс зайлсхийн зөрчилдөөнийг тайван замаар шийдвэрлэхийн төлөө тууштай хичээх болтугай. Зөрчилдөөнийг шийдвэрлэхийн тулд тохиролцоонд хүрэх шаардлагатай билээ.

Өчигдөр Ром хотын Санти Куаранта Мартири э Сан Паскуале Бэйлон сүмд 44 жил амьдарсан Францисийн бүлгэмийн санваартан Мануэль Бланко насан эцэслэв. Тэр сүмийнхээ ахлах санваартан, наманчлал сонсогч, зөвлөх хүн нь байсан. Түүнийг дурсахын сацуу би Ромын сүмийг хүндэтгэдэг Францисийн бүлгэмийн ахан дүүс, наманчлал сонсогч, номлогч нарыг дурсмаар байна. Та бүгдэд баярлалаа!

Бүгдэд нь Ням гарагийг сайхан өнгөрүүлэхийг хүсье. Миний төлөө залбирахаа мартуузай. Үдийн хоолоо амтархан идээрэй, arrivederci.

23 June 2024, 17:52

The Angelus is a special prayer recited by Catholics three times a day, at 6am, noon, and 6pm and is accompanied by the ringing of the Angelus bell. The name comes from the Latin word for Angel and the prayer itself reminds us of how Jesus Christ assumed our human nature through the Mystery of the Incarnation.
The Pope recites the Angelus prayer in St Peter’s Square every Sunday at midday.
He also gives a brief reflection on the Gospel of the day and often comments on some issue of international concern. The Pope’s words are broadcast all over the world on radio and television and widely shared on social media.
From Easter to Pentecost the Regina Coeli is prayed instead of the Angelus. This prayer commemorates the Resurrection of Jesus Christ and, like the Angelus, concludes with the recitation of the Gloria three times.

Latest Angelus / Regina Coeli

Бүгдийг унш >